Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ц.Мөнхтөр дөнгөж сая мэдээлэл хийлээ. Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамбыг энэ сарын 4-ний өдөр АТГ-аас баривчлаад байгаа. Үүнтэй холбоотойгоор сайд Г.Шийлэгдамба Ерөнхий сайдад хандан захидал ирүүлсэн байна. Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ц.Мөнхтөр “Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба ирүүлсэн захидалдаа “АТГ-аас намайг их хэмжээний авлига авсан хэрэгт тулган байцаасан. Тухайн үед миний өрөөнд олон жил найзалсан найзаасаа авсан их хэмжээний мөнгө байсан нь үнэн. АТГ-аас энэ мөнгийг хууль ёсны орлого мөн эсэхийг шалгах шаардлагатай гэж үзсэн. Энэ дагуу шалгах үйл явц үргэлжилж байна. Цаашдаа хэргийг хянаж, шийдэх асуудал удаашрах байх. Мөн улс төрийн нөхцөл байдлын улмаас Засгийн газрын тогтвортой үйл ажиллагаанд ч эрсдэл учруулж болзошгүй байна. Иймд Эрүүл мэнд, спортын сайдын албанаас чөлөөлөгдөх хүсэлтээ албан ёсоор өгч байна. Надад итгэж, нэр дэвшүүлсэн, хамтран ажилласан Засгийн газрын нэг танхимын гишүүд, “Шударга ёс” эвслийн бүлгийн нөхөддөө талархсанаа илэрхийлье. Би энэ хэрэг үнэн зөвөөр шийдэгдэж, цагаадна гэдэгт итгэлтэй байна” гэж дурьдсан байна. Г.Шийлэгдамба сайдын чөлөөлөгдөх өргөдлийг Ерөнхий сайд хүлээж авсан” гэлээ.