Өнгөрсөн оны есдүгээр сарын 10-ны өглөөний 07:45 цагийн үед Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр долоон буудлаас 17-р сургууль руу явах замд буюу таван буудлын урд замд урсгал сөрж явсан машин 12 настай охиныг дайрч хөнөөсөн хэрэг гарсан. Тус хэргийн анхан болон давж заалдах шатны шүүх хурлаар 12 настай охиныг дайрч амь насыг нь хохироосон шүүгдэгч, жолооч Ц.Ууганбаатарт дөрвөн жилийн хорих ял оногдуулсан билээ. Харин урсгал сөрөх тушаал өгсөн гэх тус хэлтсийн дарга, хурандаа Б.Саранбаатарын хэргийг хэрэгсэхгүй болгосон байдаг.
Тэгвэл Хяналтын шатны шүүх буюу Улсын дээд шүүхээс энэ хэргийг хянан хэлэлцээд мөрдөн байцаалтад буцаасан байна. Тодруулбал, урсгал сөрж яв гэж тушаал өгсөн даргыг мөн уг хэрэгт холбогдуулан шалгах нь зүйтэй гэж үзжээ.