Categories
мэдээ нийгэм

Т.Аюурсайхан: Шүүхэд хүч тэнцвэргүй тулаан болж байна

ШӨХТГ-аас 13 банкны үйл ажиллагаанд хяналт
шалгалт хийж, иргэдэд зээл олгохдоо нэг хувийн шимтгэл авдаг нь хууль бус
хэмээн үзэн шүүхэд хандсан асуудлын талаар мэдээлэл өглөө.

“Өнгөрсөн сарын 26-нд Захиргааны хэргийн анхан
шатны шүүх дээр 13 банкинд холбогдох хэргийн шүүх хурал болж, улсын байцаагчийн
шийдвэрийг хүчингүй болгох шийдвэр гаргажээ. Хоёр шатны шүүхээр нэг хувийн
шимтгэл хууль бус гэдгийг тогтоож, улсын байцаагчийн шийдвэр хуулийн дагуу гарч,
банкуудын нэхэмжлэлийг хүчингүй болгосон байна. Гэтэл Улсын дээд шүүхээс
хэргийг Анхан шатны шүүх руу буцааж, улмаар банкуудын талд шийдвэрлэжээ.
Тиймээс ШӨХТГ-ын дарга Т.Аюурсайхан энэ асуудлаар хэвлэлийнхэнд мэдээлэл өгөв.

Тэрээр “Анхан шатны шүүхээс нэг хэрэг дээр хоёр
өөр шийдвэр гаргаж байгааг бид харлаа. Нэг талыг барихгүйгээр, ашиг сонирхлын
зөрчилгүйгээр олон нийтийн эрх ашгийг харж шүүх шийдвэр гаргаагүй гэдэгт бидэнд
тодорхой эргэлзээ бий. Нэг хувийн шимтгэл өрсөлдөөнийг яаж хязгаарласан бэ, үүний
улмаас хэн хохирсон бэ, хохирсон хүн бий юу гэдэг асуултыг шүүгч нарын зүгээс
тавьсан.

Өнөөдөр зээлгүй хүн Монголд ховор байна. Төрийн
албан хаагчид, ахмадууд тэтгэврийн зээлтэй, бизнес эрхлэгч гээд олон хохирогч
бий. Шүүгч нарын өндөр цалингийн талаар хэвлэл мэдээллээр хангалттай гарч
байна. Шүүгчдийн өндөр цалинг нийгмийн даатгалын шимтгэл төлдөг, ХАОАТ төлдөг
бусад татвар хураамж төлдөг хувийн хэвшил, төрийн албан хаагчид, ахмадууд,
бизнес эрхлэгчид бүрдүүлж байгааг бүгд мэдэж байгаа.

Ашиг сонирхлын зөрчил байгаа гэж үзэж байна. Дээд
шатны шүүх хуралдаан болоход даргалагч нь Худалдаа хөгжлийн банкны Хууль
эрхзүйн газрын захирлаар ажиллаж байсныг олж мэдсэн. Ашиг сонирхлын зөрчилтэй
хүн байна хэмээн хуралдаан даргалагчийг солиход ХХБ-наас Дээд шүүхийн
хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргасан. Дээд шүүхийн хуралдаан хойшилсны дараа
хэргийг Анхан шатанд буцаасан. Гэтэл Анхан шат өмнөхөөсөө өөр шийдвэр
гаргасан” гэлээ.

ШӨХТГ-аас АТГ, Шүүхийн ерөнхий зөвлөлд хандаж,
анхан шатны шүүх хуралд оролцсон шүүгчдийг ашиг сонирхлын зөрчилтэй эсэхийг
тогтоолгохыг хүсчээ. Нэр бүхий шүүгч нар арилжааны банкнаас зээлтэй эсэх, зээл
авсан бол хөнгөлөлттэй эсэх, жирийн ард иргэдэд тавьдаг нөхцөлөөс илүү
хөнгөлөлт эдэлж байгаа эсэх, эргэн төлж байгаа эсэх зэргийг шалгаж тодруулахыг
хүссэн байна.

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс шүүгч нар 25.5 тэрбум
төгрөгийн зээлтэй. Өөрөөр хэлбэл, 485 шүүгчийн 430 шүүгч 1-3 төрлийн зээлтэй.
Хамгийн дээд талдаа 200 сая төгрөгөөс дээш зээлтэй байгаа аж.

Өр зээлэндээ баригдсан шүүгч нарын асуудал толгой
гашилгаж байгаа гэсэн мэдээллийг холбогдох албаныхан хийсэн. Тийм учраас нэр
бүхий шүүгч нарын өр зээлийн харилцааг тодруулахгүйгээр банкуудтай холбоотой
энэ хэрэг ашиг сонирхлын зөрчилгүй, хараат бусаар шийдэгдсэн гэж үзэх боломжгүй
байна гэдгийг Т.Аюурсайхан дарга хэллээ.

Монгол Улсын Ерөнхий сайдад хандаж Монголын
банкуудын холбооноос арилжааны банкуудад хийж буй шалгалтыг зогсоож өгөх албан
тоот явуулжээ.

Банкны үйл ажиллагаа доголдолтой, өрсөлдөөний
болон хэрэглэгчийн эрх ашиг зөрчигдсөнийг илрүүлээд байхад Монголбанкны
ерөнхийлөгч Н.Золжаргал арилжааны банкуудад арга хэмжээ авахын оронд Ерөнхий
сайд болон Монгол Улсын Шадар сайд нарт албан бичиг явуулсан байсан. Албан
бичигтээ “ШӨХТГ банкуудад шалгалт хийх эрхгүй тул зохих арга хэмжээ авч өгнө
үү” гэж бичсэн байсан гэв.

Тэрбээр хурлын төгсгөлд “хямралтай үед
барилгаа нурааж илүү өндөр цамхаг барьдаг байгууллага банкнаас өөр алга.
Арилжааны банкууд иргэд, бизнес эрхлэгчдээ бодох цаг болсон. Арилжааны есөн
банктай давж заалдах болно. Шүүх дээр хүч тэнцвэргүй тэмцэл өрнөж байна. Есөн
банкны хуульч өмгөөлөгч оролцож байна. Монгол Улсын шилдэг гэж үнэлэгддэг
хууль, өмгөөлөгч нар ШӨХТГ-тай ард иргэд, бизнес эрхлэгчдийн төлөө давж
заалдахад хамтарч ажиллаач гэж урьж байна” гэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *