Categories
мэдээ нийгэм

Хямралын АШИГ

Хямрал гэдэг нь өөрчлөлт гэсэн грек үгнээс гаралтай гэнэ. Хүмүүс олноороо хамтран амьдрах болсноос хойш хямрал дагалдсаар иржээ. Орчин цагийн утгаараа бол эдийн засгийн тогтвортой өсөлт алдагдаад зогсохгүй уналт үүссэн нөхцөлийг хямрал гэж нэрлэж байна. Эдийн засагчдын үзэж буйгаар том, бага хэмжээгээр эдийн засаг байнга хямарч байдаг. Хямралын хамгийн жижиг хувилбар бол инфляци. Өндөр хөгжилтэй орнуудын инфляци 1-3 хувьтай байдаг. Харин эдийн засгийн өсөлт нь 2-5 хувь. Сүүлийн 100-гаад жил дэлхийн хэмжээний арваад хямрал тохиожээ. Дэлхийн I дайны дараа 1914 онд болсон хямрал нь дайны зардлаас үүсэлтэй. Англи, АНУ, Франц ба Германы Засгийн газрууд дайныг санхүүжүүлэхээр их хэмжээний үнэт цаас, бонд, өрийн бичиг гаргажээ. Энэ хямрал Оросын эзэнт гүрнийг сүйрүүлж коммунизмыг төрүүлсэн гэж үздэг. Харин 1929 онд болсон хямрал Нью-Йоркийн хөрөнгийн биржээс үүдэлтэй. Тухайн үед үнэт цаасны ханш 70 гаруй хувиар унаж АНУ-ын санхүүгийн ертөнцтэй холбоотой орнуудын үй олон үйлдвэр, аж ахуйн нэгжүүд хаалгаа барьжээ. Энэ хямрал 1933 он хүртэл үргэлжилж Герман фашизм төрсөн гэж үздэг. 1973 онд АНУ-д нефтийн хямрал болж, нефть экспортлогч гол орнууд нефтийн үнээ буулгаж, олборлолтоо багасгаад зогсохгүй, үнийг зохиомлоор хөөрөгдөх оролдлого хийгээд үр дүнд хүрээгүй гэдэг. 1990-ээд онд Мексикт болсон хямрал нь гадаадын хөрөнгө оруулалтаас үүдэлтэй. Тухайн үед Мексикийн Засгийн газар асар их хэмжээний гадны хөрөнгө оруулалтыг татаж чаджээ. Харамсалтай нь эхний хөрөнгө оруулалт буцаж, төсөл хэрэгжиж дуусахад эдийн засаг хүчтэй хямарч эхэлжээ. Гадаадын хөрөнгө оруулагч нар буцаж гарахдаа тухайн улсын их хэмжээний баялгийг хамж гарчээ. Азид болсон 1997 оны хямрал нь дэлхийн II дайны дараахь хамгийн том хямралд тооцогдоно. Энэ хямрал Азийн орнуудаар зогсохгүй дэлхийн нийт ДНБ-ийг ихээхэн хэмжээгээр буурахад хүргэжээ. ОХУ-д 1998 онд болсон хямрал нь их хэмжээний Засгийн газрын өрөөс үүдэлтэй бөгөөд хямралын улмаас ОХУ дэлхийн олон бүсэд хүчирхэг байсан нөлөөгөө алджээ. Хамгийн сүүлийн томоохон хямрал бол АНУ-аас үүсэлтэй орон сууцны урт хугацааны зээлээс эхлэлтэй. Тухайн үед Засгийн газрын баталгаагаар 20 гаруй сая иргэн ямар ч барьцаагүйгээр орон сууцны зээл олгосон гэдэг. Иргэд эхнээсээ зээлээ төлж чадахаа болиход даатгалын компаниуд сүйрч, улмаар банкуудаа аюулд оруулжээ. Хэдийгээр хямрал олон зовлон үүсгэдэг боловч аливаа хямралын дараа эдийн засаг илүү хүчирхэгжиж, илүү гарцуудтай болсон байдаг нь нотлогджээ. Хямрал олон шинэ боломжууд түүн дотроо техник технологи, түүхий эдийн хэмнэлт, үйлдвэрлэлийн цар хүрээг өөрчилдөг давуу талтай. Жишээлбэл өнөөгийн Хятадаас үүдэлтэй хямралын шинж тэмдгүүд уул уурхайн түүхий эдийн үнийг унагаж байна. Энэ нь түүхий эдгүй орнуудад асар их хямрал авчирна. Дэлхийн I дайны дараахь хямрал Лениний засгийг хөл дээр нь босгоод зогсохгүй ГОЭЛРО хэмээх Орос орныг цахилгаанжуулах төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд шийдвэрлэх үүрэг гүйцэтгэжээ. Тухайн үед АНУ-д их хямрал гарч зээл, тариа будаа маш хямдхан байсан нь Орос руу цутгасан байна. Энэ урсгалаас АНУ-д найман тэрбумтан төрсөн гэдэг. Монголчууд дэлхийн эдийн засагтай багахан хэмжээний уул уурхайн бүтээгдэхүүнээр холбогддог тул өртөх нь маш бага. 1990 онд ЗХУ задрахад зээл тусламж зогссон учраас жаахан бэрхшээл үүссэн.

Харин 1998 оны Оросын хямралын үед Хятадын зах зээлд нэвтэрсэн тул бидэнд мэдрэгдээгүй юм. 1990 оноос хойш өнөөдөр л монголчууд хямралтай нүүр тулж байна гэж болно. Тухайн үед картын бараагаар амьдралаа залгуулж байсан. Харин өнөөдөр захын иргэн машинтай болсон бөгөөд суух хүн цөөрөөд ирэхэд л хямрал гэдэг ойлголт үүснэ. Хөрөнгөгүй хүн хямралд өртдөггүй. Хэн нэгний дэлгүүр, цайны газар орлогогүй болохын цагт л иргэд хямрал нүүрлэж байгааг мэдэрдэг. Гэхдээ энэ тийм ч аюулт үзэгдэл биш. Хэрэв сайнаар харвал уул уурхайгаас орох орлого буурснаар манай эдийн засагт асар их өөрчлөлт гарч байна. Дотоодын аж үйлдвэрийн өсөлт хямралтай гэх нь сүүлийн үед их хэмжээгээр нэмэгдэж байна. Ирэх жилээс арав гаруй импортыг орлох томоохон үйлдвэрүүд ашиглатад орно. Удахгүй нефть, зэсийн үйлдвэр баригдана. Энэ бүхэн хямралын ач тус. Эрдсийн үнэ унаж орлого буураагүй бол эрх баригчид уул уурхайн салбараас орж ирсэн орлогоор төсвөө томсгоод л суух байсан.

Харин өнөөдөр дотоодын үйлдвэрлэл өсөөд зогсохгүй, байнгын ажлын байр олноор нэмэгдэж байна. Хэрэв энэ эрчээрээ дахин дөрвөн жил болбол монголчууд долларын хараат байдлаас гарна. Энэ нь эдийн засгаа удирдах боломж олгох юм. Тэрбумтнууд хямралд өртсөнд баярлах үзэл байдаг.

АНУ-ын их хямралуудын үеэр жирийн иргэд ажлын байраа алдсан ч амьжиргааны тэтгэмж авдаг. Ихдээ л орлогоос хэтэрсэн тансаг байраа алдана. Гэтэл корпорациудын орлого хэдэн арван тэрбумаар буурдаг. Энэ нэг талаас таны идэх талхны хэмжээ буурснаар төсөв багасч нөгөө талаас төргүй болох эхний аюул юм. Мөн энэ алдагдал таны байнгын өндөр цалинтай ажлын байрыг залгина. Траншейны нөхрөөс “Хэр хямарч байна” гэж асуухад мэдэгдэх юм алга гэнэ. Харин “АПУ” компанийн захиралд энэ асуултыг тавьбал хэдэн мянган хүний цалинтай тэнцэх тоо хэлнэ. Хямрал эдийн засаг, нийгмийн тогтолцоог ч сайжруулах олон үр дүн авчирдаг. Өнөөгийн хямрал төрийг цомхотгоод зогсохгүй, төсвийн үрэлгэн зардлыг нийгэмд харуулж чадсан.

Хөдөөгөөр нэг царцсан барилгууд үүний жишээ юм. Үл хөдлөх хөрөнгийн үнэ буурч байгаа нь Яармагийн барилгын квотыг чөлөөлж байгаагаас харагдана. Энэ нь Яармагийн шинэ байрны үнэ нэмэгдсэндээ бус хотын төвийн үнэтэй байрнуудын үнэ буурсантай холбоотой. Иргэд ажил дээрээ гэрээсээ хоол авчирч идэх нь нэмэгдэж байна. Барууны орнуудын уушийн газрууд арван хувийн л ашигтай ажилладаг бол манайх 50-иас доошгүй хувийн ашиг хийдэг гэнэ. Иргэд хоолонд орох нь багассанаар уушийн газрууд хямд үнээр өрсөлдөж эхэлнэ. Улмаар арван хувийн ашиг олох хямд үнэтэй хоол зарвал иргэд гэртээ хооллохоо болиод уушийн газрыг зорих нь нэмэгдэнэ. Хямралын үед үл хөдлөх хөрөнгө, үнэт эдлэлүүд эхний ээлжинд хямдардаг. Мөнгөтэй хүмүүс хадгаламжаа үнэгүйдүүлэхээс хамгаалж ханш багатай мөнгөөр хямд үл хөдлөх хөрөнгө авах боломж үүснэ. АНУ-д 2009 оны хямралын үеэр хоёр хаус тус бүрийг нь 90 мянган ам.доллараар худалдан авсан залуу байдаг гэнэ. Өнөөдөр түүний хоёр хаус 240 мянган ам.доллар болсон. Иргэд мөнгөө хэмнэснээр өмнө нь анзаардаггүй байсан шаардлагагүй зардлаа танаж, хямралаас гарсны дараа хуримтлал үүсгэх сонирхолтой болно.

Х.Баттөгс

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *