Categories
мэдээ нийгэм

Цаасан сонин хамгийн баталгаатай нь судалгаагаар нотлогджээ

Өмнөд Солонгосын хэвлэл мэдээллийн судалгаа шинжилгээний
байгууллага өнгөрсөн сард нэг сонирхолтой тандалт хийжээ. Иргэд нь хэвлэл
мэдээллийн аль хувилбарыг түлхүү хэрэглэдгийг мэдэх гэж хийсэн судалгаа юм
билээ. Судалгаанд хамрагдсан солонгосчуудын 98.2 хувь нь өдөр тутмын сонинг
мэдээллийн гол хэрэгсэл хэмээжээ. Тэгэхээр ажилсаг хичээнгүй, юмны наад цаад
учрыг ухаж байж шийдвэр гаргадаг, боловсролын чанар нь дэлхийд дээгүүр үнэлэгддэг
солонгосчуудын мэдээллийн гол хэрэгсэл өдөр тутмын сонин байх нь. Өглөөг шинэ
сонин уншиж эхлүүлэхийг илүүд үздэгийг сая онцолсон судалгааны хариу бэлхнээ
хэлээд өгчихөж байна. Солонгосын хэвлэл мэдээллийн судалгаа шинжилгээний
байгууллагын ажилтан “Иргэдийн интернэтээс мэдээлэл авах хувь өндөр л дөө. Гэхдээ
мэдээллийн гол хэрэгсэл гэж үздэггүйг бидний судалгаа хэлээд өглөө. Үнэн зөв
мэдээллийг авах гол суваг нь өдөр тутмын сонин гэдгийг судалгаанд оролцсон бүх
хүн хүлээн зөвшөөрсөн. Бас тэд цаасан
сонин захиалж уншдаг шалтгаанаа үнэн зөв мэдээлэл хүргэдэг учраас гэж тайлбарласан” хэмээн ярьжээ.

Энэ байгууллагын судалгааг компаниуд хүлээн зөвшөөрч, бизнестээ
ашигладаг гэхээр бодитой, үнэн эсэх тал дээр нь элдвийг нурших илүүц байх.

Ер нь тийм л дээ. Компаниуд гэхэд реклам сурталчилгаагаа цаасан
сонин дээр тавихыг илүүд үздэг. Хэзээнээсээ
тийм байсан. Одоо ч ялгаагүй. Шалтгаан нь тодорхой. Цаасан сонин
телевиз, сайтаас өчнөөн талаараа давуу учраас тэр.

Манай улсад гэхэд л өчнөөн телевиз ажиллаж байна. Үй олон
телевизийн аль нэгэнд нь рекламаа өглөө
гэж бодъё. Өнөө рекламыг нь хүмүүс үзсэн эсэх нь эргэлзээтэй. “Хөдөөгийн энэ
олон замын алинаар нь явах вэ та минь ээ” гэдэг шиг телевизийн суваг дунд төөрсөн
энэ цагт цэнхэр дэлгэцээр бүтээгдэхүүнээ сурталчилна гэдэг аймаар том эрсдэл.
Компаниуд сонинд рекламаа нийтлээд байдгийн бас нэг шалтгаан нь энэ. Ажлаасаа
тарж ирээд телевиз ширтэж суугаа хүмүүс хэзээ реклам үзэж цагаа барж байлаа.
Тэтгэвэртээ гарсан хөгшчүүл, хүүхдээ асарч байгаа ээжүүд гээд гэртээ суудаг
хэсэг ч ялгаагүй. Дуртай сериал, шоу, нэвтрүүлгийнх нь дундуур цацагдах рекламыг тоож хардаггүй. Univision, Skymedia гээд нэвтрүүлэг, киногоо
нөхөөд үзэх боломж олгочихсон өчнөөн газар байхад хэн ч дуртай киногоо үзэх гэж
элдэв реклам ширтэж үйлээ барахгүй. Киногоо нөхөөд үзчихнэ, реклам таарвал гүйлгэчихнэ.
Телевизийн реклам нэг цацагдаад алга болдог сул талтай. Телевизээр цацсан
реклам хэчнээн хүнд хүрч, ямар үр дүн
гарсныг мэдэх, тандах ямар ч боломжгүй. Өнөөхийг
нь үзэх хүн байдаггүйг сая тайлбарласан учраас давтаад яахав.

Цахим сайт ч тийм оносон хувилбар биш. Хүмүүс хэрэгтэй мэдээллээ
л авах гэж сайт руу ордог. Орчин цагт интернэт рүү орчихоод реклам хараад
суудаг завтай хүн гэж байхгүй.

Харин цаасан сонины хувьд өөр. Сонинд нийтлэгдсэн реклам,
сурталчилгаа хүний ой тойнд тод үлдэж чаддаг. Телевизийн мэдээ шиг урсаад өнгөрөхгүй,
сайт шиг хүссэн үедээ устгаад засаад байх боломжгүй, хэвлэгдсэн л бол залруулах
ямар ч аргагүй учраас сонинд нийтлэгдсэн мэдээ нийтлэл, сурвалжлагууд буурьтай,
голтой, үнэн бодитой байдаг. Ийм онцлогтой учраас сониныхон сайт,
телевизийнхнээс илүү хариуцлагатай ажиллахаас аргагүй. Цаас бол мөнгө. Сониныг
хэдэн зуугаар нь хэвлэх ч хөрөнгө зарсан ажил. Тийм учраас сонинд хэрэггүй дэмий мэдээ, нийтлэл
хэвлэнэ гэсэн ойлголт байдаггүй. Хүн сонирхож уншихаар хэрэгтэй зүйлс нийтлэгддэг. Тэгэхээр ашиг олохыг хүссэн
ямар ч бизнес эрхлэгч сурталчилгаагаа цаасан сонинд хэвлүүлэхийг илүүд үзэх нь
тодорхой.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *