“Дархан минж” компани дизайнер Ариунаа Сүритэй хамтран “Snow 2016” загварын шоуг зохион байгуулахаар болжээ. Монгол хонины нэхийг шинэлэг технологиор хэрхэн сайжруулж, шинэ брэнд загварыг гаргасныг уг шоугаар харуулахаар зорьж байгаа аж. Загварын шоу арваннэгдүгээр сарын 14-нд “Crocus Event Hall” танхимд болох юм. Энэхүү арга хэмжээ нь олон сонирхолтой үзүүлбэрээр дүүрэн бөгөөд гадны нэртэй загвар өмсөгчид ирж оролцоно. Ингээд загвар зохион бүтээгч Ариунаа Сүригээс зарим зүйлийг тодрууллаа.
-Энэ удаагийн загварын шоугаар дамжуулан Монголын цоо шинэ брэндийг гаргаж ирнэ гэж сонслоо. Шинэ брэндийн онцлог?
-Брэндийн онцлог нь “Дархан минж” компанийн зөөлөн уян нэхийн дээр суурилуулан гаргаж байгаа. Технологи нь маш нарийн хийцтэй, Европт 2014 онд гарч ирсэн технологийг ашиглаж боловсруулсан. Нэхий нь маш өндөр өртгөөр гарч ирж байна. Тэгэхээр энэ нэхий загварууд маань өмнө нь гарч байсан нэхийнээс яалт ч үгүй үнэтэй. Үүнийг манайхан ойлгох байх. Турк нэхийг дөрөв, таван саяаар худалдан авч байхаар Монголынхоо турк нэхий шиг нэхийг худалдан авч өмсөөрэй гэх байна.
-Ямар үнэтэй вэ?
-Үнийн хувьд дотоод зах зээл дээрээ 1-2 сая төгрөгийн хооронд төлөвлөж байгаа, гадаад зах зээл дээр арай өндөр үнэтэй борлуулагдах болов уу.
-Загварынхаа сэдэв, нэр, логонд яагаад “Мазаалай” баавгайг сонгосон юм бэ. Ний нуугүй хэлэхэд үнэхээр даанч өрвийсөн муухай амьтан шүү дээ. Үр төлөө идчихдэг гэсэн. Ач холбогдол тун бага, мөхөж сөнөж байгаа амьтан гээд л зарим хүмүүс мазаалайд ам муу байхыг сонссон?
-Мазаалай байвгайг сэдэв дээрээ түлхүү оруулж байгаа. Мазаалай баавгай гэхээр хүмүүс юу гэсэн үг юм, ийм эв дүүгүй, царай муутай амьтнаар сэдэв болгоод гэх байх. Гэхдээ тийм биш ээ. Мазаалайны сэдэвтэй гэхээр заавал нэг өрвийсөн арзайсан юм гаргана гэсэн үг биш. Мөн мазаалай баавгай дэлхий дээр ганцхан Монголд үлдсэн. Говь-Алтай аймагт ердөө 22-хон тоо толгой мазаалай байдаг юм билээ. Бид энэхүү шоугаараа дамжуулж мөхлийн эрмэгт ирээд буй мазаалай баавгайг хүн бүхний анхааралд хүргэж, хамгаалах, өсгөж үржүүлэх боломжийг эрэлхийлж байна. Загвараар хүнд маш их мэдээлэл, сэдлийг төрүүлж болно. Хятад л гэхэд хулсны баавгайгаа хамгаалж, хүмүүсийн анхаарлыг татахын тулд ийм шоу хийж байсан.
-Хонины нэхий төрөлхийн өтгөн шигүү үстэй байдаг. Түүнд нь тохируулж загвараа бүтээх хэр хүндрэлтэй байв?
-Ийм юмнаас л загвар зохион бүтээгч хүний ур чадвар, авьяас харагддаг. Мэдээж хав хатуу юмаар уян дизайнд тохирсон юм гаргаад байж болохгүй. Арьс маань янз янзын онцлогтой. Хониныхоо наснаас хамаараад. Маш нарийн мэдрэмж шаардсан ажил. Хонины арьсан дээр ажиллахад л хамгийн зөөлөн, арай зөөлөн, үстэй үсгүй гэж хувааж байгаад тохируулан загвараа гаргах жишээтэй.
-Шоунд танилцуулах загварууд тань өдөр тутам өмсч болох энгийн загварууд байх уу, аль эсвэл авангард маягийн өвөрмөц загварууд байх уу?
-Өдөр тутам өмсөхөд бэлэн загвар байдаг. Мэдээж хэрэг дэлхий дахинд хэдэн саяар давтагдчихсан загвар хийхээс илүүтэй монгол хэмнэл агуулсан, гэхдээ хэтрүүлчихсэн биш, яг донж маяг нь таарчихсан загвар бий.
Та бүхэн шууд аваад өмсөхөд ч боломжтой загваруудыг анхаарч хийсэн.
-Шоунд гадны хоёр загвар өмсөгч ирнэ гэсэн. Тэдний талаар илүү тодруулаач?
-Мэдээж хэрэг үйл ажиллагаагаа өргөн цар хүрээнд хийхийн тулд гаднаас моделиуд авчирч загвараа танилцуулж байгаа. Монгол брэндээ дэлхийн зах зээлд гаргахын тулд гадны загвар өмсөгчдөөр өмсүүлж сурталчлуулах шаардлагатай.
Тэднийг дагаад олон улсын загварын салбарын телевизүүд, хэвлэл мэдээллийнхэн хамт явж байдаг болохоор урьсан юм. Норвегийн загвар өмсөгч Энок Гровен оролцоно. Загварын салбарт нэлээд олон жил ажилласан, нэртэй загвар өмсөгч. Өвөрмөц төрхтэй учраас онгон дагшин байгальтай Монголын онцлогийг илүү харуулж чадах болов уу гэж бодсон. Мөн Германы загвар өмсөгч Ребека Кью оролцоно.
-Тэд каталогийн зураг авалтад орох болов уу?
-Каталогийн зургаа Говь-Алтай аймагт авахаар явах гэж байна. Говь-Алтай аймгийг сонгох болсон нь мазаалайтай холбоотой. Загварын өнгө төрхөнд тохирсон байгаль тэнд байгаа.
Үүнд тулгуурлан Монголынхоо байгалийг сурталчилж гоё талаас нь үзүүлэхээр зорьж байна. Бид маш олон хүнд нэг зэрэг хүрдэг учраас буруу алхам хийж болохгүй. Загвараа зөв сурталчлах ёстой. Зургаа авсан ч гэсэн стандартад нийцэх хэмжээний зураг авмаар байна.
-“Fashion TV”-тэй хамтран зохион байгуулж байгаа гэсэн. Шоу Fashion телевизээр гарах уу?
-“Fashiоn channel”-ийн хамт олон найруулга, тухайн өдрийн бүх процессыг зохион байгуулж хариуцан ажиллана. Энэ нь манай загварын салбарынханд, тэр тусмаа над шиг загвар зохион бүтээгчид маш том тус дэм. Бүх л юмаа өөрөө зохицуулахын оронд нэг том баг хамт олон гарч ирээд хамтран ажиллаж байгаад баярлаад баршгүй юм. Хэдэн жилийн өмнө ийм байгаагүй. Өөрөө бүгдийг нь хийдэг байсан. Аливаа зүйл хөгжих тусам бид нар танилцуулах арга барилаа улам нарийн чанартай, далайцтай болгоно. Дараа дараагийн шоунд гадны том том брэнд дэлгүүрийн эзэд, загвар сонирхогчид ирэх боломжийг нээж өгч байгаа юм. “Fashiоn channel”-ийн хамт олондоо баярлалаа гэж хэлье. Мөн бидний ард маш олон оёдолчин, уран бүтээлч байдаг. Тэр бүх хүмүүстээ баярлалаа.
-Гадны моделиуд ирнэ гэж байна. Тэднийг дагаад гадны загвар зохион бүтээгчид, шүүмжлэгчид бас ирэх болов уу?
-Ер нь маш олон загварын салбарынхан оролцоно. Шүүмжлэгчид ирвэл илүү сайн л байна. Шүүмж гэдэг чинь ганцхан муулаад байхыг хэлж байгаа юм биш.
Сайн мууг нь маш оновчтой хэлж зөвлөнө гэдэг бидний цаашдын ажилд жинтэй хувь нэмэр болно гэсэн үг.
Бидний хувьд ч гэсэн шүүмжлэгчдийг сонсохыг маш их хүсч байгаа.
-Танай загварууд яг хэзээнээс худалдаанд гарах вэ?
-“Snow 2016” загварын шоу маань энэ сарын 14-ний өдөр болно. Шоу танилцуулга хийгдсэний маргааш өдрөөс Улаанбаатар их дэлгүүрийн салбар дэлгүүрүүдээр худалдаалагдаж эхэлнэ дээ.
-Баярлалаа. Танай шоу арга хэмжээнд амжилт хүсье.