Categories
мэдээ цаг-үе

Дуудлагаар дугуйгаа засуулахад 10000-15000 төгрөгийн үнэтэй

Саяхнаас “Дуудлагын дугуй засвар” гэсэн хаягтай шар өнгийн автомашин хотын төвөөр үзэгдэх болсон. Тодруулбал, таны автомашины дугуйтай холбоотой бүхий л асуудлыг дуудлагын дагуу очиж засварлана гэсэн үг. Энэхүү үйлчилгээг “Бат сервис” компани нэвтрүүлжээ. Дуудлагаар дугуй засах үйлчилгээг явуулаад долоо л хонож байгаа юм байна. Тус компанийнхантай 11.30 цагийн орчимд холбогдоход Баянзүрх дүүргийн XIII хороололд дуудлагатай явж байна гэсэн юм. Дараагийн дуудлага нь Сүхбаатар дүүргийн XI хороололд гэв. Ингээд 12.30 цагийн орчимд XI хорооллын есдүгээр байрны гадаа уулзлаа. Учир нь тус байрны оршин суугч машиныхаа дугуйг солиулахаар дуудлага өгчээ. Дуудлагын ажилчид үйлчлүүлэгчдэдээ хандан “Сая дөрөв, таван дуудлагын дагуу очиж үйлчлээд ирлээ.Зам мөстчихсөн гулгаатай байгаа учраас бага зэрэг түгжрэлтэй байна. Жаахан хүлээлгэсэн бол хүлцэл өчье” гэсээр ирцгээв. Гурван ажилтан хамт явдаг юм байна. Уг нь 24 цагийн турш гурван хүн ээлжээр ажиллаж дуудлагын үйлчилгээг үзүүлэх төлөвлөгөөтэй боловч одоохондоо хамт явж байгаа гэнэ. Дуудлага өгсөн үйлчлүүлэгчийн “Ford expedi­tion” машины урд талын нэг дугуйны хий гарсан юм байна. Залуус машинаасаа багажаа гаргаж ирээд хэдхэн минутын дотор хийлээд өгчихөв. Үйлчилгээний хөлстэйгөө нийлээд 15 мянган төгрөг боллоо. Жийп машины нэг дугуйг хийлэх, солих, засахад 10000 төгрөгийн үнэтэй байдаг аж. Үйлчлүүлэгч ч “Машиныхаа дугуйг хийлүүлж чадахгүй байсан юм. Бидний ажлыг хялбарчилсан сайхан үйлчилгээ үзүүлж яваа залуус байна” гээд ихэд сэтгэл хангалуун үлдэв. Дуудлагын засварчид дараагийн захиалгадаа гарав. Шадивлангийн зусланд амьдардаг хүн “Өглөө босоод харсан чинь машины дугуйны хий гарчихаж” гээд дуудлага өгчээ. Харин Шадивлангаас Төмөр зам, Нэгдүгээр эмнэлэг, Зайсанд гурван ч машины дугуй засварлах дуудлагатай явж байв. Нийслэлийн замын хөдөлгөөний түгжрэл нэг захаас нөгөө зах руу хүрнэ гэдэг асар их хугацаа ордог учраас аль болох ойрхон газруудыг нэгтгээд захиалгын дагуу очоод үйлчилдэг байна. Дуудлагын машины кабинд дугуй засваруудад байдаг бүхий л багаж хэрэгсэл харагдав. Түүнчлэн дугуйгаа нөхүүлэх дуудлагын дагуу очиход машинд нь өөр янз бүрийн гэмтэл гарсан байх тохиолдол их гардаг гэнэ. Тиймээс аль болох гэмтлийн оношийг тогтоож засч өгдөг гэж тус компанийн захирал Г.Батболд хэлж байсан. Мөн энэ үйлчилгээг явуулахын тулд Хятадын Эрээн хотоос шаардлагатай гэсэн хамгийн сүүлийн үеийн техник, хэрэгсэл оруулж ирсэн тухайгаа ч ярьсан.

Ихэвчлэн залуучууд дуудлага өгдөг аж

Ингээд дуудлагын үйлчилгээтэй холбоотой зарим зүйлийг “Бат сервис” компанийн захирал Г.Батболдоос тодрууллаа.

-Та ямар мэргэжилтэй вэ?

-Би техникийн инженер. Тиймээс автомашины талаар багагүй мэдлэгтэй. Үүн дээрээ түшиглээд дуудлагын засварын үйлчилгээ явуулъя гэж шийдсэн.

-Дугуй засварын дуудлагын үйлчилгээ нэвтрүүлэх сэдэл хэзээнээс төрсөн бэ?

-Ийм төрлийн үйлчилгээ явуулдаг болно гэж эрт бодсон. Харин одоо л биеллээ олж байна.Өнөөдөр нийслэлд дуудлага, хүргэлтийн үйлчилгээ маш хэрэгтэй. Хүмүүс завгүй байдаг болсон. Нийслэлийн түгжрэлээс болж нэг ажил амжуулах гэж цаг заваа маш их алддаг. Харин дугуй засварын үйлчилгээ хотын төвд тэр бүр байдаггүй. Хүмүүс дугуйгаа засуулахын тулд хотын зах руу явах болдог. Тиймээс ганц дугуй нөхүүлэх, солиулахын тулд хотын зах руу явах хэрэггүй болсон. Бид таны машины дугуйг сольж, засч хурдан шуурхай үйлчлэх болно.

-Цаашдаа бизнесээ өргөжүүлэх бодол байна уу?

-Захиалга аваад зургаа хонож байна. Энэ хугацаанд маш их дуудлага ирж байна. Заримдаа бид ачааллаа дийлэхгүй ганц нэг холын дуудлагыг цуцалдаг. Уг нь ийм асуудал гаргамааргүй байна. Бүх хүнд хүрч үйлчилмээр байна. Одоо ганцхан машинтай дуудлагадаа гардаг. Цаашид нийслэлийн таван дүүрэгт таван машин явуулахыг хүсч байна.

-Иргэд ихэвчлэн ямар дуудлага өгч байна?

-Одоогийн байдлаар зуны улирал дуусч өвөл эхэлж байгаа учраас иргэд дугуйгаа солиулах дуудлага их өгч байна. Бид дөрвөн дугуй сольж өгөх үйлчилгээ үзүүлж байгаа. Хэрвээ дөрвөн дугуйгаа солиулбал азотоор хийлдэг үйлчилгээгээ үнэгүй хийж өгч үйлчилнэ. Мөн баланс тохируулах, дугуй нөхөх, пүрш агшаах, наклад солих, цав солих зэрэг үйлчилгээг хийж гүйцэтгэнэ.

-Эмэгтэй жолооч нар дугуйгаагаа солиулах, нөхүүлэх зэрэг дуудлага их өгч байна уу?

-Анх үйл ажиллагаагаа эхлүүлэхдээ яг ийм бодолтой байсан. Эмэгтэй жолооч нар л их дуудлага өгөх байх гэж. Тэгсэн ихэнхдээ эрэгтэй жолооч нар дуудлага өгч байна. Залуу жолооч нар “Өглөө боссон чинь дугуй хагарчихаж, дугуйгаа нөхөх гэсэн юм” гээд манайд ханддаг.Ихэвчлэн яаралтай дуудлагууд ирдэг. Одоохондоо нийслэлийн замын түгжрэлийг тооцоолж бид үйлчлүүлэгчидтэйгээ цагаа тохирдог. Хэрвээ хотын нэг захад дуудлагатай явж байвал нөгөө зах руу очих гэсээр үйлчлүүлэгчээ маш их хүлээлгэж, урмыг нь хугалах болно. Тиймээс ихэвчлэн орон сууц, ажлын газрынх нь гадаа машиных нь дугуй нь хагарчихсан зогсч байгаа, дугуйгаа солиулах, өөрөөр хэлбэл цаг хугацааны хувьд яаралтай биш үйлчлүүлэгчдээс цаг авч, төлөвлөн үйлчилж байна.

Үйлчилгээний хөлс 5000-10000 төгрөг

Суудлын жижиг тэрэг, том оврын тэрэг зэргээсээ хамаараад үйлчилгээний хөлс янз бүр. Дунджаар суудлын машины нэг дугуйг хийлэх, засах, солих зэрэг үйлчилгээ 5000 төгрөг бол том оврын хүнд даацын машин, жийп машин зэргийн нэг дугуйг 10000 төгрөгөөр засварладаг байна. Харин нийслэлийн нутаг дэвсгэрийг бүсчлэн хуваагаад Таван шараас Офицер, 32-ын тойргоос 120 хүртэлх нутаг дэвсгэрт өглөөний 08.00-22.00 цаг хүртэл дуудлагын хөлс 5000 төгрөг, 22.00-08.00 цаг хүртэл дуудлагын хөлс 10.000 төгрөг аж. Мэдээж дээр нь үйлчилгээний хөлсөө нэмж төлнө гэсэн үг. Түүнчлэн азотын хийг том оврын машинд 4000 төгрөгөөр, жижиг тэргэнд 3000 төгрөгөөр хийж үйлчилж байна. Балансыг 8000 төгрөгөөр тохируулах бол бусад засвар гэмтэлтэй холбоотой үйлчилгээг зохих хэмжээний өртгөөр хийдэг юм байна.

Цасан шуургатай өдөр дуудлага тасраагүй гэв

Өдөрт дунджаар дугуйтай холбоотой 15 дуудлагын дагуу хүрч үйлчилдэг байна. Өдөрт маш олон дуудлага ирдэг бөгөөд хамгийн хурдан шуурхай ажилалаа гэхэд л 15 дуудлагын ард гардаг байна. Өнгөрсөн амралтын өдрөөр цасан шуургатай, зам халтиргаа гулгаатай байсан учраас иргэдээс маш олон дуудлага ирсэн байна. Ихэнхдээ машиныхаа зуны дугуйг солиулахаар дуудлага өгчээ. 80250250 гэсэн утсанд тасралтгүй дуудлага иржээ. Дээрх дуудлагаас аль болох ойрхон газруудад олон машинд үйлчилгээ үзүүлж чадах байдлаар захиалга авчээ. Иргэд ч дуудлагаар үйлчилгээ авахдаа сэтгэл хангалуун байдаг талаар ярьж байлаа.

Автомашинтай холбоотой бүхий л үйлчилгээг дуудлагаар авах боломжтой болжээ

Сүүлийн үед хэрэглэгчдэд хүрч үйлчлэх, иргэдийн цаг завыг хэмнэх үүднээс олон төрлийн шуурхай үйлчилгээ нэвтрэх болсон. Тэгвэл жолооч нар автомашинтай холбоотой бүхий л төрлийн үйлчилгээг заавал засварын төв орохгүйгээр гэрийнхээ гадна авах боломжтой болжээ. Энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг олон ч газар нээгдсэн байна. Тухайлбал, автомашины дуудлагын засвар, авто ачлага, дуудлагын жолооч зэрэг олон үйлчилгээг цогцоор нь үзүүлдэг “Шуурхай туслагч”компани байна. Дугуй засах, нөхөхөөс гадна автомат кроп засвар, их гэрэл өнгөлгөө хийх бөгөөд дуудлагаар танд хэрэгтэй сэлбэгийг хүртэл хүргэж өгөх юм байна. Шатахуун дууссан тохиолдолд хүртэл дуудлага өгч болох нь. Мөн 24 цагийн турш дуудлага хүлээн авна. Өнгөрсөн амралтын өдрөөр тус компани мөн л ачаалал ихтэй ажиллажээ. Ихэвчлэн хотын зах, хөдөө орон нутагт цасанд суусан машинаа татаж гаргуулах дуудлага ирсэн гэнэ. Учир нь тус компани цас болон шаварт суусан машиныг татаж гаргах зориулалттай хоёр жийптэй аж. Компанийн дугуй засварын үнэ үйлчилгээний хөлстэй нийлээд 15 мянган төгрөг. Бусад үйлчилгээний хувьд төрлөөсөө хамаараад өөр өөр үнэтэй байна.

Шуурхай туслагч компанийн дуудлагын утас нь 70120120 аж.

“Акума” төв 09.00-21.00 цагийн хооронд бүх төрлийн аккумуляторыг дуудлагаар хүргэж өгч үйлчилдэг байна. Хүргэлтийн үйлчилгээний үнэ 5000 төгрөг. Харин аккумулятор 97-350 мянган төгрөгийн үнэтэй юм байна.

Тус төв рүү хандахыг хүсвэл 99905082 утас руу залгана уу.

Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *