УИХ-ын гишүүн Ц.Нямдорж цаг үеийн байдалтай холбогдуулан дараахь тодруулгыг өглөө.
–Үндсэн хуулийг өөрчлөх төслийг Их хуралд өргөн барьчихлаа. Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар ямар байр суурьтай байгаа вэ. Ард нийтийн санал асуулга явуулах болж байна аа даа?
-Монголын төрийг самрах ажлаа хийж байгаа юм байлгүй. Арваннэгдүгээр сарын 6 их хачин өдөр болж өнгөрлөө. Монгол төрийн тогтолцоог орвонгоор нь эргүүлэх Сонгуулийн хуулийн өөрчлөлт л гэнэ. Түүгээр нь гурван сонгуулийг нэг хуулиар явуулах юм гэнэ. Үндсэн хуульд өөрчлөлт оруулна л гэнэ. Ард нийтийн санал асуулга хийх л юм гэнэ. Энэ бүх үйл явцыг хараад байхад цэлмэг тэнгэрээс гэнэт бороо ордог шиг тийм зүйл боллоо. Наадах чинь бүтэхгүй ээ.
Нэгдүгээрт, энэ Их хуралд Үндсэн хуулийн өөрчлөлтийг хэлэлцэх ёс суртахууны эрх байхгүй. Энэ Их хурал байгаа үед Үндсэн хуулийн өөрчлөлтийг хэлэлцэж огт болохгүй. Нэр нүүрээ барсан ийм Их хурал Үндсэн хуульд өөрчлөлт оруулна гэж юу байдаг юм.
Хоёрдугаарт, энэ өөрчлөлтийн талаар манай нам Удирдах зөвлөлөөрөө болон ямар ч шатны хуралдаанаараа хэлэлцээгүй. Ялангуяа Ард нийтийн санал асуулга явуулна гэдгийг бүр ч яриагүй. Өөрчлөлт оруулна гээд байгаа төслийн доторх нарийн ширийн зүйлсийг нь одоо л уншиж эхэлж байна. Арваннэгдүгээр сарын 6-нд өргөн мэдүүлчихээд бүлгээр хэлэлцүүлэн энэ сарын 26-нд ард нийтийн санал асуулга явуулна гээд байна. Ийм хугацааны хайрцагт орчихоод байгаа юм. Нэгэнт хэлэлцэж амжихгүй өөрчлөлтийг хэлэлцэж цаг алдаж яадаг юм. Д.Дэмбэрэл УИХ-ын дарга байх үед баталсан Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн тухай хууль гэж байдаг юм. Тэр хуулиар нарийн дэг журмыг нь заагаад өгчихсөн. Нарийн дэг журмыг зөрчиж санал асуулга явуулах гэсэн луйвар явагдаж байна л даа.
–Луйвар гэдэг нь…
-Тэр хуульд зааснаар сонгуулийн хугацаанаас зургаан сарын өмнө Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж болохгүй гээд заачихсан. Өргөн барьсан төслийн нэг, хоёрдугаар хэлэлцүүлгийг хийгээд, заалт тус бүрээр нь санал хураалт явуулаад ард нийтийн санал асуулга явуулахаар болбол санал асуулгад оруулах заалт бүрийг эцэслээд УИХ-аар хоёрдугаар хэлэлцүүлгээр дэмжигдсэн төслийг ард нийтэд санал асуулга явуулна гээд хуульд нь заачихсан байгаа. Өргөн мэдүүлсэн төсөл дотор нь юу гэсэн байна вэ гэхээр УИХ-ын нэр бүхий 11 гишүүний өргөн мэдүүлсэн төслийг УИХ-аар хэлэлцэх нь зүйтэй гэсэн томъёоллоор санал асуулга явуулах гэж байгаа. Тэгээд хэлэлцэх нь зүйтэй гээд санал асуулгаар шийдчих юм бол хэлэлцээд тэрийг нь өөр болгочихвол яах вэ. Санал асуулгын Үндсэн хуулийн заалт дотор санал асуулгаар нэгэнт тогтсон зүйлийг хэрхэвч өөрчилж болохгүй гэсэн хатуу заалттай. Ингээд ерөнхий том зургийг нь хараад байхад анхаарал нь төвлөрч байгаа хүнд асуудлаас холдуулж цаг хугацаа хожих гэсэн илт төрийн луйвар явагдаж байна гэж би ойлгоод байгаа. Наадах чинь батлагдаж чадахгүй. Нэмэлт өөрчлөлт оруулах хууль бол жишээ нь олон нийт, улс төрийн намуудын оролцоог дээд зэргээр хангаж зохион байгуулна гэж байгаа. Ерөнхийлөгчөөс ирүүлсэн санал тэр хуулийнхаа заалтын 5.1.1-ийг хэрэгжүүл гэсэн үгтэй юм байна лээ. Нэгэнт энэ батлагдахгүй учраас буруу, зөв гэж ярих нь утгагүй асуудал. Өчигдөр (уржигдар) манай намын бүлэг дээр яриад санал асуулгыг дэмжихгүй гэсэн шийдвэр гарсан. Энэ нь УИХ-ын 57-оос доошгүй гишүүн энэ өргөн мэдүүлсэн төслийг хоёрдугаар хэлэлцүүлгээр оруулаад дэмжих юм бол цаашаа санал асуулгад орно. 57 нь одоо байхгүй байгаа учраас наадах чинь цаашаа явахгүй. Бас нэг анхаарах зүйл байна.
–Тэр нь юу вэ?
-Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг УИХ нэгэнт хэлэлцэж эхэлсэн бол өөр ямар ч асуудал хэлэлцэж болохгүй гэж тэр нэмэлт өөрчлөлт оруулах хууль дотор байгаа. Хэрвээ үүнийг Байнгын хороогоор хэлэлцээд эхэлбэл УИХ энэ төсөв хэлэлцдэг асуудлаа зогсоохоос өөр аргагүй байдалд хүрнэ. Зохион байгуулалтын шинжтэй ганц нэг асуудал хэлэлцэж болно. Хууль, бусад шийдвэрийн төслийг энэ Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хэлэлцээд эхэлсэн бол хэлэлцэж болохгүй гэсэн хуулийн заалттай. Ер нь бол Сонгуулийн хуулийн хэлэлцүүлэг ч байхгүй гэсэн үг л дээ. Зохион байгуулалтын шинжтэй ганц нэг асуудлыг хэлэлцэнэ л гэж байгаа. Ийм учраас наадах чинь УИХ-ын төлөө Үндсэн хуулийг сайжруулах санал гэхээсээ илүү улс төрийн ээлжит жүжиг тавигдаж байна гэж харагдаж байна.
–Ер нь Үндсэн хуульд өөрчлөлт оруулах шаардлага байгаа юм уу. Та юу гэж бодож байна?
-Шаардлага байх нь бол байгаа. Гэхдээ тэр шаардлага жишээ нь энэ Засаг дарга нарыг томилдог системд шилжих ёстой гэж би ярьдаг хүн л дээ. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлыг ярихын тулд ёс суртахуунтай нэр нүүртэй байх хэрэгтэй шүү дээ, нэгдүгээрт. Энэ УИХ шиг нэр нүүрээ барсан хурал байна уу. Гурван сар Өршөөлийн хууль хэлэлцдэг Их хурал гурав хоногийн дотор Үндсэн хуульд өөрчлөлт оруулна гэж байхгүй.
–Дараагийн парламент нь чадна гэсэн баталгаа байна уу. Бүр дордоод ороод ирвэл яах вэ?
-Дордоод ороод ирвэл өөрчлөлт орохгүй л гэсэн үг. Дордох хувилбар байж л таараа. Би жишээ нь дараагийн парламент олигтой бүрэлдэхүүнтэй парламент гарна гэдэгт ерөөсөө итгэхгүй байгаа хүн. Одоо байж байгаа царайг нь хар л даа. Сайн дурын жүжигчид л самарч байна. Тэгэхээр одоогийн энэ хямрал, бүх юмны бурууг Үндсэн хууль руу чихээд гарах ийм улс төрийн оролдлого явагдаад байна. Одоогийн энэ Үндсэн хууль мөрдөгдөж байсан энэ хугацаанд эдийн засаг 10 хувьтай ч өсч байлаа. Зургаан хувьтай ч өсч л байсан. Төр донслохгүй, айвуу, тайвуу ажлаа хийж болдог л байсан. Асуудал Үндсэн хуульдаа биш, Үндсэн хуулийн дагуу төр түшиж байгаа түшээдэд л ийм сонирхол байгаа.
-2016 онд Үндсэн хуульд өөрчлөлт хийх ёстой юм байна гэж ойлгож болох уу?
-Би тэгж бодохгүй байна. Үүнийг нарийн ярих асуудал. Зөв гэж байсан юм чинь буруу тийшээ эргэчих гээд байна. Энэ Их хурал, энэ олигархи чинь энэ бүрэлдэхүүнээрээ явбал Ерөнхийлөгчийг ард түмнээс сонгодгийг болиулах дүр зураг харагдаад байна. Өргөн барьсан энэ төслөөр чинь Ерөнхий сайд гэдэг жигтэйхэн амьтан гарч ирээд бүх сайд нараа томилоод Засгийн газрыг Их хурлын хяналтгүй болгоод, дургүй нь хүрвэл Их хурлаа тараагаад хаячихдаг дарангуйлагч гарч ирэх гээд байна. Тэр нь мөнгөнд идэгдсэн олигархижсан, гэмт хэргийн үүр уурхай болчихсон Ерөнхий сайд гарч ирвэл яана. Ийм хувилбар байж л байгаа шүү дээ. Тарахаасаа айгаад Их хурал нь ч юм ярьж чаддаггүй цаад талд нь бөөн идэлт уулт, олигархижсан Ерөнхий сайд дийлдэхээ байвал яана. Тэгэхээр өргөн барьсан энэ төслийг хэрхэвч дэмжиж болохгүй. Эд хүчээр шийдээд санал асуулга руу явах хэмжээнд хүрвэл би санал асуулгад битгий оролц гэж уриална. Огт болохгүй. Энэ их сонин. УИХ 99 гишүүнтэй болох юм гэнэ. Есөн яамтай болох юм гэнэ. Гурван есийн тоо байгаа биз. Ноднин 888 төсөл гэж нэг юм гаргаж ирээд нураад дууссан. Одоо тэгээд 999 болж байгаа юм байна л даа. Энэ дотор дандаа бөөгийн тоонууд явж байна.