Цагдаагийн ерөнхий газрын Тусгай хэлтсийн гурван ажилтан “VENUS” бааранд нэгэн иргэнийг зодож амь насыг нь хөнөөсөн талаар мэдээлэл өнгөрсөн долоо хоногт шуугиан тарьсан. Тодруулбал, ЦЕГ-ын Тусгай хэлтсийн хоёр ахлах дэслэгч, нэг ахлагч цолтой ажилтан Зэвсэгт хүчний 150 дугаар ангид албан хаагчийг хөнөөсөн хэрэгт сэжиглэгдэн ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдаж буй. Тэгвэл уг асуудлаар ЦЕГ-ын даргын зөвлөл хуралдаж, уг хэрэгт сэжиглэгдэн шалгагдаж буй гурван албан хаагчийг ажлаас нь халжээ. Мөн тэднийг удирдан ажиллаж байсан дарга нарт ч хариуцлага тооцсон аж.