“Хөхүүрийн ам цаашилж хүйтний ам наашилжээ. Энэ өвөл их хүйтэн болох юм гэсэн. Малчдад л хүндхэн байх байх даа. Хотын бид ч яахав паартай байшин, паалантай жорлонтой хүмүүс. Юу ажрахав” гэж үгээ ч дуусгалгүй араас нь “Тариаланчид тариа ногоогоо хурааж дууссан байгаа болов уу. Сая айхтар цас орлоо шүү” хэмээн нийслэл хотод суугаа нэгэн айлын тэргүүн санаа зовнин ярина. Түүний бие Улаанбаатарт байгаа хэдий ч сэтгэл санаа нь аль хэдийнэ хөдөө хээр малын захад, тариалангийн талбайд бэлчинэ. Энэ эрхэм бол “Танайд өнжье” булангийн маань зочин Балсангийн Сүхээ юм. Эднийх өнгөрсөн долоо хоногт “Нийслэлийн шилдэг өрх” өргөмжлөлийг хүртсэн билээ.Хашаандаа ногоон байгууламжийг бүрдүүлж чадсан нь гол шалгуурыг давсан хэрэг. Гэрийн эзэн Б.Сүхээ гуайтай мэнд мэдээд хашаа руу орлоо. Хотын төвд багшралдсан барилга байгууламж харсаар байгаад бүр нүд дасал болчихож. Сүхээ гуайн хашаанд оронгуут уужим тал, ургаа мод түшээд авах шиг мэдрэмж төрөх. Өөдлөх айл үүднээсээ гэдэг дээ. Сүхээ гуайнх их хөдөлмөрч айл бололтой. Аж ахуйн багаж хэрэгсэл нэлээд харагдана. Улаан тоосгон байшингаа тойруулаад мод тарьчихаж. Түүнчлэн байшингаас нь зуун метрийн зайд банзаар тусгаарласан хашаанд дан чацарганы мод тарьсан байв. Олон жилийн өмнө тарьсан болохыг гэрийн эзэн хэлсэн. 300 гаруй чацарганы мод бий гэнэ. Энэ намар 10 литр чацаргана хураажээ. Ер нь ургац сайтай жилдээ 80 литрийг хураадаг байна. “Та нар мод, цэцэг унаж дууссан намрын гундуу үед ирлээ. Навч цэцэг нь дэлгэрч жимс жимсгэнэ боловсрох үед нь ирвэл ямар сайхан гээч. Ёстой байгалийн гайхамшиг гэж тэр дээ” гэж хажуугаас Сүхээ гуай уулга алдана.Энэ зуур гэрийн эзэгтэй “Хөгшөөн, ороод ир. Цай уу” гэж дуудав. Гэрийн эзэгтэйг Зунравын Зурмаа гэдэг юм байна.
“Үгүй хань минь ирсэн зочдыг гэртээ оруулж аяганы амсар ч зуулгахгүй. Музейн тайлбарлагч аятай гараа гозгонуулаад л яваад өгөх юм аа” хэмээн хэлэхэд Сүхээ гуай “Нийслэл тэргүүний өрхөөр өргөмжилчихөөд байхад юу хийж, бүтээснээ харуулахгүй бол буруутах байлгүй” гээд нааш нүд ирмээд авав.Гэрийн эзэгтэй цай хийж өгөнгөө “Нохойн хошуугаар хандалж чанасан цай. Манайх хашаандаа нохой хошууны мод тарьдаг юм” гээд нөхөр рүүгээ инээмсэглэж “Ханиа шүүмжлээд байсан хүн чинь өөрөө өвс ургамлаа ярьчихсан явж байна уу” гэж хэлээд гал тогооны өрөө рүү яваад орчихов. Хүүхдүүд нь ирчихсэн байгаа бололтой. Зээ охин Б.Нандин нэг настай. Тэрээр өвөө, эмээгээ хаашаа л явна тийшээ дагаж гүйнэ.
Сүхээ гуайн хүүхдүүд бүгд хоёроос дээш их сургуульд сурчээ
Сүхээ гуайнх нэг хүү, гурван охинтой аж. Одоо бүгд өрх тусгаарлажээ. Хүү Энхбаатар нь Техникийн их сургуулийг инженер мэргэжлээр төгссөн бөгөөд Удирдлагын академийг мөн дүүргэжээ. Охин Нямхүү МУИС-ийн анхны электроникийн ангийг төгссөн бөгөөд хожим “Мандах” дээд сургуульд нягтлан бодох мэргэжлээр сурчээ. Удаах охин Нэрэнхүү МУИС-ийг химийн ангиар төгсч Австралид мэргэжил дээшлүүлсэн юм байна. Бага охин Мягмарнаран “Хан-Уул” дээд сургуулийг эдийн засагч мэргэжлээр төгсч, Англид мэргэжил дээшлүүлсэн аж. Нэрэнхүү өдгөө Австралид нөхөртэйгөө хамт алтны томоохон компанид шинжээч хийж байгаа бол охин Мягмарнаран Англид гэр бүлийнхээ хамт ажиллаж амьдарч байгаа аж. Харин биднийг Сүхээ гуайнд очих үед хүү Энхбаатар, охин Нямхүү нар хүүхдүүдтэйгээ ирсэн байлаа. Түүний дөрвөн хүүхэд өдгөө өнөр өтгөн сайхан гэр бүл болжээ. Зурмаа гуай “Хоёулахнаа байсан хориулаа болчихоод байна” хэмээн хананд өлгөөтэй харагдах гэр бүлийн хөрөг зураг руу зааж ярих. Харин нөгөө талын хананд байрлах шүүгээнээс Сүхээ гуай өргөмжлөл гаргаж ирэв.
Нийслэлийн шилдэг гэр бүл
Тэрээр “Нийслэлийн хөгжил дэвшилд тодорхой хувь нэмрээ оруулж, хойч үедээ үлгэр жишээ болсон Балсангийн Сүхээ таны гэр бүлийг “Нийслэлийн тэргүүний өрх”–өөр өргөмжлөв” хэмээн өмнөх өргөмжлөлөө дуудаад “Манайх Улаанбаатар хотод 55 жил амьдарч байна. Нийслэлийн тэргүүний өрх болно гэдэг чинь их сайхан юм байна. Яахав өнгөрсөн хугацаанд миний хийж бүтээсэн зүйл өнөөдрийн энэ өргөмжлөлийг хүртэх хувь заяаны үндэс байж” гээд магнай дахь хөлсөө арчаад их л бахдалтайгаар цайгаа оочлов. Эднийх хашаандаа чацаргана, нохойн хошуу, тэхийн шээг, давжаа алим, улиас, тошлой, булцуу цэцэг зэрэг олон зүйлийн бут сөөг тарьдаг юм байна. Ялангуяа гэрийн эзэгтэй эрүүл мэндэд сайн л гэж сонсвол үрийг нь олж ирээд хашаан дотроо тарьчихдаг байна. Одоогоор хашаанд нь 500 гаруй мод ургасан байгаа гэв.Мөн хүнсний ногоо хүртэл тарьдаг юм байна. Уг нь хөдөө газар тариалангийн талбайтай байж. Гэвч сүүлийн хэдэн жил хоёр хөгшинд туслах хүнгүй болсон учраас зөвхөн хашаандаа тарьдаг болж. Жижигхэн хүлэмж харагдана. Энэхүү хүлэмжиндээ өргөст хэмх, улаан лооль тарьж ургуулаад дарж хадгалаад хүүхдүүддээ өгдөг байна. З.Зурмаа “Нэг их овойж оцойтол тарихгүй ээ. Гэхдээ л дэлгүүрээс жимс, ногоо авдаггүй. Цагаан сараар л хамаг дарсан ногоо, жимс маань дуусна шүү дээ” хэмээн инээмсэглээд “Манай хөгшний исгэсэн чацарганы ундаанд ирсэн зочид ямар их дурлана гээч” гэж ирээд л ярив.
Монгол фермерийн Сүхээ
1948 онд Увс аймгийн Малчин суманд мэндэлсэн тэрээр амьдралын шаардлагаас үүдэн хоёрдугаар ангид орох жилээ нэгдлийн малчин болсон байна. Түүний ээж дөрвөн хүүхдээ хоосон хонуулахгүйн тулд насаараа мал малласан нэгэн байжээ. Ээждээ тусалж, мал маллаж яваад хожим Налайхын арван жилийн сургуулийг дүүргэсэн гэдэг. Ингээд МУИС-д физикийн багш, Германы чөлөөт залуучуудын дээд сургуульд суралцсан байна. Ингэж яваад хөдөө аж ахуйн салбарт хөл тавьсан түүнийг хөдөө аж ахуй эрхлэгчид төдийгүй боловсролын салбарынхан “Монгол фемер”-ийн Сүхээ гэдгээр нь андахгүй гэнэ. Учир нь тэрээр 1990 онд анх Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн төвийг санаачлан байгуулжээ. Тэрээр “Би монголчууд мал ахуйгаа дагавал хэзээ ч хоосон хонохгүй. Харин ч сайхан амьдрах гарц бий гэдэгт итгэдэг. Энэ ч үүднээс тус төвийг анх санаачилж яамнаас хүртэл дэмжиж байлаа” гэж ярив. Түүний хувьд “Монгол бол бэлчээрийн мал аж ахуйг уламжилж ирсэн. Гэхдээ уламжлалын зэрэгцээ шинэчлэл гэж байдаг. Уламжлал, шинэчлэл хосолж байж энэ салбар хөгжинө” гэж үздэг байна. Энэ ч утгаараа анхны Хөдөө аж ахуйн төв байгуулж, улмаар 1998 онд хувьчилж яг энэ хашаандаа “Монгол фермер” хэмээх анхны хөдөө аж ахуйн хувийн дээд сургуулийг байгуулж байсан түүхтэй. Хөдөө аж ахуйн яамны харьяа төв байхад ч тэр, сургууль болгосон хойноо ч тэр Сүхээ гуай мал аж ахуйг зөв хөгжүүлэхийн тулд гадаадын олон ч байгууллагатай хамтарч ажилладаг байсан аж. Түүнийг сургууль байгуулах үед Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Аварзад “Танайх хамгийн баян сургууль” гэж хэлсэн гэдэг. Учир нь тухайн үедээ хүнд баялаг хэрхэн бүтээхийг сургадаг, хэрхэн амьдарч сурах ухаанд суралцуулдаг байсныг олон ч хүн онцлон бичсэн байдаг аж. Тэрээр амьдардаг байшингийнхаа баруун талд байрлах сургуулийнхаа байрыг танилцуулав. Модоор барьсан хуучны улаан хүрэн нэг давхар хоёр байр байна. Хичээлийн нэг, хоёрдугаар байр гэсэн хаягтай юм. Эзэнгүй цэвдэг даах эдгээр байранд энэ жилээс бусад жил хот, хөдөөгөөс ирсэн оюутнууд ёстой л нэг бужигнаж байжээ. Харин энэ жил Сүхээ гуайг сургуульдаа 40 хүн элсүүлэх квоттойг БШУЯ-наас дуулгажээ. “Харж байгаа биз дээ. Би 40 оюутан авчихаад яаж энэ хүйтэн байшинд суулгаад байхав. Манайх МСҮТ учраас төрөөс санхүүждэг. Эдийн засаг хямралтай үед төрөөс ийм ч мөнгө, тийм ч мөнгө гээд нэхээд байх хэцүү ш дээ. Ядаж би ч гэсэн хэдэн төгрөг нэхэлгүй хямралын үед үйл ажиллагаагаа түр зогсоосон нь дээр биз дээ” хэмээн санаа алдана.
Монгол Улсын аварга тариаланч, малчин шавьтай багш Сүхээ
Түүний байгуулсан “Монгол фермер” сургуулийг 1218 оюутан төгсчээ. Эдгээр оюутнууд хаана юу хийж явааг Сүхээ гуай нэг бүрчлэн мэднэ. Бүр овог, нэр, ажиллаж байгаа байгууллагынх нь нэртэй хэлнэ гээч. Гадаадын аж ахуйг судалж туршлагжихын тулд өөрөө интернэтээр орж, охидынхоо тусламжтайгаар гадаадын байгууллагатай холбоо харилцаа сайн тогтоож чаддаг байж. Тиймээс тус сургуулийг төгссөн оюутнуудаас өдгөө Англид 60, Ирландад 10, Өмнөд Солонгост таван хүн ажиллаж амьдарч байгаа аж. Сүхээ багштайгаа ч байнга холбоотой байдаг байна. Ийн ярих зуур гаднаас нэг залуу орж ирэв. Гэрийн эзэгтэй их сайн таньдаг бололтой. “Сайн, Сайн байна уу, хүү минь” хэмээн ихэд дотно мэндлэв. Сүхээ гуайн шавь юм байна. Хэнтий аймгийн Батширээт сумаас “Монгол фермер” сургуульд ирж суралцаж байгаад цэрэгт татагдсан Батдэлгэр гэх шавь нь аж. Тэрээр цэргээс халагдангуутаа багшийнхаа мэндийг мэдэхээр ирсэн нь энэ аж. Түүний шавь нар өдгөө эх орныхоо өнцөг булан бүрт хөдөө аж ахуйн чиглэлээр манлайлж явна. Бүр гадаадын зарим нэртэй фермерүүдэд хүртэл гол ажлыг нь нугалдаг том дарга нар гэсэн. Ямартай ч Хөвсгөл аймгийн Тариалан сумын харьяат Л.Батцэнгэл Монгол Улсын аварга тариаланч бол Дорнод аймгийн Хэрлэн сумын харьяат Х.Мөнхболд улсын аварга малчин. Шавь Б.Галбадрах Хөвсгөл аймгийн ХАА-н газрын даргын албыг хашдаг гээд энд дурдвал багтахгүй биз ээ.
Оюутнуудаа санагалзах сургуулийн ректор
Ингээд түүний ажлын өрөөнд хэсэг саатлаа. Өрөөнийхөө хойморт бурхан тахил залсан байх бөгөөд өмнө нь Монгол Улсын төрийн тэргүүн явсан Н.Багабанди, Н.Энхбаяр болон өдгөө төр барьж буй Ерөнхийлөгч Ц.Элбэрдоржийн зураг байв. Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр, Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нар гэрэл зураг дээр ухаа шаргал дээлтэй, хээр халзан морь унасан харагдав. Тус тусдаа гэрэл зураг мөртлөө яагаад адилхан дээлтэй байгааг асуухад “Би сургуулийнхаа комьпютерийн ангийн нэг хүүгээр фото шоп хийлгэж адилхан дээлтэй болгохгүй юу” хэмээн зальтай инээгээд цааш “Сонирхол юм уу. Н.Багабанди, П.Очирбат гуай хоёрын зургийг бас ийм дээлтэй, ижил зүсмийн морьтой болгож янзлах гэж байсан чинь нөгөө оюутан маань сургуулиа төгсөөд надад олдохгүй завгүй хүн болсон” гэв. Тэрээр аливаа нэг зүйлд баригддаггүй нь түүний зан байдал, амьдарч буй орчин тойрноос нь бэлхнээ харагдах юм гэсэн бодол төрж байлаа. Халаалтгүй, галлагаагүй учраас нэг их удаан суусангүй. Ажлын байрны эсрэг талд оюутны дотуур байр нь байдаг аж. Өнөө жил оюутангүй байгаа болохоор нэг л эл хуль байгаагаа ярьж байлаа. Хүү Энхбаатар тус байрны хаана нь ус гоожиж байна, хаана юу нь эвдэрч гээд аж ахуйн бүхий л ажлыг хариуцдаг бололтой. Насаараа оюутны шуугиан дунд амьдарч ирсэн Сүхээ гуай ажлынхаа өрөөнөөс дуртай дургүй дүнсийн гарна. Хашааны баруун буланд байрлах сургуулийн байр руу эргэн эргэн харж “Манай сургууль хүнийг амьдрах ухаанд сургадаг. Хойтонгоос аймаг, сумдад сургуулиа нээх бодол байна” гэж зөөлхөн шивнээд нуруугаа үүрэн гэрийн зүг алхлаа. Сүхээ гуай 1998 оноос хойш энэ хашаандаа амьдарч байгаа аж. Анх сургууль байгуулсан жил байранд амьдардаг оюутнууд нь байнга шахуу архидан согтуурах болж. Амьтны хүүхэд сургах гэсэн биш архинд живүүлчих вий гэж ихэд сандарч III хорооллоос нүүж сургуулийнхаа хашаанд гэр барьж эхнэртэйгээ амьдрах болж. Ингэж арай гэж залуусыг буулгаж авч, хараа хяналттай болохоор нөгөө хэд нь ч намжиж. Гэтэл хойтон жил сургуулийнх нь ихэнх охин давхар биетэй болчихож. Ямар ч сургуулиас дутахааргүй мэдлэг, боловсрол олгож байсан түүний хувьд энэ мэт оюутнуудын хувь асуудал санааг нь чилээж байсан гэдэг. Гэхдээ л тэрээр тэмүүлсэн зорилгынхоо төлөө зүтгэж олон ч хүнийг хоолтой нь залгуулсан ачит “аав”. Түүний гэргий З.Зурмаа нийгмийн ухааны институт, СУИС зэрэгт ажиллаж явсан бичгийн хүн. Гэвч нөхрийнхөө мөрөөдлийн төлөө хамаг бүхнээ орхиод гэр хороололд мал маллаж, ногоо тарьж амьдарч байхдаа харин ч сэтгэл хангалуун байсан гэдэг.
Сансрын нисэгч Гүррагчаа, “Их засаг”-ын Ням-Осор тэргүүтэй түүний найзууд
“Монгол фермер” сургуулийг байгуулах санааг одоогийн “Их Засаг” олон улсын сургуулийн захирал Ням-Осороос авсан байна. Учир нь 1985-1990 оны хооронд Сүхээ гуай Дорнод аймгийн ХЗЭ-ийн хорооны нэгдүгээр нарийн бичгийн даргаар ажиллаж байхад Ням-Осор Хэнтий аймгийн ХЗЭ-ийн дарга байсан аж.Товчхондоо олон насны зөрүүтэй ч тэдний дунд сайхан нөхөрлөл байж. Анд нөхрийн журмаар Ням-Осор нэг удаа “Та энэ том талбайгаа ашиглаад аж ахуйн чиглэлээр сургууль байгуулбал ард түмэнд ч хэрэгтэй” гэж хэлж байсан нь ийн хожим ажил хэрэг болсон түүхтэй аж. Ингэж сургууль байгуулах шипигээ нэг найзаасаа авч байсан хэмээн ярих зуураа зургийн цомгоо эргүүлнэ. Түүний зургийн цомогт Сансрын нисэгч Гүррагчаатай хамт авахуулсан гэрэл зураг нэлээд хэд харагдав. Учир нь Цэргийн 065 дугаар ангид хамт алба хаасан нэг оны цэргүүд гэнэ. Тэрээр Гүррагчаатай хамт татуулсан гэрэл зургаа харуулаад “Золбоотой аавын хүү дээ. Цогтой ч, овтой ч эр” гээд дотроо нэгийг эргэцүүлсэн бололтой толгой сэгсрэн инээмсэглэж үзэгдэв. Мөн МУИС-ийн физик, математикийн ангийг хамт төгссөн Даваа, Баатархүү зэрэг хэдэн нөхдийнхөө зургийг үзүүлэв. Тус ангийг 16 оюутан төгссөн бөгөөд 15 нь эх орныхоо боловсрол болоод шинжлэх ухааны салбарт манлайлагчид нь болсныг онцлов. Харин нэг нь бурхан болжээ. Ялангуяа Давааг МУИС ректороор олон жил ажилласан болохыг мэдэх буй за. Ер нь Сүхээ гуайн гэрт олон төрлийн ном харагдсан. Тэрээр өөрөө ч фермерийн аж ахуйн чиглэлээр олон ном гаргасан хүн. Тухайлбал, 2004 онд “Фермерийн Монгол аж ахуйн шинэ боломж”, “Фермерийн аж ахуйн зохион байгуулалт, туршлага, тулгамдсан асуудал, хэтийн төлөв” зэрэг цуврал ном гаргаж байсан юм.
Хашааныхаа газраас хороондоо илүүчилжээ
“Хүүхдүүд том болоод бид хоёрыг зүгээр л сууж бай, элдэв юм хийж өөрсдийгөө ядраах юм гээд байх юм. Угаасаа гараа хумхиад сууж сураагүй хүн чинь хэцүү юм” хэмээн Сүхээ гуай телевизийн удирдлага барингаа хөөрөлдөв. Тэрээр сонин уншиж, телевиз үздэг хоёр чухал ажилтай гэнэ. Сүхээ гуай “Саяхан би хороо орохоор очтол үүдэн дээр нь “мэргэжилтэн нь байхгүй учраас дүүрэг орно уу” гэсэн зар байна. Намайг уншиж зогсох үеэр 30 орчим насны хоёр гурван хүн ирээд гар утсаараа зургийг нь дараад явсан. Бичиг үсэг мэдэхгүй юм гэнэ. Гэртээ хариад эрх биш эхнэр хүүхдээрээ уншуулдаг юм байлгүй. Би бүр гайхаад жаахан судаллаа. Тэгсэн огт бичиг үсэггүй олон мянган хүн байдаг бололтой. Үнэхээр эмгэнэл биш гэж үү” хэмээн эх орныхоо хөгжил цэцэглэлтийн төлөө санаа зовнин хэлж байв. Тэрээр одоо чинь гурван гадаад хэл мэдэхгүй л бол гайгүй ажил хийж чадахгүй болчихоод байхад энэ чинь юу гэсэн үг вэ гээд ихэд нухацтай өгүүлэв. Харин эхнэр Зурмаа гуай цаг харангаа ухасхийн босов. Учир нь эднийх ганц, нэг гахайн торой тэжээдэг байна. Ядаж л эднийхээ хоолыг цагтаа өгнө, будааг нь буцалгана гээд ажил гарах юм хэмээн эхнэр хэлээд гарав. Эднийх нам даралтаар халдаг бөгөөд гэртээ халуун, хүйтэн устай яг орон сууцны айл шиг. Сонгинохайрхан дүүрэгт хоёрхон халуун устай өрх байдгийн нэг нь Сүхээ гуайнх аж. Нам даралтаар халаах зуухны өрөөнд орвол гал дээр нь тэжээлийн будаа буцалгахаар саванд хийгээд тавьчихаж. Мөн шувууны сангас, халгай зэргийг нэмэлт тэжээл болгохоор хадгалжээ. Том хашаатай учраас олон жилийн өмнө тариа, ногоо тарихаас гадна саалийн хэдэн үнээтэй, тахиа хүртэл үржүүлдэг байж. Харин нийслэлд мал байлгахгүй гэснээс хойш эдгээр малаа бүгдийг заржээ. Мөн хашааныхаа газраас дүүрэгтээ үнэгүй өгсөн нь өдгөө тэр газар дээр 23 дугаар хорооны байр баригдсан юм байна. Ийн ярьж зогстол түүний ач охин Э.Энхдэлгэр гүйж ирэв. Өвөөгөө гадаа хүйтэнд даарчихна гээд санаа тавьж гадуур хувцас авчирсан нь энэ. Гэрт орж зураг авахуулах болов. Гэрийн эзэгтэй авдарнаасаа ногоон үйтэн хуар дээл гаргаж ирээд өмсүүлэнгээ “Дээл өмсөхөөр махлаг хүний гэдэс тулаад байх юм. Гэдсээ тат” хэмээн хошигноод авав. Харин Сүхээ гуай хариуд нь “Зовж байж олсон гүзээ шүү” хэмээн бөөн наргиан болов. Мэдээж тэрээр өнөөдрийн амьдралаа босгохын төлөө хичнээн зүтгэж, хөдөлмөрлөснийг хэн мэдэх билээ.
Гэрэл зургуудыг Г.Лхагвадорж