Categories
мэдээ нийгэм

Барилгын тухай хуулиар хэлэлцүүлэг өрнүүлэв

Өнөөдөр Барилгын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн барих ажлын хүрээнд БХБ-ын сайд З.Баянсэлэнгэ, төрийн болон мэргэжлийн төрийн бус байгууллагууд, салбарын ахмад ажилтнуудын төлөөллүүд хэлэлцүүлэг өрнүүллээ. Хуулийн төсөл боловсруулах ажлын хэсэг 2012 оноос хойш дөрвөн удаа шинэчлэн байгуулагдаж байна. Барилгын салбарын чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг төрийн бус 14 байгууллага, НЗДЕГ, салбарын эрдэмтэн, судлаачдаас 168 санал ирсний 122 санал буюу 73,5 хувийг хуулийн төсөлд тусгажээ.

Хууль батлагдсанаар:

– Барилгын салбарт, оролцогчдын үүрэг, хариуцлагын тогтолцоо тодорхой болгох,

– Барилгын салбарын стандарт норматив баримт бичгийг дэвшилтэт теник, технологийн шинэчлэлтэй нийцүүлэх,

– Барилга байгууламжийн төлөвлөлтийг газрын харилцааны асуудалтай нягт уялдуулан зохион байгуулах,

– Бизнес эрхлэх таатай эрх зүйн орчин бүрдүүлэх,

– Төрийн зарим чиг үүргийг ТББ гүйцэтгэх эрх зүйн орчин бүрдэх боломжтой гэж үзэж байгаа юм.

БХБ-ын сайд З.Баянсэлэнгэ, “Барилгын тухай хууль анх 1998 онд батлагдсан. Цаг үеэ даган хуулиа шинэчлэх шаардлага зайлшгүй тулгарч байна. Одоогийн хууль 7 бүлэг 26 зүйлтэй, үүнийг 9 бүлэг 53 зүйлтэй болгон өөрчилсөн. Барилгын салбарт үйл ажиллагаа эрхлэгч, хэрэглэгч, иргэний эрх үүргийг тодорхой болгон бүхий л асуудлыг шийдвэрлэхээр зохицуулсан. Түүнчлэн барилгын үйл ажиллагаа эхлэхээс дуусгах хүртэлх харилцааг зохицуулсан. Барилгын тусгай зөвшөөрөл авах шат дамжлагыг багасгасан” гэлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *