ПАРИСЫН ХАЛДЛАГА ДЭЛХИЙГ ЦОЧИРДУУЛЛАА
Өнгөрөгч шөнө Франц улс өөрийнхөө буурал түүхэнд учирч байгаагүй өндөр зохион байгуулалттай, асар харгис, цаг хугацааны хувьд сайн тооцоолсон алан хядагчдын цуврал халдлагад өртөж 153 иргэдээ алдлаа. Парис хотын 10-р тойрогт орших ресторан руу террористууд довтоллоо гэсэн дуудлага цагдаагийн газар ирээд удаагүй байтал тэд үргэлжлүүлээд 11-р тойрогт байрлах “Батаклан” театрт жүжиг үзэж байсан үзэгчид рүү довтолжээ. Тэдний үйлдэл харгис гэхэд “зөөлдөхөөр” байв.
Жьюлен Пирс хэмээх сэтгүүлч үйл явдлын газар дээрээс бичихдээ “Алуурчдын хоёр нь лав АК-47 автомат буутай байсан. Тэд 10-15 минутын туршид завсаргүй галлаж хүмүүсийг буудсаныхаа дараа шархадсан хүмүүсийг шалгаж амьд байгааг нь хутгаар хэрчин гүйцээж байсан. Тэд нүүрэндээ элдэв баг зүүлгүй, нууж хаалгүй аллагаа үйлдэж байсан нь тэднийг шийдчихсэн алуурчид байсан гэдгийг батална” гэсэн байна.
Энэ үед Францын Ерөнхийлөгч Олланда хөлбөмбөгийн тэмцээн үзэж байсан. “Стад де Франс” цэнгэлдэх хүрээлэнд Франц, Германы хөлбөмбөгийн шигшээ багуудын нөхөрсөг тоглолт зохиогдож байсан бөгөөд энд ч бас халдлага болсон. Цэнгэлдэхийн гадаа дэлбэрсэн гурван дэлбэрэлтийг эхний мэдээллээр амиа золиослогчид үйлдсэн байх магадлалтай бөгөөд багаар бодоход жар орчим хүн амь үрэгдсэн гэж мэдээлж байна. Ерөнхийлөгч Франсуа Оллландаг цэнгэлдэхээс хамгаалалтын дор ордон луу нь шилжүүлсэн бөгөөд Ерөнхийлөгч өнөөдрөөс эхлэн Франц даяар хөл хорио тогтоож хил хязгаараа хааж буйг зарлав.
Театр руу довтолсон алан хядагчдын нэгийг нь цагдаагийнхан баривчилсан гэх ба тэр этгээд өөрсдийгөө ИГИЛ-ийн гишүүд гэдгээ хэлсэн гэнэ. Парис хотын захирагч Патрик Клугман хэлэхдээ “Бид түүхэндээ үзэж байгаагүй харгис балмад халдлагад өртлөө” гэжээ.
“ЦУСТ БААСАН ГАРИГ”
Франц улсыг цочроосон 13-ны “цуст” баасан гаригийн аллагын тойм цаг өнгөрөх тусам шинэ мэдээллээр шинэчлэгдэн үйл явдлын дараалал тайлагдсаар байна.
Парис хотын цагдаагийнхны өгсөн албан ёсны мэдээллээр бол алан хядагчид Парисын долоон дүүрэгт зэрэг шахуу халдлага үйлдэж эхэлсэн байна. Одоогийн байдлаар найман алан хядагч оролцсон байх магадлалтай байгаа юм. Тэдний долоо нь энэхүү халдлагын эхнийхэд нь 11-р дүүргийн нутаг дэвсгэрт байрлах рестораны үйлчлүүлэгчид, тэр орчим байсан оршин суугчид өртсөн бол тун удалгүй “Баталкан” театрын үзэгчид, “Стад де Франс” цэнгэлдэх хүрээлэнд хөлбөмбөг үзэхээр очсон хөгжөөн дэмжигчид, Сена голын баруун эргийн хавьцаа гадаа алхаж явсан иргэд өртсөн юм.
Сүүлийн үеийн мэдээллээр энэхүү халдлагаас болж нийт 153 хүн амиа алдан хоёр зуу орчим иргэд шархадсан гэсэн тоог дэлхийн томоохон хэвлэл мэдээллийн байгууллагууд цацаж байна. Гэхдээ энэ тоо цаашид ч өсөх магадлалтай гэдгийг бас онцлоод байгаа юм.
“Баталкан” театрын дотроос амьд мултарч гарсан нэгэн “тэр алуурчин “Сири улсын төлөө” гээд хашгирч байсан” гэж хэлэв. Театрт Америкийн “Eagles of Death Metal” рок хамтлагийн тоглолт 1500 үзэгчийн өмнө зохиогдож байсан, энэ хамтлагийн нэг гишүүн амь үрэгдсэн байх магадлалтай байна. Түүнчлэн алан хядагчдыг бузар үйлдлээ хийж байх үед цагдаагийнхан тэдэнтэй хэлэлцээр хийх гэж удсан, цаг хугацаа алдаж олон хүнийг аврах боломжийг алдсан гэх шүүмжлэл ч гарч эхэллээ.
ХАЛДЛАГА ҮЙЛДЭГДСЭН ГАЗРУУДЫГ ЗАРЛАЛАА
Франц улсын Ерөнхийлөгч Франсуа Олланд хамгийн олон хүн амь үрэгдсэн “Баталкан” театрын дэргэд очиж нөхцөл байдалтай танилцан эмгэнэл илэрхийллээ. Тэрбээр улс орондоо хөл хорио тогтоож буйгаа зарлаад “Алан хядагчид манай улсын нутаг дэвсгэрээр чөлөөтэй зорчиж, хүссэн үедээ гарч явах боломжийг нь хаана. Тэд Францын ард түмнийг энэхүү үйлдлээрээ айлгалаа гэж бодож байгаа бол том алдаа шүү. Бид улам эв нэгдэлтэй болж та нарын эсрэг илүү хүчтэй, илүү өргөн талбайгаар довтлох болно” гэж хэллээ. Дэлхийн тэргүүлэх улсын удирдлагууд ч бас эмгэнэл илэрхийлэнгээ Фрацын ард түмэнтэй энэ хэцүү үед сэтгэл нэг байгаагаа мэдэгдсээр байна. АНУ-ын Ерөнхийлөгч Обама “Энэ бол гэм зэмгүй, энгийн номхон франц иргэдийг айлган сүрдүүлэхийг оролдсон асар балмад алан халдлага байлаа. Америкийн алд түмэн энэ хүнд нөхцөлд та бүхэнтэй хамт байж хэрэгтэй үед бүхий л талаар туслахад бэлэн байна” гэж хэлэв.
Халдлага болсон газрууд:
Театр “Батаклан”, Вольтерын цэцэрлэгт хүрээлэн 50, 11-р тойрог – барьцаалалт
Le Carillon, Алибер гудамж 18, 10-р тойрог – зэвсэгт халдлага Le Petit Cambodge, Алибер гудамж 20, 10-р гудамж – зэвсэгт халдлага
La Belle Equipe, Шаронн гудамж 92, 11-р тойрог – зэвсэгт халдлага
“Стад де Франс” цэнгэлдэх хүрээлэн, Сен-Дени, Парис хотын хойд хэсэг – дэлбэрэлт (хэсэг амиа золиослогчдын дэлбэлсэн дэлбэрэлт байх магадлалтай). Францын шигшээ баг Германы шигшээ багийн эсрэг тоглож эхлэх эхний үед
Ресторан “La Casa Nostra” де ла Фонтен дю Руа гудамж, 11-р тойрог – зэвсэгт халдлага
Өнөөдөр Францын ард түмэнд сэтгэлийн дэм өгөхөөр, тэдэнтэй хамт байгаа гэдгээ илэрхийлж, дэлхийн томоохон байгууламж болох Австралийн Сиднейн дуурийн театр, Торонтогийн цамхаг, дэлхийн худалдааны төв зэрэг газрууд Францын гурван өнгөт төрийн далбааны өнгөөр гэрлэн чимэглэлээ асааж хүндэтгэл үзүүлэв.
Б.ХУЛАН