Categories
мэдээ улс-төр

Г.Шийлэгдамбын оронд Ц.Шаравдоржийг томилох уу

МАХН-ын сайд нар Эрүүл мэнд, спортын яамыг сүүлийн хэдэн жил удирдсан. Н.Алтанхуягийн тэргүүлсэн Засгийн газар огцроход Н.Удвал сайдын халааг МАХН-ын генсек Г.Шийлэгдамба аваад байсан юм. Түүнийг Авлигатай тэмцэх газраас авлига албан тушаалын хэргээр баривчилж 461 дүгээр хорих ангид саатуулаад байгаа. Энэ хугацаанд тэрээр Ерөнхий сайдад захидал бичиж албан тушаалаасаа татгалзсаныг хүлээн авсан талаар Засгийн газрын хэвлэлийн албанаас мэдээлж байсан.

Тэгвэл одоо Эрүүл мэнд, спортын сайдаар МАХН-аас хэн сонгогдох нь анхаарлын төвд байгаа. Өнөөдөр МАХН, МҮАН-ын Шударга ёс эвслийн УИХ дахь бүлэг хуралдлаа. Уг хуралдааны дараа ”Шударга ёс” эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэг мэдээлэл хийсэн юм. Тэрээр энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлуудад “Шударга ёс” эвсэл ямар байр суурьтай оролцох талаар саналаа нэгтгэсэн тухайгаа ярилцжээ. Харин Г.Шийлэгдамбын оронд хэнийг сайдаар томилох гэж буйг тодруулахад “Бүлгийн хуралдаан дээр тийм зүйл өнөөдрийн хурлаар яриагүй” гэсэн юм.

Зарим эх сурвалжийн мэдээлснээр Эрүүл мэнд, спортын сайдад Ц.Шаравдоржийг томилох магадлалтай гэнэ. Харин МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн даргад саяхан тус намд дуулиантайгаар элссэн Ж.Сүхбаатарыг тавихаар ярилцсан гэнэ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *