Categories
мэдээ соёл-урлаг

Дуу хөгжим “нүдэнд харагдаж, гарт баригддаг” болсон нь

Эрт цагт нэртэй дуучид, хөгжимчдийг зөвхөн хажуунаас нь л сонсох боломжтой байв. Гэвч энэ нь дуурийн театр орох боломжтой дээдсүүдийн хүрээнийхэнд л хамааралтай байсан юм. Өнөөгийн CD, DVD болон дуу авиа, хөгжмийг хадгалах тоног төхөөрөмжүүд нь хүн төрөлхтний гайхалтай бүтээлүүдийн нэгд зүй ёсоор багтах билээ. Тэгвэл хүмүүс хэзээнээс дуу хөгжмийг хадгалан үлдээх болсон юм бол… Энэ тухай сонирхоцгооё.

Эгшигт хайрцаг

Хүн төрөлхтөн дуу хөгжмийг бичиж, хадгалан үлдээх болсон нь дундад зууны үеэс эхтэй аж. Хамгийн анхны дуу бичиж, хадгалах төхөөрөмж бол эгшигт хайрцаг юм. Францын зохион бүтээгч Лион Скотт 1857 оны үеэс дуу авиаг хадгалан үлдээх төхөөрөмжийн талаар бодож эхэлжээ. Тэрээр дууны чичирхийлэх долгионыг цаасан дээр буулган хурааж аваад, түүнийгээ ямар нэгэн хайрцагт хадгалах боломжтой гэж үзэж байв. Түүний бүтээсэн анхны дуу хадгалах төхөөрөмж нь дуугаа давтан сонсох боломжгүй байсан аж. Лион Скоттын санааг алдарт зохион бүтээгч Томас Эдисон төгөлдөржүүлж 1877 онд анхны дуу хураагуур буюу эгшигт хайрцгийг бүтээжээ. Тэрээр цаасан соронзон хальс дээр дууг хураан авах аргыг нээсэн юм. Түүний бүтээсэн эгшигт хайрцгийг давирхайгаар хийсэн цилиндртэй дуу хураагуур хэмээн нэрлэж байв.

Аудио бичлэг буюу кассет

1928 онд Германд Фриз Плеймэр гэх хүн соронзон туузыг дуу бичихэд зориулан зохион бүтээжээ. Плеймэр бүтээлдээ т (Fe2O3)-н нунтгаар бүрсэн урт нарийн цаасыг ашигласан байна. Энэхүү бүтээлийг дуу бичлэгийн машин үйлдвэрлэдэг Германы цахилгаан барааны “AEG” компани цааш үргэлжлүүлэн хөгжүүлсэн бөгөөд өөрсдөө туузаа үйлдвэрлэдэг байв. AEG-д ажилладаг Эдуард Скүллер 1933 онд соронзон туузны эргүүлэгчийг цагариг хэлбэртэй болгон өөрчилжээ. Анх соронзон туузыг зохион бүтээхдээ тууз эргүүлэгчийг шовх хэлбэртэйгээр зохиосон байна. Дэлхийн хоёрдугаар дайны дараа америкчууд Германаас энэхүү дуу бичдэг төхөөрөмжийг нэвтрүүлж Жак Муллон, Жон Хербэрт Ор, Ричард Х.Ранжер нар улам сайжруулан хөгжүүлсэн байна. Ингэж сайжруулахдаа, олон төрлийн бичлэг хийдэг компакт кассетыг бүтээжээ.

Дээр үед бүтээгдсэн хэдий ч эгшигт хайрцаг, пянз тоглуулагч, кассет зэрэг нь одоо ч үнэ цэнээ алдаагүй байна. Хүмүүс өдөр тутамдаа эдгээр тоног төхөөрөмжийг ашиглахаа больсон ч цуглуулж, хадгалдаг хүмүүс маш олон.

Пянз тоглуулагч

Өнөөгийн компакт диск буюу CD, DVD-ний өвөг болох пянз тоглуулагчийг АНУ-ын зохион бүтээгч Эмили Берлинэр гэгч бүтээжээ. Эмили Томас Эдисоны зохион бүтээсэн лав цилиндртэй эгшигт хайрцган дээр үндсэн пянз тоглуулагчаа хийсэн аж. Түүний зохиосон энэхүү пянз тоглуулагч нь таван сантиметрийн голчтой, гараар эргүүлж ажиллуулдаг байжээ. Ийм пянз тоглуулагчийг 1899 онд анх удаа Европт худалдаанд гаргаснаар хүмүүс дууг театр юм уу дуучны хажуунаас бус аль дуртай газраасаа сонсох боломжтой болсон юм. Энэхүү шинэ бизнес нь Эмили Берлинерт их ашгийг авчирсан бөгөөд үйлдвэр байгуулах хөшүүрэг нь болжээ. Тухайн үед зөвхөн дээдсийн хүрээний язгууртнууд л пянз тоглуулагч худалдан авдаг байсан байна.

Цахилгаан пянз тоглуулагч

Барууны орнуудад 1920-иод оны дунд үеэс дуу чимээг хадгалан үлдээх илүү хөгжингүй технологиудыг загвар зохион бүтээгчид бүтээхээр оролдож эхэлжээ.

Тухайн үед цахилгаан гэрэл, утас нэвтэрч байсан

бөгөөд нэг ёсондоо цахилгаан бүтээгдэхүүний эрин зууны эхлэл тавигдаж байсан гэж болно.

Энэ үед гарсан технологиудын нэг нь цахилгаан пянз тоглуулагч юм. Хамгийн анхны цахилгаан пянзыг 1925 онд үйлдвэрлэн гаргасан бөгөөд тэр нь Шопены аятай пянз байсан аж.

Энэ үед аудио бичлэг хийх, эвлүүлэхэд ашигладаг соронзон туузны ажиллах зарчим нь өмнөхөөсөө илт сайжирсан байв.

CD-нээс DVD

DVD гэсэн үг нь “Digital Versatile Disc” буюу орчуулбал тоон системийн хөдөлгөөнт мэдээлэл хадгалагч гэсэн утгатай.

Харин CD буюу “com­pact disc” нь “нягтруулсан мэдээлэл хадгалагч” гэсэн утга бүхий үг юм. Түүхийн хувьд CD нь харьцангуй эрт буюу 1970-аад оноос эхтэй. Анхлан цахилгаан бараа бүтээгдэхүүний “Philips”, “Sony” зэрэг компаниуд үйлдвэрлэж эхэлжээ.

Улмаар 1990-ээд оны эхэн үеэс багтаамж сайтай хоёр янзын мэдээлэл хадгалах стандарт диск газар авсан байна.

Энэ нь “Philips” болон “Sony” компанийн гаргадаг “multimedia compact disc” ба бусад компаниас гаргадаг “super density disc” гэх нэртэй дуу хадгалах төхөөрөмжүүд байсан юм. Энэ цагаас алдарт “IBM” корпорацийн ерөнхийлөгч Лоу Герстнер дээрх хоёр стандартыг нэгтгэх зорилго тавьжээ. Ийнхүү өнөөгийн DVD бий болсон байна. Илүү их багтаамжтай DVD нь 1995 оны арванхоёрдугаар сараас эхлэн худалдаанд гарсан бөгөөд 5GB багтаамжтай байжээ.

1990-ээд оны үеэс эхтэй боловч 2003 оноос эхлэн Америк, Европ, Австралид DVD-ний хөгжил илүү хүчээ авсан гэж болно. Харин орчин үед дуу хөгжмийг утас, компьютер гээд цахим орчинтой бүхий л газраас хүлээн авч сонсох боломжтой болжээ.

ЗӨВЛӨГӨӨ

Зурагдсан CD, DVD-г хэрхэн цэвэрлэх вэ

CD, DVD бага зэрэг л зурагдахад хөгжим, DVD тоглуулагч голж, гацан сонсоход хүндрэлтэй болдог. Түүнийг гэрийн нөхцөлд хэрхэн цэвэрлэх талаар зөвлөе.

-Цэвэрлэх хэрэгсэл: Гадил жимсний хальс, шүдний оо эсвэл метал өнгөлөгч, зөөлөн алчуур.

Алхам 1. Эхлээд CD-нийхээ гадаргууг цэвэрлэнэ. Халуун бүлээн усаар бага зэрэг савандаад угаах хэрэгтэй. Хүчтэй үрж угааж болохгүй. Угаахдаа дотор талаас нь гадагш чиглэлтэйгээр угаагаарай.

Алхам 2. Саванг усаар зайлж угаагаад усыг нь сэгсрээрэй. Бүрэн хатаж дуусахаар нь тоглуулагчид хийгээд ажиллах эсэхийг шалгаарай. Учир нь ихэнх тохиолдолд савангаар угаасны дараа зурагдсан хэсгүүд арилсан байдаг юм.

Алхам 3. Хэрвээ гарахгүй бол та өөр арга хэрэгслүүдээ ашигла. Гадил, шүдний оо, метал өнгөлөгч аль нь ч байсан таван минут үрээд усаар сайтар угааж хатаах хэрэгтэй.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *