Categories
арын-нүүр булангууд мэдээ нийгэм

Ажил хөдөлмөр эрхэлдэг залуус олон болж бурзай, бурзай

Сүүлийн үед цахим орчинд залуус “бурзай, бурзай, бурзай” хэмээн бичиж мөнгө төгрөг, алт эрдэнийн зураг ихээр тавих болсон байна. Өнөөдөр ид хийж бүтээх насандаа яваа залуу хүн “Бурзай” хэмээн биччихээд “Үүнийг шэйр хийвэл үнэхээр мөнгө дууддаг юм байна. Энэ зургийг шэйр хийхгүй бол хэдэн жилдээ хэтэвч чинь мөнгөгүй байх болно. Бурзай, бурзай, бурзай” хэмээн бичицгээж байх юм. Манай улсад 100 гаруй мянган ажилгүй залуу байна гэсэн судалгаа байгаа тухай улс төрчид ярьцгааж байгаа. Бидний сэтгэхүй ийм болтлоо доройтчихсон юм уу. Тэдгээр залуус өөрсдийн боломжид таарсан ажлаа гололгүй хийх ёстой байтал фэйсбүүк, твиттерийн орчинд мөнгөний зураг оруулан бурзайх тухай яриад сууж байгаа нь эмгэнэл гэлтэй.

“Гар хөдөлбөл ам тосдоно” гэж ярьдаг. Залуу насандаа тархиа зулгааж амьдрахгүй бол өтөл насандаа махаа зулгааж амьдарна гэдэг үгтэй. Өнөөдөр эдийн засаг хүнд байгаа нь үнэн. Ажилгүйчүүд их байгаа нь үнэн. Гэхдээ “ажилд авна” гэсэн зар зөндөө байгаа нь ч бас үнэн. Ээж, ааваараа тэжээлгэж яваа 20-30 настнууд “Эдийн засгийг хүндрүүлсэн энэ 76-г буудах ёстой” хэмээн чухам л үнэнийг хэлсэн баатар мэт цахим орчинд шуурч байна. Үзэн ядалтын шинэ үе төрж байгаа юм уу хэмээн бодогдохоор. “Эмээгээ даган Сарандаваа эгчийн мөнгө дуудах цуглаанд очлоо. Цүнхээ онгойлгоод сэгсэрч байгаад ирлээ. Хоёр хоногийн дараа эмээгийн тэтгэвэр бууж би бурзайсан” хэмээн бахдан бичиж суугаа 30 настнуудыг яалтай вэ. Төмсийг газарт булж, арчилж тордож байж намар ургац авдаг. Энэ чинь хөдөлмөр. Мөнгө гэдэг чинь үүнтэй агаар нэгэн билээ. Ямар ч мундаг бурханыг шүтээд, ямар ч мундаг алт, мөнгөний зураг шэйрлээд алган дээр чинь мөнгө унаад ирэхгүй. Цүнх саваа мянга эргүүлээд хэтэвчинд чинь мөнгө орохгүй ээ. Монголын ирээдүйг авч явах залуу үеийнхэн бурзайх тухай мөрөөддөг хэдий ч тэдний хийж байгаа зүйлс нь мөнгөний зураг шэйрлэх төдий байж болох уу. Манайхан компанийн захирлуудыг хараад “Аая үүн шиг баян болохсон” хэмээн дуу алдацгаадаг. Тэд “Бурзай, бурзай, бурзай” хэмээн зураг түгээж баян болоогүй. Олон жил хөдөлмөрлөж өнөөдрийн энэ өндөрлөгт хүрсэн байдаг. Тиймээс бид өөрсдөдөө оногдсон өмнөх ажлаа л сайн хийж бурзайх хэрэгтэй шүү. Ажил хөдөлмөр эрхэлдэг залуус олон болж бурзай, бурзай.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *