Categories
мэдээ цаг-үе

Сүүлийн үеийн шуугиан болоод буй Халх голоос сурвалжилсан нь

Дорнод аймгийн Халх гол суманд хөдөө аж ахуйн Халх гол чөлөөт бүс байгуулах УИХ-ын 75 дугаар тогтоол өнгөрсөн долдугаар сарын 9-нд гарсан. Чөлөөт бүсийн талбайд тус сумын 500 мянган га газар орж байгаа юм. Хүнс, хөдөө аж ахуйн яамныхны мэдэгдэж буйгаар энэхүү чөлөөт бүс байгуулагдсанаар уул уурхайг биш нөхөн сэргээгдэх байгалийн баялгийг түшиглэсэн аж ахуй хөгжих, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн малын өвчингүй бүс бий болох, хотоос хөдөөг зорих нүүдэл ихсэх, 1000 ажлын байр бий болж жилд 8-9 тэрбум цалингийн эх үүсвэртэй болох аж. Мөн зүүн бүсээс Халх гол чөлөөт бүсээр дамжуулан жилд дунджаар 400 сая ам.долларын махны экспорт хийх боломж бүрдэх гэнэ.

Гэвч Халх гол сумын иргэд уг чөлөөт бүсийг эсэргүүцэж байгаа тухай мэдээлэл тархаад байсан. Өнгөрсөн есдүгээр сард Дорнод аймгийн нутгийн зөвлөлийн дарга Д.Цогтбаатар, өмгөөлөгч Ч.Эрдэнэбат, Г.Батбаяр нар тус сумын иргэдтэй уулзсан байдаг. Мөн УИХ-ын гишүүн Г.Уянга, Х.Болорчулуун, Ц.Даваасүрэн нар энэ шийдвэрийг эсэргүүцэж нутгийн иргэдэд мэдээлэл өгсөн байна. Тэдний араас өнгөрсөн бямба гаригт Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа тэргүүтэй албаны хүмүүс Халх гол сумын иргэдтэй уулзахаар явсан юм.

Чойбалсан хотод хоноглоод өглөөний 05:00 цагийн орчимд замд гарлаа. Мэнэнгийн их талыг туулан 11:00 цаг өнгөрч байхад Ялалт баг дээр очив. Уулзалт хийхээр ирсэн хүмүүст нутгийн иргэд багийнхаа хурлын танхимыг нээж өгсөнгүй. Харин хурлын байрныхаа гадна “Миний Монголын газар шорооноос бурхан гуйсан ч бүү өг” “Халх гол зөвхөн бид бүхнийх биш Монгол эх орны минь нутаг. Хамтдаа тэмцье”, “Бурмаад манай нутагт гишгэх эрх байхгүй”, “УИХ-ын 75 дугаар тогтоолыг цуцлахыг шаардаж байна”, “Гадаадад тавьсан өрөндөө бидний өсч төрсөн нутгаас өгөхыг зөвшөөрөхгүй” зэрэг лоозун хадсан байлаа. Мөн гартаа лоозунаа бариад эгнэн суужээ. Халх гол сумын газрын зургийг улаан дэвсгэр дээр дүрсэлжээ. Тэр зурган дотроо дайны үеийн цэргүүдийн зураг, УИХ-ын гишүүдийн чуулганы танхимд зогсож авахуулсан зургийг тавиад дээр нь “Бид ялав, Тэд яасан бэ?” хэмээн бичсэн харагдана. Тэрхүү хулдаас болон гэрэл зургийн цаасан дээр хэвлэсэн гоёмсог таниулах хуудас анхаарал татаад болдоггүй. Нутгийн хүнээс асуухад “Нутгийн зөвлөлийн дарга Д.Цогтбаатар, өмгөөлөгч Ч.Эрдэнэбат, Г.Батбаяр нарыг ирэх үеэр л заал чимэглэсэн байсан хуудас мөн байна” гэв. Халх гол сумын ИТХ-ын тэргүүлэгч Ц.Насанхүү, тус сумын ИТХ-ын төлөөлөгч В.Буяндэлгэр нар чөлөөт бүс байгуулахыг эсэргүүцсэн үг хэллээ. Тэдний дараа нас тогтсон хэдэн хүн шүлэглэсэн үг хэлж байна. Ингээд өнөө чанга яригчаа аваад цугласан хүмүүсийн нэг хэсэг нь шууд яваад өгөв. Дараа нь хаанаас ч юм гэнэт л байсхийгээд “Гал гарлаа” хэмээн хашгирах юм. Тэгэхэд хүмүүс “Гал гарсан байна гэнэ” гэсээр эхнээсээ тарж эхлэв. Сүүлд нь “гал гарлаа” гэдэг нь тарах нууц үг гэсэн цуу яриа ч сонсогдож л байв.

Ингээд Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа үг хэлэх гэтэл чанга яригч байсангүй. Олон хүн ч үлдсэнгүй. Үлдсэн цөөхөн хүнд нь “Намайг газар шороо худалдах гэж байна гэлээ. Гэтэл сумынх нь Засаг дарга гадаадынханд ямар ч хяналтгүй газар олгож байна. 100 хувийн өмчтэй Хятад компанид газар өгөөд сууж байдаг. Үүнийг нь суман дээр байгаа улс мэдэхгүй сууж байна. Ингэж газар шороогоо хамгаалдаг юм уу. 10, 20, 36 мянган га-гаар нь малын тэжээл тарина гээд хууль ёсоор нь өгч байдаг. Солонгосын 100 хувийн хөрөнгө оруулалттай “Хансолмо” компанид 2009 онд 30 мянган га газар өгсөн байсан. Хятадын 100 хувийн хөрөнгө оруулалттай “Соёмбобуудай”-д газар өгсөн байна. Тэнд тариалан эрхлээд явж байна. Энэ өөрөө Монгол Улсын хууль, журмыг зөрчиж байна. Монгол Улсын иргэд, байгууллагууд газар өмчлөх, эзэмших эрхтэй. Гадаадын байгууллага болон иргэдэд газар түрээсэлж болно. Гэхдээ зөвхөн УИХ-ын шийдвэрээр газрыг түрээсэлдэг. Тэнд хятадууд тариалан эрхэлж байна гэж яриад байдаг нь үнэн хэрэг дээрээ Засаг дарга нь өгчихсөн хэрэг. Үнэндээ төрийн мэдэлд байдаг газрыг сумын Засаг дарга дураараа өгдөг болчихжээ. Тийм болохоор төрөөс анхаарах нь зүйтэй. Өмнө нь зөвшөөрөлгүй рапс тарьдаг тухай мэдээлэл надад ирж байсан. Зарим газар хэдэн жил дараалан рапс тариад үржил шимгүй зэрлэгшсэн байгаа. Хөдөө аж ахуйн үүц гэж хадгалж, хамгаалж ирсэн нутгаа бид онцгой дэглэмд авч хамгаалах нь зүйтэй. Тиймийн тулд Халх голын хөдөө аж ахуйн чөлөөт бүс байгуулах тогтоол гарсан” хэмээн ярилаа.

Харин Халх гол сумын ИТХ-ын төлөөлөгч В.Буяндэлгэр “Сумын Засаг дарга Ц.Сүхбаатар, ИТХ-ын дарга байсан Ц.Насанхүү нарыг 2009 онд Солонгосын 100 хувийн хөрөнгө оруулалттай компанид их хэмжээний газар өгсөн гэж байна. Би тэр үед хурлын төлөөлөгч байгаагүй. Хэрвээ өгсөн бол ус нутгаа хамгаалж таарна. Тиймээс ус нутгаараа хэлэлцээд энэ асуудлыг цуцалж, шийдвэр гаргасан хүмүүсийг огцруулж болно шүү дээ. Үнэхээр тийм зүйл болсон бол урьд нь яагаад арга хэмжээ аваагүй юм. Өнөөдөр биднийг юм ярихаар яагаад сумын Засаг дарга чинь газраа гадаадынханд өгдөг гэж сөргүүлж тавьж байгаа юм. Долдугаар сарын 9-нд луйвар болсон. Хэрвээ 75 дугаар тогтоолыг цуцлахгүй бол нутгийн иргэд бид эцсээ хүртэл тэмцэнэ. Зөвхөн Халх гол биш Монгол орон даяараа энэ асуудалтай тэмцэнэ. Тэмцлийн ямар хэлбэр байдаг юм бүгдийг нь ашиглана. Хүмүүнлэг ардчилсан төртэй нийгэмд ард түмнээ энд үхүүлнэ үү, амьдруулна уу төр засаг удирдаж байгаа хүмүүс мэдэх биз. Монголын ард түмэн өнөөдөр элгээрээ хэвтэж байна. Төрийн томчууд гадаадын улс оронд очихдоо өр дагуулж ирж байна. Үүнийг хэн төлөх вэ, Монголын ард түмэн төлнө. Р.Бурмаа сайд Халх гол сумыг маш сайхан сум болгоно гэж байна. Наймхан сарын хугацаанд яаж хөгжүүлэх юм. Өрийн дарамтад ороод төсвийн ажилчдын цалин, хөгшдийн тэтгэврээ тавьж чадахгүй шахуу болж байна. Үүнийг төлөхийн тулд бидний газар шороог худалдаж өрийнхөө барьцаанд өгөх гэж улайрч байна шүү дээ” хэмээн ярьж байлаа.

Нутгийн иргэдийн яриагаар бол Ц.Насанхүү, В.Буяндэлгэр нар нь сумын ИТХ-ын үе үеийн дарга байсан хүмүүс гэнэ. Мөн Бямбадорж гэх хүн “Өмнө нь Петро чайна Дачин тамсаг” мөн л сайхан болгоно гэж ярьсан. Гэвч бэлчээрийг цөлжүүлж бидний амьдралыг улам доройтуулсан. Хятадууд манай суманд өвс хаддаг. Маш том талбайг хадаад дуусч байгаа. Бид “Петро чайна Дачин тамсаг”-тай ч, Халх голын хөдөө аж ахуйн чөлөөт бүсийн эсрэг ч тэмцэнэ. Хэрвээ Бурмаа сайд ийм шийдвэр гаргаагүй бол бид хурлынхаа танхимыг цэлийтэл нээгээд угтах байсан. Монгол хүмүүс шүү дээ бид чинь. Одоо бол оруулахгүй” гэж байна. Өөр хэд хэдэн хүнтэй ярилцах гэж оролдлоо. Гэвч “Хулгайч, луйварчдын яриаг юуг нь сонсох вэ. Гадаад ажилчид гурван хувиас ихгүй гэж байна. Монголын хууль гурав хоног гэдэг. Баахан хятадууд ороод л ирнэ” хэмээх аж. Харин Халх голын цэргийн отрядын захирагч Ц.Батбаатар “Хуулиар хил хамгаалах байгууллага улсын хилийн боомтоор гурван үүрэгтэй ажиллаж байгаа. Манай боомтуудаар нэг тонн, нэг боодол өвс ч гараагүй” хэмээсэн юм.

Тал талд ийн өөр өөр яриа болсон цугларалт 30 орчим минут үргэлжлээд тарлаа. Тэндээсээ хөдөлж Хүнс хөдөө аж ахуйн сайд болоод бусад албаны хүмүүс Баянхошууны боомтын үйл ажиллагаатай танилцав. Энэ үеэр хилийн цэрэг болоод гаалийн ажилтнуудад танилцуулгаа хийлээ. Р.Бурмаа “Чөлөөт бүс гэдэг хашаа барихыг хэлэхгүй. Бэлчээрийнх нь нутаг, хөрснийх нь байдалд байнгын хяналт шалгалт тавьдаг тэр дэглэмийг хэлж байгаа юм. Байнгын хяналт шалгалт гэдэг нь эргээд тариалангийн бүсийг дордуулахгүй байх ёстой. Эмзэг хөрс, салхи ихтэй учраас ойн зурвас байх ёстой. Хөрсийг гэмтээдэггүй технологи хэрэглэх ёстой. Зөвшөөрөгдсөн генийн өөрчлөлтгүй стандартын үрээр тариа тарих ёстой. Энэ бүх шалгуур стандартуудыг тавьж үйл ажиллагаа явуулах эрхийг өгнө. Хэрвээ үүнийг зөрчөөд бэлчээрийн болон тариалангийн бүсийг дордуулсан байвал газрыг нь нэн даруй хурааж авна. Ийм л ойлгомжтой дэглэм журмын дагуу хөдөө аж ахуйн үйлдвэрлэл явагдах ёстой. Төр юм бол газар нутгаа мэдэж стандарт дүрэм журмын дагуу үйл ажиллагаа явуулдаг байя. Хязгаар нутагт хяналтгүй байгааг далимдуулан ашиг олж үүнээ хамгаалахаар иргэдийг турхирч байна. Иргэдэд газрыг нь баахан компанид хуваагаад өгөх нь гэж ойлгуулсан байх юм. Өөрсдөө хуваагаад өгчихсөн байна. Одоо тэр нь илрээд, илчлэгдлээ гэж сандраад байна. Уг нь Хөдөө аж ахуйн чөлөөт бүс болгосноор хамгийн түрүүнд ашиг хүртэх хүмүүс бол нутгийн иргэд шүү дээ. Учир нь хөдөө аж ахуй бол нутгийн иргэдийн хийж чадах ажил юм. Өөрсдөө үхэр, хонины аж ахуйгаа ажиллуулж болно. Түүнийг нь дэмжсэн бодлогыг бид стандартын дагуу шийдэж өгнө. Жишээ нь үхрийн аж ахуйг үржүүлье гэхэд нэг загвар аж ахуй байна. Тэр нь малын тэжээл, эрүүл ахуй, үржлийн менежментээ хариуцаад явна. Түүнийг дагаад малчид өрхөөрөө хоршоод нийлж ажиллая. Үүнээс гарч байгаа бүтээгдэхүүнийг бид зохион байгуулалттайгаар чөлөөт бүсийн дэглэмээр зохицуулж худалдаж өгнө гэсэн ийм төлөвлөгөөнүүд гарсан. Энэ урьдчилсан тооцоог ард иргэдэд танилцуулъя гэхэд харамсалтай нь турхирсан байдалтай байна.

75 дугаар тогтоолыг цуцлах юм бол үүний цаана эргээд уул уурхайн лиценз явагдана. 22 дугаар талбай буюу 500 мянган га газар буцаад “Петро чайна Дачин тамсаг”-т очих байх. 13 жил тэдний мэдэлд лиценз нь байх хугацаанд энэ нутаг оронд юу ч бүтээн байгуулагдаагүй. Ямар ч ажлын байраар хангаагүй байна. Монголчууд өөрийнхөө нутагт хийж чаддаг юм нь энэ мал аж ахуй. Дугаржав тэргүүтэй эрдэмтдийн гаргаж, үүлдрийг нь бий болгосон мухар улаан махны үхэр байна. 50 мянган үхэр бэлчиж, тэжээх боломжтой нутаг гэж эрдэмтэд аль 1968 онд тооцоолсон байдаг. Түүнийг дагаад 20 мянган барга хонины аж ахуй хөгжүүлэх боломжтойг тогтоосон. Эрчимжүүлсэн аж ахуй гэдэг бол гадаадын өндөр үнэтэй технологийг авчрахыг хэлж байгаа юм биш. Одоо байгаа мал, малчдын амьжиргаа ажлыг эрчимжүүлэхийг хэлж байгаа. Энэ бүсэд эрүүл бүс бий болгоё. Малаа эрүүлжүүлж өгье. Малын гаралтай бүтээгдэхүүн экспортолдог болъё. Хөдөө аж ахуйн таримал ургамал гаргах болно. Импортыг орлосон бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжтой. Улс орондоо ихээхэн орлого олох боломж байна. Харамсалтай нь ард иргэдийг буруу турхираад байх юм. Эргээд Хятадын эзэмшилд, газрын тосонд өгөх гэсэн сонирхол байх шиг байна. Энэ газар нутгийг буцаад дүрэм журамгүйгээр энэ газар нутгийг цаанаа гадаадын эзэмшилтэй аж ахуйн нэгжид өгөх сонирхол байна. Өгөөд хэдэн жил яваад ирсэн байна шүү дээ. Түүнийг нь хэн ч хянадаггүй, шалгадаггүй. Бурмаа үүнийг дэлгэчихсэн учраас муу муухай харагдаад байна. Үнэн хэрэг дээрээ би газар нутгийг хамгаалахын төлөө явна. Би энэ нутгийн хүн. Нутгаа хөгжүүлэхийн төлөө явж байна” хэмээн танилцуулж байлаа.

Тэндээсээ Халх гол сум руу хөдлөв. Халх гол сумын наана явахад цагдаагийн хэлтсээс “Хүний бөөгнөрөл их байна. Зам хааж байна. 300 орчим хүн цугларлаа” хэмээн мэдээлэх аж. Хамар давааг өгсөөд гартал тэнд хүлээж байсан бололтой “Ланд-200” маркийн хар машинд хэдэн эмэгтэй суугаад түрүүлээд давхичихав. Уруудаад явахад давааны доор сумын төвийнхөө наагуур олон машины гэрэл гялбаж харагдана.

Ж.Баярсайхан

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *