Саяхан Хятадын Жөзян мужийн их сургуулийн профессор, эдийн засагч мэргэжилтэй Се Зошигийн дэвшүүлсэн санал Хятад даяар хэлэлцүүлэг өрнүүлэхэд хүргэжээ. Тэрбээр эх оронд нь тулгамдаад буй хүйсийн тэнцвэрт байдлыг хэрхэн арилгах талаар саналаа дэвшүүлсэн аж. Се Зошигийн үзэж буйгаар ядуу тарчиг эрэгтэйчүүд эхнэрээ хуваан эдлэх нь уг асуудлыг шийдэхэд дөхөм болох юм гэсэн байна. Статистик судалгаагаар Хятадад 100 эмэгтэйд 118 эрэгтэй ноогддог гэж үздэг. Эрдэмтэд энэ талаар нэлээд судалгаа явуулсан байдаг. Уламжлал ёсоор хятад айл өрх бүр хүүтэй байхыг илүүд үздэг.
Учир нь эрэгтэй хүүхэд айл гэрийн ноён нуруу, ар гэрээ авч явдаг гэж үздэгтэй нь холбоотой. Хятадын хотуудын амьжиргааны түвшин нэмэгдэхийн хэрээр хүн амын шилжилт хөдөлгөөн ихсэх болсон. Тэр дундаа эмэгтэйчүүд их хотыг илүүтэй зорих болсноор хөдөө тосгонуудад хүйсийн тэнцвэрт бус байдал улам гүнзгийрсээр буй юм. Олон нийтийн сүлжээ болоод зарим нэрт зүтгэлтнүүд Се профессорын дээрх саналыг хурцаар шүүмжилж, өөрсдийн байр сууриа цахим хуудсаар илэрхийлжээ. Түүний энэхүү санал нь ёс суртахуунгүй бөгөөд хууль бус гэж үзэж буй хүн цөөнгүй аж. Хятадын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах байгууллагын ажилтан Зин Сюн гэгчийн онцолсноор Се Зошигийн дэвшүүлсэн саналыг буруушааж, энэ нь эрэгтэйчүүд эмэгтэйчүүдээс илүү гэх үзэлд хүргэж байна. Ноён профессор эрэгтэйчүүдийн эрх ашгийг нэн түрүүнд авч үзэж байна гэв. “Энэ бол үнэхээр инээдэмтэй хэрэг байна” хэмээн тэрээр “ВВС”-д өгсөн ярилцлагадаа онцолжээ.
Профессор Сегийн үзэж буйгаар хүйсийн тэнцвэрт бус байдлын тухай асуудлыг нэн түрүүнд шийдвэрлэх нь зүйн хэрэг. Учир нь судалгаагаар Хятад улсад 2020 он гэхэд ганц бие эрчүүдийн тоо 30-40 саяд хүрнэ гэсэн байдаг. Се профессорын зөвлөж буйгаар ядуу, ганц бие эрчүүд эдийн засгийн хямралтай гэгдэх Зүүн өмнөд Ази болон Африкийн орнуудаас ирсэн цагаачидтай гэр бүл болж болох юм. Мөн алс бөглүү, хөдөө тосгодод амьдарч буй тариачин эрчүүд хөрш зэргэлдээх Мьянмар, Вьетнамаас эхнэр авч болох юм гэсэн байна. Хүн ам нь 1.3 тэрбум гаруй Хятад улсад дөнгөж төрж буй нярайчууд өсч том болох тусам хүйсийн тэнцвэрт бус байдал илүү ажиглагдах болно гэсэн судалгаа ч бий юм.
Үүний гол шалтгаан нь сонголттойгоор үр хөндөлт хийснээр тайлбарлагдах аж. Хятадын зарим өрх хүүхдээ эхийн хэвлийд байхад хүйсийг нь тодорхойлуулж, охин бол эрт үед нь үр хөндүүлдэг. Энэ нь түгээмэл үзэгдэл бөгөөд ялангуяа хөдөө болоод алслагдсан нутгуудад илүүтэй тохиолддог байна. Хэдэн жилийн өмнө хятадын эрх баригчид хүүхдийг төрөхөөс нь өмнө хүйсийг нь мэдэхийг хориглосон байна.
Д.ЦЭРЭНДОЛГОР
Ю.ДЭЛГЭРМАА