2015 оны 10 дугаар сарын 26-ны өглөө Афганистаны Хараат бус Хүний эрхийн
Комиссын (АХБХЭК) Нангерхар нутгийн 8 ажилтан ажилдаа явж байх замдаа тэсрэх
бөмбөгөнд өртсөнөөс хоёр хүн нас барж, зургаан хүн шархадсан эмгэнэлтэй явдал
тохиолдсоныг Хүний эрхийн Үндэсний Байгууллагуудын Ази Номхон Далайн бүс
нутгийн Чуулган (АНДЧ) эмгэнэл илэрхийлжээ. Манай улс уг чуулганыг даргалж байгаагийн хувьд ийн улсаа болон олон
улсын байгууллагыг төлөөлж эмгэнэл илэрхийлж буй аж. Эмгэнэлд “Афганистаны
Хараат бус Хүний эрхийн Комисс (АХБХЭК) нь хүний эрх, эрх чөлөөний төлөө тууштай тэмцэж, ард иргэдийнхээ итгэл,
хүндлэлийг олж авсан, хүчирхэг, хараат бус хүний эрхийн үндэсний байгууллага
билээ. Афганистаны улс төрийн нөхцөл байдлын улмаас Комиссын гишүүд, ажилтнууд,
хүний эрхийн хамгаалагчид нь өдөр тутам аюул, заналхийлэлтэй нүүр тулж, тус
улсад хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, хөхиүлэн дэмжих үйлсэд хүчин зүтгэж,
хүний үндсэн язгуур эрхийн төлөө тэмцэн буруутай этгээдүүдэд хариуцлага
тооцуулахаар ажилладаг нь Ази Номхон Далайн бүс нутгийн Хүний эрхийн Үндэсний
байгууллагуудад туршлага болдог.
Гэтэл тэд ийнхүү халдлагад өртсөн явдалд бид ихэд харамсч байгаа бөгөөд энэ
нь Афганы ард иргэдийн төлөө, тэдний эрх, эрх чөлөөг тууштай хамгаалж, тэмцэж
буй хүний эрхийг хамгаалагчдын эсрэг үйлдсэн эмгэнэлт бөгөөд хулчгар
хүчирхийлэл юм. Амь насааалдсан хүмүүсийн гэр бүлийн гишүүд болон АХБХЭК-ын
хамт олонд гүн эмгэнэл илэрхийлж, түүнчлэн шархадсан хүмүүс бүгд бүрэн эдгэрнэ
гэдэгт найдаж байна” гэжээ.
Ази Номхон Далайн Чуулган тус Комисст туслалцаа, дэмжлэг үзүүлж ажиллахад бэлэн
байгааг мэдэгдэж буйг тус чуулганы Ажлын хэсгийн хурлын үеэр АНДЧ-ын дарга
бөгөөд Монголын Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадорж илэрхийллээ.