Дорнодын Халх гол суманд хөдөө аж ахуйн чөлөөт бүс байгуулах тухай УИХ-ын 75 дугаар тогтоол гарсан. Уг тогтоол шийдвэрийн дагуу тэрхүү бүс нутагт газар ашиглах эрх олгох юм уу, ямар нэгэн байдлаар ажил эхэлсэн зүйл одоогоор байхгүй. “Халх голын чөлөөт бүсэд байгальд ээлтэй, генетикийн өөрчлөлтгүй, органик бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ. Гадаадын ажиллах хүч гурван хувиас илүү байж болохгүй. Мал аж ахуй болон газар тариалан, аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулах аж ахуйн нэгжүүдийн 51-ээс доошгүй хувь нь Монголын хөрөнгө оруулалттай байх ёстой” гэж Засгийн газраас салбар яамдын сайдуудад үүрэг болгосон.
Гэтэл Халх гол сумынхан Их хурлын тогтоол шийдвэрээр батлагдсан чөлөөт бүсийг эрс эсэргүүцэж, Монгол төрийнхөө эсрэг цэрэглэн босч байна. Энэ нь Монголын төр өнөөдөр ямар ч хүчгүй, үхээнц дорой, хэн дуртай нь боорлож болдог, дархлаагүй болсны илрэл гэлтэй. Мөн Монголын төр нэгдмэл зангидсан бодлогогүй болж, данхар том бүтцээс цаашгүй, дороо тулах хөл суурьгүй сул ганхаж, сум бүр нь нэг нэг ханлиг улс болжээ гэдгийг Халх голыг тойрсон сүүл үеийн дуулиан шуугиан, хэл ам хэрүүл тэмцэл бидэнд хэлээд өгөх шиг. Юу болсныг эргэн нэг харъя. Их хурлын 75 дугаар тогтоол хэрэгжиж эхлэх сургаар Дорнод аймгийн нутгийн зөвлөлийн Д.Цогтбаатар тэргүүтэй хүмүүс Халх гол суманд очсон. Тэд “Халх гол сумын 500 мянган га газрыг хаших гэж байна. Малчдын өвөлжөө хаваржаа, газар тариалангийн бүс, тусгай хамгаалалттай нутгийг тэр чигт нь байхгүй болгох гэж байна. Төр засаг чөлөөт бүс нэрээр газрыг чинь гадаадынханд өгөх гэж байна. Тиймээс Халх голын иргэд та бүхэн тэмцэх хэрэгтэй” хэмээн нутгийн иргэдийг төр засгийнхаа эсрэг тэмцэхийг уриалан дуудаж, турхирсан байдаг. Энэ бол нутгийн зөвлөлийн удирдлага болон улс төрийн хүрээнд нэр нь ч танил болоогүй зарим нэг намын төлөөллийнхний эх оронч царайлсан хиймэл дүр төрх. Харин Халх гол сумыг удирдаж байсан нөхдийн зохион байгуулсан жагсаал цуглаан, төрийнхөө эсрэг цэрэглэн босч, дунд сургуулийн сурагч нь хүртэл “Амиараа хамгаалъя, амийг амиар” нь хэмээн аймшиггүйгээр хийрхсэн бослогоос харахад Монголын зүүн хязгаарт “Бүгд найрамдах Халх гол ард улс” гэж байгуулагдаж байна уу гэх бодол өөрийн эрхгүй сэрхийтэл төрсөн. Үүнийг Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаагийн бослого тэмцэлтэй тулгарч, төрийн өмнөөс очоод хөөгдөж ирсэн үйл явдлаас харж болох юм.
Халх голыг хамгаалсан эх орончид “Гадаадын иргэд олноор суурьшин визгүй чөлөөтэй зорчиж, монголчууд өөрсдөө зөвшөөрөл авч, орж гардаг тусгай зоон, харийнхны суурин болно” гэж мэдэгдсэн. “Малчдын өвөлжөө хаваржааг аваад хашна гэж ойлгоод байна. Тийм биш л дээ. Хил дээр байрлалтай чөлөөт бүс хашаатай, хүн орж гарахад шалгаж, хянадаг. Тэнд гадаадын иргэн визгүй 30 хоногийн хугацаатай нэвтрэх боломжтой. Харин Халх голын чөлөөт бүс хил дээр биш нутгийнхаа гүнд байгаагаараа ялгаатай. Тэнд гадны иргэн визгүй нэвтрэх эрхгүй” гэх тайлбарыг Р.Бурмаа сайд “Өдрийн сонин”-д өгсөн ярилцлагадаа онцолсон. Халх голыг тойрсон шуугианаас та бүхэнд сануулах зорилгоор эл бүгдийг иш татлаа.
Ингэхэд Монгол Улсын Хууль зүйн яамны хуулийн хэрэгжилтийг хянах газрын дарга, Засгийн газрын гишүүн Хүнс, хөдөө аж ахуйн сайд, хил хариуцсан хурандаа нь очоод захын нэг сумын гудманд суугаа иргэдэд ичгэвэртэйгээр хөөгдөнө гэдэг юу гэсэн үг вэ. Энэ юунаас болов. Хариулт нь маш амархан. Төрийн эрхэм түшээд орон нутгийн бие даасан байдал, нутгийн өөрөө удирдах ёс гэх сүрхий нэр томъёо гаргаж, жалга бүхэн жасаатай гэдэг шиг орон нутгийн ноёдод эрх мэдэл өгч оодруулсныхаа горыг одоо амсч байна. Жалгын ноёдын “тусгаар улс” бий болж, тэд төрийн дээр сандайлах нь холгүй аяглаж, ихэрхэж эхэлсний үр дүн хайгуулын лицензийн шийдвэрээр тодорхой илэрч байв. “Монголын эдийн засаг одоо л сэргэх нь. Хайгуулын тусгай зөвшөөрлөөс тэрбум ам.доллар орж ирнэ” гэх итгэл найдварыг сумдын засаг ноёд буюу ханлиг улсын эзэд тас цохиж, 219 хайгуулын тусгай зөвшөөрлөөс ердөө есхөнийг тухайн орон нутаг зөвшөөрч, бусдад нь татгалзсан хариу өгсөн. Одоо бүр давраад “Бүгд найрамдах улс” байгуулж, өөрсдийнхөө “тусгаар тогтнол, бүхэн эрхт байдал”-ын төлөө Монголын төр рүү цэрэглэн дайрч байна.
“Халх гол ард улс”-ынхан зээл, зээр хоёроор амь зууж байна гэж зурагт, радиогоор ярихыг олонтаа сонслоо. Зах зээлийн нийгэмд зээлээр амьдардаг нь жам. Дэлхийн бүхий л улс орны иргэд ингэж аж төрдөг. Харин зээрийн сүргээ хүйс тэмтэрч, улаан цустай нь хутган махаар нь хооллоно гэдэг Монгол Улсын хууль дүрмийг ноцтойгоор зөрчиж байгаа явдал. Цагаан зээр бол Улаан номын “устах аюул нүүрлэсэн” ангилалд багтдаг нэн ховор амьтан. “Халх гол ард улс”-ын “хууль дүрэм”-д дархан цаазат амьтнаа алж шулахыг зөвшөөрдөг юм байгаа биз. Монгол Улсын хуульд бол хориотой зүйл. Зүүн хязгаарын “тусгаар улс”-ын нөхдөд Монголын нутаг дэвсгэрт Монголын хуулийг зөрчих дархан эрх байхгүй.
Сүүлийн үед хэвлэл мэдээллээр Халх голын сум сууринг удирдаж байсан дарга даамлуудын газар нутгаа зарсан гэх баримт ил цагаан дэлгэгдэх болов.
“Халх голын орчимд атаршсан 30 мянган га талбайг газар тариалангийн зориулалтаар ашиглах нь зүйтэй” гэх Засгийн газрын 2010 оны тогтоол бий. Гэтэл уг тогтоол гарахаас жилийн өмнө буюу 2009 онд Халх гол сумын Засаг дарга Ц.Сүхбаатар, ИТХ-ын дарга Ц.Насанхүү нар Солонгосын “Хансолмо” компанид 30 мянган га газрыг хугацаагүй ашиглах зөвшөөрөлтэйгөөр өгсөн байна. Энэ нь Газрын тухай хууль болон бусад хуулийг зөрчжээ. Одоогийн засаг ноён В.Мөнхтайван мөн л олон мянган га газрыг компаниудад өгсөн баримт бий гэнэ. Тухайлбал, “Соёмбо буудай” компанид 1621 га газрыг өгсөн байх юм. Тухайн компанийн ард Хятадын хөрөнгө оруулалттай “Erlian Deyu organic Agriculture” компани байдаг аж. Мөн “Үйзэн тал” компанид долоон мянган га, дараа нь 14 мянган га газар гээд хэд хэдэн удаагийн үйлдлээр газар нутгаа хувийн юм шиг заржээ.
Сумдын Засаг дарга нар газар нутгаа ингэж хувийн юм шиг үрэн таран хийн замбараагаа алдтал баяжин, төр засгийн түшээдийн үгийг нохой хуцсан чинээ тоолгүй ихэрхэх болсныг бид мэднэ. Хуучин бол хөдөө сумдын дарга нар гэхээр морь уралдуулж, бөх барилдуулж наадам найр хийсэн тийм л нөхөд байлаа. Одоо бол танигдахын эцэсгүй, үзэгдэж харагдахын аргагүй болсон шүү дээ. Улаанбаатар хотын Зайсангийн үнэтэй хаусанд орон нутгийн засаг ноёд чинь бүгд байртай гэж байгаа. “Ланд-200”, “Лексус-570” гээд бандгар бандгар жийп хөлөглөнө. Амралтаараа гадагшаа явж зугаа цэнгэл хөөнө. Тэд яаж ингэтлээ баяжив гэхээр сумынхаа газар нутгаас яг л Халх голын нөхөд шиг гадна дотныхонд зарчихсан байдаг. Мэдээж хамаг л үржил шимтэй, эд баялагтай газрыг үнэтэйхэн арилжина. Орон нутгийн удирдлагууд ийн оодорч буйг төрийн түшээд мэдэхгүй. Мэдсэн ч зарим нь дуугүй өнгөрнө. Таныг ирэх сонгуулиар энэ нутгаас гаргахгүй шүү гэхэд л навтасхийгээд чимээгүй болно. Монголын төрийн өнөөгийн байж байгаа үнэн нүүр царай энэ л дээ. Төр засаг нь ард иргэдийнхээ ахуй амьдрал, улс орны хөгжлийн төлөө хэмээн хуулиа баталж, ажлаа эхлэхээр очиход өмнөөс нь цэрэглэн босч байна гэдэг ердөө л тэнд байгаа хэдхэн феодалийн эрх ашиг хөндөгдөж байгаа хэрэг бус уу.
Халх гол дээр бас нэг зүйл яригдаж байна. Хятадын хөрөнгө оруулалттай “Петро Чайна Дачин Тамсаг” Буйр 22 гэдэг талбайд үйл ажиллагаа явуулдаг бөгөөд энэ талбай нь 780 мянган га газрыг эзэлдэг юм гэсэн. Тэрхүү га талбай нь чөлөөт бүстэй давхцаж байгаа учир 75 дугаар тогтоолыг хүчингүй болгох сонирхол Петро Чайна-гийнханд байж магадгүй гэх хардлага мөн л хэвлэлээр бичигдэж эхэллээ. Алслагдсан сууринд жагсаал хийж буй хүмүүс өндөр үнэтэй өнгөт хэвлэмэл материалыг барьж, зохион байгуулалттай жагссан нь ингэж хардахад хүргэж байгаа юм. Магадгүй, Петро Чайна-гийн нөлөөгөөр “Бүгд найрамдах Халх гол ард улс” байгуулагдаж Монгол төрийнхөө эсрэг босоод байгаа юм биш байгаа даа.
Саяхан Монгол Улсын Ерөнхийлөгч “Бүгд найрамдах Халх гол ард улс” руу очих нь гэсэн яриа гараад намжсан. Дөчөөд оны дундуур байх аа, баруун хилийн тулгаралт гэж эх орны баруун хязгаарт айхтар юм болж олон аавын хөвгүүд эрсэдсэн. Маршал Чойбалсан өөрийн биеэр очин Ховдын Булганы Алаг толгой гэдэг газар Оспантай уулзаж байсан түүх бий. Түүн шиг Монгол төрийн тэргүүн зүүн хилийн “тулгаралт” руу очих нь ээ гэх бодол төрснийг нуух юун.
Монгол Улс нэгдсэн нэгдмэл бодлоготой, хууль цаазтай хүчирхэг улс орон юм бол Халх голын асуудал дээр хатуу арга хэмжээ авч, төр төмөр нүүрээ харуулах цаг нь болсон. Улсын Их Хурал ажлын хэсэг гаргаж, Халх голд чухам юу болоод байгаа, юуны учир тусгаар улс байгуулагдсан мэт бослого тэмцэл өрнөөд буйг олон нийтэд үнэн зөвөөр нь мэдээлэх хэрэгтэй байна.
1939 онд Халх голд Монголын төр, Монгол Улс ялж байсан түүхтэй. Харийн дайсантай тэмцэж эх орныхоо тусгаар тогтнолыг авч үлдсэн. Тэгвэл өнөөдөр Монголын төр “Бүгд найрамдах Халх гол ард улс”-тай тэмцэж ялж ялагдахаа үзэх болжээ. Ийм л нэг инээдэмтэй ч гэмээр, эмгэнэлтэй ч гэмээр байдал нийгэмд бий боллоо. Сүүлд нь нэмээд хэлэхэд, энэ бүхэн юуг харуулна вэ гэхээр Монгол төрийн бодлого алдагдаж ямар ч уялдаа холбоогүй, хүнээр бол гар хуруу, мөч бүхэн нь тасарч санжчихсаны тодорхой дүр зураг юм. Төрийн алтан гагнаас хэдийнэ заадал бүхнээрээ салсан учир энэ олон ханлиг улс бий болж, “Бүгд найрамдах ард улс”-ууд гарч ирэх нь. Номхон бурхныг нохой хүртэл долооно гэгчээр Монголын төрийг хэн дуртай нь боорлодог болжээ.