Categories
мэдээ цаг-үе

Дамбийн Дашдондов: “Уулзах л юмсан чамтайгаа” дуунаас эхлээд олон бүтээлээр минь хүмүүс намайг мэддэг юм

Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн зохиолч, яруу найрагч Дамбийн Дашдондовтой ярилцлаа.

-Та бол яруу найрагчийн хувьд бас л зангарагтай, утга зохиолд өөрийн гэсэн томоохон буурь хатгасан хүн. “Сарны гүмүда”, “Навчсын дуулал” гээд яруу найргийн олон шилмэл бүтээл хэвлүүлсэн. Гэвч нэг л нам гүм байж бүтээлээ туурвисаар ирсэн. Эндээс яриагаа эхэлмээр байна?

-Баярлалаа. “Навчсын дуулал” шүлгийн ном минь улсын ном эрдэнэсийн санд хадгалах 2006 оны шилдэг номоор, “Бөлбөөхийн аялал” шүлгийн ном минь хүүхдэд зориулсан уран бүтээлийн шилдгээр шалгарч намайг баярлуулж л байлаа. Дотогшоогоо чимээгүй “хашгирдаг” гэх үү дээ.

-Утга зохиолын ертөнцөд хэзээ анх хөл тавьсан бэ. Яруу найргийн багш гэдэг ч юм уу, бичих туурвих зүйлд чинь урам өгч дэмжсэн хүмүүс гэвэл аваргуудаас хэн хэн байна.?

-Анхны “шүлэг” 1967 онд “Алтайн хөгжил” дээр хэвлэгдэж билээ. Тэгээд л орхичихсон юм. Тоо физик хөөгөөд явчихгүй юу. Гэхдээ угийн дуртай юмаа хүн бүр орхино гэж юу байх вэ. “Худаг дээр” шүлгий минь П.Пүрэвсүрэн ах 1983 оны “Утга зохиол, урлаг” дээр анх тавьж, дараа нь С.Дашдооров ах 1985 оны “Цог” сэтгүүлийн “Оч” буланд хэдэн шүлгийг минь тавьж бөөн баяр болж явлаа. Тэр үед би Эрдэнэтийн 10 жилийн нэгдүгээр сургуулийн захирал, нэг л их завгүй амьтан явлаа л даа. Тэгэхэд Нямбуугийн Нямдорж багшийн минь хэлсэн нэг үг надад их нөлөөлж намайг бүр гайхшруулж билээ. “Чи шүлэгч болъё гэвэл уран бүтээлээ ажлынхаа дээр нь тавь” гэсэн юм.

-Тэгээд ажлынхаа дээр тавьсан уу?

-Тэр чанга цагт чинь ажил албаныхаа дээр юун өөр юм гаргах. Ажил овоо өөдрөг явна, эргээд харахаар бичсэн юм байдаггүй, бухимдана. Тэгээд л шөнө дүл болтол суудаг болсон. Тэгтэл П.Пүрэвсүрэн ах юу гэсэн гээч. “Чи сайн шүлэгч болъё гэвэл уран бүтээлээ амьдралынхаа дээр тавь” гэдэг байгаа. Мань эр дуучин Ж.Сэлэнгэ эгчид өгөх захидлаа надаар дамжуулсан удаатай. “Тэр нэг хар юм нь Сэлэнгээг нүддэг гэнэ ээ. Тэр сайхан амьтны чинь хаана нь гар хүрдэг байна аа. Тэрнийг нь бодохоор дургүй хүрэх юм” гэж надад аминчлан хэлээд нэг их санаа алдсансан. Нэг тийм гэгээн хайраар л хайрладаг байсан байх гэж би бодоод Пүүжээ ах, Сэлэнгэ эгч хоёрыгоо өрөвдөж л явлаа. Би амьдралдаа хоёр зохиолчийн хайрын захидлыг зөөсний нэг нь тэр юм.

-Та уран зохиолын олон төрөл жанраар туурвидаг. Яруу найргаас гадна “Есүхэй”, “Ану хатан”, “Тэнгэрийн гэрээс” түүхэн дууриуд, мөн “Бөртэ” хөгжимт драм гээд тайз дэлгэцийн олон бүтээлүүд бичиж их урлагийн алтан сан хөмрөгийг баяжуулсан?

-2002 онд Мишигийн Цэдэндоржийн мэндэлсний 70 жилийн ойн яруу найргийн наадам Алтай хотод болсон. Би тэр уралдаанд нь тэргүүн байр эзэлж явлаа. Тэгээд Халиун сум руу явцгааж алдарт Бурханбуудай уулын бараа сүрд залбирч, Уст Чацран голын “Хавчиг өтөг” хэмээх газар орших Цэ багшийн төрсөн гэрийн буурин дээр очсон минь сэтгэл их хөглөсөн хэрэг. Ирээд л “Есүхэй” дуурийн цомнолоо бичсэн. Тэрнээс хойш арав гаруй шүлгэн жүжиг бичсэнээс “Бөртэ” маань Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойг зохион байгуулах үндэсний хорооноос “Хамгийн хамгийн шилдэг” бүтээл өргөмжлөл, “Тэнгэрийн гэрээс” фольк дуурь маань “Сонгодог бүтээл-2012” улсын уралдааны гран при шагнал хүртсэнийг би нутаг усны минь хийгээд Цэ багшийн минь тэнгэрийн хишиг гэж сүслэн боддог юм. “Ану хатан” бол Монголын анхны фольк дуурь. 2008 онд ДБЭТ-т аваачиж энэ дуурийг тоглосны дараа тэдний уран сайхны зөвлөл хэлэлцээд “Урьд өмнө гарч байгаагүй өвөрмөц шийдэлтэй, шинэлэг сайн бүтээл болжээ” гэж үнэлсэн юм. “Монгол рок дуурь тавих оролдлого хийсэн удаатай. Харин танайх Монголын анхны фольк дуурийг тавьж чадлаа” гэсэн Сэргэлэн даргын үгэнд ч манайхан их урамшсан. Энэ чинь Дуурь бүжгийн эрдмийн театрын үнэлэлт гэж бодохоор сайхан байдаг юм. Дуурийн алдарт дуучин том хэмээх Баттөр “Ану хатан” дуурийн Галдан хааны дүрд тоглосон тоглолтоороо тэгэхэд магистрийн зэргээ хамгаалж байлаа шүү дээ.Хөгжмийг нь Баатарын Цэрэндондов туурвисан. Ёстой гайхамшигтай сайхан аялгуутай хөгжмийн зохиолч шүү дээ. СУИС-ийн дуулаачийн ангийн хэсэг оюутнууд үзээд “Бид өмнө нь хэд хэдэн дуурь үзсэн. Ингэж сэтгэл хөдөлж бадарч байгаагүй” гэж чин сэтгэлээсээ хэлж байсныг дуулахад урамтай л байлаа.

-Сүүлд “Монголын их хатад” гэх өвөрмөц шийдэл бүхий бүтээл тайзнаа тавигдсан. Түүнийг зарим хүн таны цомнол гэх юм билээ?

-2014 онд Үндэсний дуу, бүжгийн эрдмийн чуулгад тавьсан “Монголын их хатад” бүжгэн туульсын тухай асууж байна уу. Түүнийг найруулсан бүжиг дэглээч Д.Баярбаатар надад Н.Болдын цомнол гэж хэлсэн шүү дээ. Би яруу найрагчаар нь оролцсон юм. Энэ бүтээл тайзанд тавигдахаас хоёр сар гарны л өмнө байх, над руу Баярбаатар утасдаад, “Бид нэг ийм бүтээл тавих гэтэл хатад хоорондоо ялгардаггүй ээ. Та есөн хатанд зориулж үзэгдэл бүрийн өмнө хэлэх 8-12 мөр шүлэг бичиж ирүүлээч. Бас хатдын дууны үг, хэлэх шүлэг, тууль хайлах үг хэрэгтэй” гэлээ. Тэгээд л цахим шуудангаар харилцаж, заримдаа утсаар ч ярих бил үү. Би уран бүтээлийн зовлон мэдэх болохоор, нөгөө талаар “Есүхэй”, “Бөртэ”, “Ану хатан” түүхэн шүлгэн жүжгүүд, “Гоо марал”, “Алунгоо” зэрэг дууны үг бичээд дуулуулчихсан. Тайзанд тавигдаагүй байгаа ч бас “Жамуха”, “Дөргөн”, “Сорхогтан” гээд түүхэн дуурийн цомнол, шүлэглэсэн жүжгүүд зохиочихсон хүн шүү дээ. Тийм болохоор богино хугацаанд Баярбаатарын захиалгыг биелүүлсэн. Ер нь Баярбаатарын найруулга, бүжгийн дэг, хөгжим, хөгжмийн найруулга, тайз, хувцас, жүжигчдийн гүйцэтгэл гээд бүх юм нь жигд сайн, их сайн бүтээл болсонд би их баярлаж явдаг юм даа. Харин жүжгийн зар сурталчилгаанд миний нэрийг эхэн үедээ огт дурдаагүй байсан. Н.Болдын цомнол, Д.Баярбаатарын найруулга, Б.Мөнхболдын хөгжим гээд бүхий л уран бүтээлч, оёдолчин, ажилтан бүх хүний нэрийг бичсэн атлаа шүү. Асуусан чинь таны нэрийг мартчихаж гэсэн. Сүүлд нь цахим танилцуулга дээрээ яруу найрагч гэж оруулсан байна лээ. Би уран бүтээлчдийн нэг хэсэгтэй уулзаж энэ бүжгэн туульс хэрхэн бүтсэн тухай ном хийе гэж бодсон чинь хөрөнгө мөнгө нь шийдэгдээгүй, тэгээд л өнгөрсөн.

-Танаас асуулгүй өнгөрч боломгүй нэг зүйл бол дууны урлаг. Та дууны яруу найрагчдын гол төлөөлөгчдийн тоонд зүй ёсоор орох байх. “Цайныхаа дээжийг тандаа барья, цамцны чинь товчийг бөхлөөд өгье”, “Би хөдөөний хүн”, “Цэцгээр хорвоо бялуурахын цагт санаагүй байж мэднэ ээ ээж ээ”, “Эндүүрмээр гэнэ ээ би ээжтэйгээ”, “Уулзах л юмсан чамтайгаа” гээд олон хит дууг нэрлэж болно. Дуутай холбогдсон түүхээсээ ярихгүй юу?

-Ая хийсэн 200 гаруй, дуулагдсан 100 гаруй дуу бий. Тэр бүхний түүхийг ярина гэвэл зай талбай хүрэлцэхгүй байх. “Ханийн тэнгэр” дууны үгийг Н.Чулуунхүүд утсаар өгч байлаа. Тэр үед гар утас гэж байсангүй. Чулуунхүүгийн өрөөнд Л.Мөрдорж гуай, сэтгүүлч Б.Дашзэвэг хоёр хамт сууж байтал нь би Эрдэнэтээс утсаар ярьж үгээ өгч таарсан байдаг. Мөөеө “Нөгөө дээлийн чинь сугыг товчлоод өгье …” гэдэг дуугаа аль нэг дуулаатхаач гэж Чулуунхүүгээс хүсдэг байсан юм гэнэ лээ. Тэр агуу хөгжмийн зохиолч намайг нэг дууны үг өгч явуулаач гэснийг нь би гэдэг мулгуу алгуурлаж яваад өнгөрөөчихсөн. Одоо хэр харамсдаг юм. “Айргийн амт нь чимчигнэсэн алтан намрын өнгө”, “Тэмээн сүргийн говь”, “Эмчээ дуулъя” зэрэг сайхан дуунуудын шүлгийг бичсэн О.Цэрэндэндэв гэж миний хүргэн ах байлаа. Цэрэндэндэв ахаар хэлүүлсэн байж билээ. “Уулзах юмсан чамтайгаа” дуунд хэн ая хийснийг олохсон гэж бодож явтал дуучин Т.Баясгалан манай ордонд ирж тоглолт хийв ээ. Үзэгчдэд хандан “Надтай Дэлгэрмөрөнг орлон хамтран дуулах цоглог залуу байвал гараад ирнэ үү” гэдэг байгаа. Тэрхэн зуур нь би өрөө рүүгээ гүйж “Навчсын дуулал” номтойгоо тайзан дээр гараад “Уйлж л дуулмаар дуу байдаг даа

Учирлаж ярьмаар хайр байдаг даа

Уйдахын аргагүй бодол байдаг даа

Уудалж онгоймоор сэтгэл байдаг даа…” хэмээн “Уулзах л юм сан чамтайгаа” шүлгээ уншсан чинь Баясгалангийн нүд орой дээрээ гараад ирэх нь тэр. “Надад нэг хүн гараар бичсэн энэ үгийг авчирч өгөөд, ая хийлгэвэл гоё дуу болмоор юм байна гэсэн. Яруу найрагчийг нь олж уулзахсан гэж боддог байлаа, та байжээ” гэхэд үзэгчид алга нижигнүүлээд явчихсан. Тэгж Б.Дашдондог гавьяат аялгуу оруулсныг Баясгалангаас мэдэж авсан юм. Иймэрхүү түүх олон. Энэ дуунаас аваад олон бүтээлээр минь хүмүүс намайг мэддэг. Бүтээлээрээ алдаршина гэдэг сайхан.

-Ерээд оны эхээр “Би жинхэнэ монгол билиг танхай хөдөөний хүн” гэдэг дуу бас л шуугиулж байлаа. Хөдөө гадаагүй дуулж байсан даа?

-Өө бүр өвөр монголчуудын дунд хүртэл түгсэн гэнэ лээ. Бадарчийн Магсаржав бид хоёр долоо хоногийн дотор хөдөөгийн сэдэвтэй 10 дуу хийж байлаа. Хөдөө аж ахуйн биржийн захирал Бадамдорж гэж сайхан зантай нийтэч эр Эрдэнэтэд байлаа. “Би хөдөөний хүн” дууг минь сонсчихоод та хоёр хөдөөний сэдэвт хэдэн дуу хийгээтэх. Манай бирж мөнгийг нь гаргаад олны хүртээл болгох тал дээр тусалъя гэхээр нь сэтгэл бадраад хэд хэдэн дуу хийсэн. Гэтэл Маагаа маань Эрдэнэтээс шилжин нийслэлд гаалийн түшмэл болон мандаж, нэг хэсэг манаргаад дараа нь урд хөрш рүү одоод, тэгж явсаар мартагдахгүй юу даа.

-Зохиолчдоос хэн хэнтэй ойр байдаг вэ. “Навчсын дуулал” номын өмнөтгөлд Д.Цоодол найрагч их л халуун дулаан үг бичсэн байдаг. Ер нь зохиолчид таныг ярих дуртай, өөрсдөө ойртуулж буй нь анзаарагддаг юм?

-Эрдэнэтийнхээ хэдтэй л илүү ойр байх юм даа. Холоос гэвэл Д.Цоодол, Д.Урианхай, Бавуугийн Лхагвасүрэн, Санжийн Пүрэв, П.Бадарч, Ш.Сүрэнжав, Т.Галсан, Далхаагийн Норов, Ү.Хүрэлбаатар, Х.Чилаажав, С.Оюун, Д.Лхасүрэн, Л.Мягмарсүрэн, Г.Чардаг, Ц.Цэнд, Д.Цэрэннадмид, Б.Цэрэнжамц, Д.Ганчимэг, Ж.Батцэцэг, Ц.Буянзаяа, А.Эрдэнэ-Очир, Б.Эрдэнэсолонго, Ж.Баяржаргал та нар гээд л бүгдтэй чинь л ойр дотно яваа гэж боддог. Бас сэтгэлд их дотно санагдах Ц.Хулан, Б.Ичинхорлоо, Г.Мөнхцэцэг, Ш.Лхамноржмаа, за даа алийг нь гэхэв дээ. Тэдэнтэйгээ уулзаж хөл хөөрцөг болох ч сайхан шүү.

-Уран бүтээлчдэд цаг улирлын аяс байдал их нөлөөлдөг л дөө. Энэ намрын өдрүүдэд ямархан бүтээл туурвиж сууна?

-Намрын улирал яльгүй сэтгэл гэгэлзээд гоё. Ойрын хэд хоногт өдөр бүр шүлэг бичлээ. Уран бүтээлийн дөрөвдүгээр ботио бэлдэж байна. Энд тэндээс дууны үг гэх хүн бас гарах юм. Уржнан Хятадын Зохиолчдын хорооны урилгаар А.Эрдэнэ-Очир тэргүүтэй хэдэн зохиолч Бээжин, Шанхайгаар аялсан. Тэгж явахад Дарамын Батбаяр ахын хэлсэн үг сэтгэлд хадаатай явна. Одоо та нар л томоохон хэмжээний хүүрнэл зохиол бичихгүй бол хэн бичих вэ гэсэн. Би сүүлд тэрлэсэн шүлгээсээ цөөн мөр хэлмээр байна.

-Тэгээч хө?

“Хэн нэгэнд хэлчихээд таг мартчихсан

Хэрэггүй үгийнхээ чулуунд бүдрэх

Хаа нэгтээ алдчихсан амныхаа араас

Харанхуйд тэмтчин аянгат бороонд цохиулах

Зүүдэндээ бусдын амрагийг тас тэвэрчихээд

Зүгээргүй л байсан юм шиг зүрх хөндүүр сэрэх

Зүсээ хааяа толинд зэрвэсхэн харчихаад

Зүүнд хурууныхаа өндгийг хатгуулсан мэт цочих …

Тэр хөөрхөн нялх амьтныг хараагүйсэн бол уу…

Тэгээд л өнгөрөх байсан мэт бодогдох…”

-Эрдэнэт хотод Дамдинсүрэнгийн Мандахсан гэж сайхан хүн бий. Саяхан манай сонинд ярилцлага өгсөн. Мөн Лхагвадоржийн Болдсайхан, Намжилын Мөнхбаяр, Намсрайжавын Батжаргал, Хавааны Байыт, Дүгэрийн Отгонбаяр гээд олон галтай найрагч бий. Галсангийн Хорлоо гэж буянтай буурал бас бий. Ер нь уран зохиолын том арми байна аа даа?

-МЗЭ-ийн гишүүн 20 гарчихлаа. Онцлог нь өөр өөрийн гэсэн өнгө аястай шүү. Намсрайжавын Батжаргалын “Зүр хонгор аялгуу” гээд туульсын том шүлэглэсэн бүтээл бол Чойномын “Хүн” романаас хойш манай уран зохиолд гарсан үзэгдэл гэж би боддог. Сүүлийн арваад жилийн дотор Дамдины Пүрэв маань есөн роман бичиж хэвлүүллээ. Намжилын Мөнхбаяр дөнгөж саяхан “Дотоод цуурай” шүлгийн номоо гаргасан. Уран зохиолын хүрээнийхэн их ам сайтай байгаа.

-Тэр жил Эрдэнэтэд “Болор цом” болоход та шүүгчээр сууж байсан. Соёлын ордны даргаар хэдэн жил ажилласан. Тэнд очсон уран бүтээлч болгоныг халуун сэтгэлээр хүлээж авдаг байсныг тань мэдэх юм. Ер нь Эрдэнэтэд очиж байсан зохиолчдын дурсамжуудыг, тэдэнтэй наргиж явсан тухайгаа хуваалцаач хө?

-За даа, алийг нь ч хэлж барах вэ дээ. Манай Эрдэнэтэд ирээгүй зохиолч, яруу найрагч бараг үгүй дээ. Бид чинь уулзахаараа л нэг их хөөрч, шүлгээ уншиж, бас дуулсаар шөнийг авдаг даа. Дашзэвэгийн Банзрагч найрагч мөн ч эвлэг сайхан дуулдагсан. “Жил жилээр дундарсан Жирмийн цагаан нуур минь …” гээд л дуулж байсан нь одоо ч чихнээ сонсогдох шиг. Д.Мандахсан найрагч “Саарал морины минь сүүл юм шүү, Сайхан хурууны минь дэм юм шүү, Саваагүй муудаа сурсан юм биш ээ, Самбай цуглуулахаар сурсан юм…” гэж ирээд л дуулна. Л.Болдсайхан “Намбуулаа”-гаа, Т.Сэр-Од “Аралжидмаа”-гаа дуулна. Хүн бүр л өөрийн гэсэн нэг нэг сүлд дуутай. Тэрнийгээ дуулж байж л тарна. 2004 онд бил үү дээ, Ц.Буянзаяа, Н.Батжаргал, Л.Болдсайхан, Ц.Цэнд, О.Жадамба, Л.Чулуунцэцэг бид нийлж аваад Булганы Сайхан сум руу гарч өгөв өө. Буянзаяагийн ах дүүс бидэнд тусгай гэр барьж өгөөд, айраг шимж, хөзөр тоглосон шиг хэд хоног сайхан ч амарсан. Буянзаяагийн ээж нь гэж хүний хайлан болсон сайхан буурай бидэнд шүлэг уншиж өгөөд л. Найрагчийн ээж гэж аргагүй ийм л байдаг даа гэх бодол төрж билээ.

-Та афоризмын бие даасан номоо хэвлүүлсэн цөөн найрагчийн нэг дээ?

-Гарын таван хуруунд багтах байх аа. 600 гаруйг бичсэнээс 400 орчмыг нь “Анзаарлын төгс хэлбэршил” номондоо шигшин оруулж 2012 онд хэвлүүлсэн. Афоризм гэдэг чинь хоосон цэцэрхэл, хэн нэгний сэтгэгдэл биш. Амьдрал таньсан хүний анзаарч харсан гарцаагүй үнэнийг хамгийн цөөн үгээр, нэг хоёрхон өгүүлбэрт багтаан урнаар хэлсэн үг байдаг гэж би ойлгодог.

-Жишээлбэл?

-Бусдын төлөөх шаналангаар бууралтсан зүс гоо харагддаг. Хэн нэгэн чамд атаархаж байвал өөрийгөө овоо явна гэж баярла. За ингээд болох уу?

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *