Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Энержи Ресурс Рэйл” компанид Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх албаныхан нэгжлэг хийжээ

-Энэ гэрээг хийсний дараа А.Гансүх сайд байхдаа “Энержи ресурс” компани ерөнхий гүйцэтгэгч компаниараа Самсунгийг сонгож авсан” гэжээ-

“Энержи ресурс рэйл” компанид Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх албаныхан уржигдар нэгжлэг хийсэн байна. Нэгжлэгийг бүтэн өдөржин явуулсан бөгөөд санхүү болон удирдлагын түвшний албан бичгийг гэрч байлцуулан хураан авч, зарим эрх бүхий албан тушаалтнаас тайлбар авсан аж. Тус компанид нэгжлэг хийсэн нь “Шинэ төмөр зам” төслийн ажилтай холбоотой баримт хайсан юм байна. Тодруулбал, 2012 оны УИХ-ын сонгуулийн өмнөхөн МАН Засгийн эрхийг барьж байх үед Таван толгой-Гашуун сухайтын 267 км замыг концессын гэрээгээр барих эрхийг “Энержи ресурс” авч байжээ. Шинэ замын шаваа тавьж, зам барих мөнгөө хэрхэн босгож байгаагаа ч тайлагнаж байсан байна.

Хамтран ажиллах түншүүдээ шалгаруулж, ер нь хувийн компанийн ажил эхэлсэн гэдэг. Үүнээс өмнө буюу 2012 оны тавдугаар сарын 31-нд “Энержи Ресурс”-тай “Ухаа худаг-Гашуун сухайт” чиглэлд Төмөр замын суурь бүтэц барих- ашиглах-шилжүүлэх концессын гэрээ байгуулж 19 жилийн дараа Засгийн газарт хүлээлгэн өгөхөөр болсон байна. Ингэхдээ 2014 оны IV улиралд барьж дуусгахаар гэрээнд тусгажээ. Мөн 2015 оны дөрөвдүгээр улиралд ашиглалтад бүрэн өгч, зүгшрүүлэлт хийнэ гэж гэрээнд заажээ. “Энержи Ресурс” ХХК ч дотоодын туслан гүйцэтгэгч 10 компанийг хөрс, шорооны ажилд шууд ажиллуулж эхэлсэн байна. Энэ 10 компани нь өмнө нь Говийн авто замыг барьсан туршлагатай компаниуд гэж байгаа. Зам барих хүнд даацын техник хэрэгсэлтэй учраас энэ компаниудыг нүүлгэн шилжүүлэхэд “Энержи Ресурс”-аас нэг тэрбум төгрөг гаргаж өгчээ. Энэ замыг хэрэв ашиглалтад оруулбал найман жил хоёр сарын дараагаас ашигтай ажиллаж эхлэх тооцоо гарч байсан байна. Харин дараа нь “EPC” буюу ерөнхий гүйцэтгэгч компанийг сонгон шалгаруулах тендерийн үйл явц болжээ.

Гэтэл сонгуулийн үр дүнгээр АН ялалт байгуулж, олонхи биш ч хамгийн олон суудалтай нам болж чадсан. Энэ үеэс Шинэчлэлийн Засгийн газар төмөр замыг төр барих ёстой хэмээгээд хувийн компанийн концессын гэрээгээр барьж эхэлсэн зүйлийг өөрсдөө барихаар гэрээлсэн явдал байсан байна. АН сонгуульд ялснаас жилийн дараа, 2013 оны тавдугаар сард Монголын төмөр зам төрийн өмчит компани, “Энержи ресурс рэйл”, “Самсунг СТ” компаниуд эрх, үүрэг шилжүүлэх гэрээг үзэглэсэн хэмээдэг. Үүний дараахан Монголын төмөр замын гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан П.Бат-Эрдэнэ нэгэн хэвлэлд ярилцлага өгөхдөө “Төслийн ерөнхий гүйцэтгэгчээр Солонгосын “Самсунг СТ” компани үргэлжлүүлэн ажиллана. Учир нь, энэ компанийн “Энержи ресурс рэйл”-тэй байгуулсан гэрээг “Монголын төмөр зам” эрх шилжүүлэн авсан” гэсэн байдаг.

Энэ л үеэс төмөр замын суурь бүтцийг барих ажлын хүрээнд “Энержи ресурс рейл” ХХК-ийн “Samsung CT” компанитай байгуулсан гэрээний эрх, үүргийг зохих журмын дагуу “Монголын төмөр зам” ТӨХК шилжүүлэн авчээ.

Зам, тээврийн сайд, Төрийн өмчийн хорооны даргын хамтарсан тушаалын дагуу “Энержи Ресурс Рейл” ХХК болон “Samsung CT” компанитай “Эрх, үүрэг шилжүүлэх гэрээ”-г байгуулсан хэмээдэг. Өөрөөр хэлбэл, шинэ төмөр замын суурь бүтцийн барилга угсралтын ажлын ерөнхий гүйцэтгэгчээр “Samsung CT” ажиллажээ. Засгийн газрын 121 дүгээр тогтоол гарах хүртэл “Энержи Ресурс” ХХК “Ухаа худаг-Гашуун сухайт”-ын чиглэлд төмөр зам барих төсөлд 60 сая ам.доллар зарцуулсан байжээ. “Энержи Ресурс” ХХК болон “Энержи Ресурс Рэйл” ХХК-тай байгуулсан “Ухаа худаг-Гашуун сухайт” чиглэлд төмөр замын суурь бүтэц барих-ашиглах-шилжүүлэх концессын гэрээг тус тус цуцлах арга хэмжээ авахыг Зам, тээврийн сайд А.Гансүх, Төрийн өмчийн хороо (Ц.Нанзаддорж)-д даалгасан байна. Ингээд “Монголын төмөр зам” ТӨХК-д эрхийг нь шилжүүлсэн. Ингэхдээ эрх шилжүүлэх гэрээ хийжээ. Энэ гэрээг хийсний дараа А.Гансүх сайд байхдаа “Энержи Ресурс” компани ерөнхий гүйцэтгэгч компаниараа Самсунгийг сонгож авсан” гэх мэдээлэл хийж байсан аж. Ингэхдээ “Бид энэ гэрээг аваад гэрээний үнийг нэг ч центээр өөрчлөөгүй” хэмээж байсан гэдэг. Гэтэл бодит байдал дээр тийм биш аж. Эрх, үүрэг шилжүүлэх гэрээнээс дараахь баримтыг харж болно.

”Энержи Ресурс” компани “Самсунг”-ийг шалгаруулахаар тохиролцсоноос бус гэрээ байгуулаагүй юмсанж. Зүгээр л тохиролцсон төдийг “Ерөнхий гүйцэтгэгчийн эхний гэрээ” гэж тодорхойлжээ. Засгийн газраас үүнээс өмнө гаргасан 161, 121 дүгээр тогтоолоор “Шинэ төмөр зам” ХХК байгуулж, 51 хувийг нь төрийн өмчид, 49 хувийг нь гадна дотны хөрөнгө оруулагчид өгөх бөгөөд түүндээ “Энержи Ресурс”-ийн хувийг багтаасан аж. Гэхдээ бас л дутуу дулимаг гэрээ хийснээр хэдэн хувь байх нь тодорхойгүй үлдсэн нь нотлох баримттай гарч иржээ.

“Монголын төмөр зам”-ын Төслийн хэлтсийн дарга А.Зориг(Б.Батзаяатай хамт хоригдоод байгаа) шаардлагатай бичиг баримтын талаар “Энержи Ресурс”-аас лавлаж байсан гэнэ. А.Зоригт “Бид Самсунгийн гэрээгээр олон газраас санхүүжилт авах талаар ярилцаж явж байгаа юм. Тэгээд Самсунгийн тендер ямар байдлаар явагдсан, тэр үед Азийн хөгжлийн банк зэргийн шаардлагын дагуу явагдсан эсэх гээд бүх л мэдээллийг шаардаж байна” хэмээгээд “Энэ талаар тэдэнд гаргаж өгөхөөр ямар нэгэн баримт бичиг гэх мэт зүйлс байдаг юм болов уу” гэдгийг ч асууж байжээ. Харин түүний асуултад “Энержи Ресурс”-ийн энэ төслийг хариуцсан захирал Д.Энхбаатар “2008-2009 онд сонголтууд хийгдсэн. 2011-2012 онд short list хийгээд тухайн компаниудад RFP, урилгын хамт бэлдэж өгөөд түүний дагуу материалууд авсан. Short list гэдэг бол эцсийн шалгаруулалт биш бөгөөд санал өгсөн компаниудаас тунаж үлдээсэн л хэсэг аж. Тэр материалууд танайд бүгд шилжсэн байгаа. Сонгон шалгаруулалтад амжилттай оролцсон компаниудаас тодруулга авч ажиллаад гэрээний ерөнхий хэлбэр, тусгай нөхцөлүүд тохирч дуусах үед Засгийн газрын тогтоол гарч, тэр хэвээр нь хүлээлгэн өгсөн” гэж хариу мэдэгдэж байжээ. Өөрөөр хэлбэл “Самсунг”-ийг шалгаруулаагүй байхад нь алдарт 121 дүгээр тогтоол гарсан учраас ерөнхий гүйцэтгэгчээр сонгоогүй эрхээ “Монголын төмөр зам” шилжүүлж өгсөн байна. Ингэснээр гадаадын хөрөнгө оруулалтыг татах боломжгүй болжээ. Мөн Самсунгийг яаж сонгосон нь тодорхойгүй учраас хөрөнгө оруулах боломжгүй гэж гадны компаниуд үзжээ. Учир нь энэ төслийн ерөнхий гүйцэтгэгчээ хэн, хэзээ, яаж сонгосон нь мэдэгдэхгүй булхайтай сонгосон учраас гадны хөрөнгө оруулагчдад энэ нь таалагдаагүй гэх зүйл ч яригддаг юм байна. Иймд дээрх асуудлын эцсийг олох гэж “Энержи Ресурс Рейл” ХХК-д нэгжлэг хийсэн аж. Харин тус команитай холбоотойгоор энэ хэрэгт байцааж шалгасан хүн байхгүй байгаа гэнэ.

Юутай ч энэ мэтээр хуулийнхны ажил үргэлжилж байна. Анхаарал татаж буй нэг асуудал нь АТГ өмнө нь энэ хэргийг шалгаж байсан гэх яриа. Нөгөө талаас цагдаагийн байгууллага энэ хэргийг илрүүллээ. Мэдээж нэр бүхий хоёр хүний асуудлыг АТГ шалгах үлдэж байгаа. Харин тэдэнд хүсэл сонирхол бий юү. Анхнаасаа ийм сонирхол хүсэл байгаагүй юу гэдэг асуудал гарч ирж байгаа юм. Гэтэл шалтгаан нь 19 хоногийн дотор АТГ-ынхан гомдлын дагуу шалгаж хэргийг нягтлах ёстой. Тус газрын аль нэг алба нь асуудлыг шалгалгүй хурааж байгаад хугацаа нь болохоор “тогтоогдсонгүй” гэсэн хариу өгчихсөн бололтой гэдгийг эх сурвалж хэлж байна.

Энэ ярианы өөр өнцөгт ЦЕГ-ын дарга Р.Чингисийн шууд удирдлаганд дээрх хэрэг явж байгаа. Түүнийг МАН-ын дарга М.Энхболдын хүн. Түүнийг хөдөлгөөд буй цаад хүн нь МАН-ын дарга биш үү гэсэн хардлага ч явж байна. Энэ хэргийг дагаад багагүй улстөржилт газар авч, янз бүрийн таамаг хардлага тээсэн сураг ажиг явж байна. Гэвч аливаа юм хоёр талтай байдаг. Энэ хэргийг лавшруулан шалгахад “МТЗ”-ийн Гүйцэтгэх захирал асан П.Бат-Эрдэнэ, “Либерти партнерс”-ийн захирал Ч.Ганбат нарыг баривчилж байж дараагийн хүмүүст хүрэх алхам болох учиртай ч гэж яригдаж байна. Гэвч тэд гадаадад байгаа, хэдий хугацаагаар Монголд орж ирэхгүй байх вэ гэдэг нь таамаг хэвээр байгаа аж.

Д.Маргад

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *