Categories
мэдээ улс-төр

Цалин, тэтгэврийг нэмэх ёстой гэв

УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар энэ оны төсвийн тодотгол, ирэх
оны төсвийн төслийг хэлэлцлээ. Хуралдаанаар цалинг хасах Засгийн газрын
саналыг МАН-ын бүлэг дэмжихгүй гэдэгт санал нэгдлээ. Энэ талаар бүлгийн
дарга С.Бямбацогт хэлэхдээ “Хямралтай үед ард иргэдийн орлогыг нь
бууруулах нь буруу. Тэвчиж болох урсгал зардал, шаардлагагүй зардал,
тухайлбал, гадаад, дотоод томилолт, сургалт, семинар, шатахуун, унааны
зардлыг бууруулах боломжтой. Шинээр байгуулсан улсын 119 үйлдвэрийн
газар, төрийн өмчит компаниудын асуудлыг шийдэх ёстой. Эдгээр зардлыг
хэмнэсэн мөнгөөр цалин, тэтгэврийг нэмэгдүүлэх ёстой” гэлээ. Мөн МАН-ын
бүлэг тэтгэврийн зээлийн хүүг бууруулах асуудлыг төсвийн хэлэлцүүлгийн
үеэр хөндөж тавихаар болсон байна.

МАН-ын бүлгийн хувьд Засгийн газраас оруулж ирсэн нефть бүтээгдэхүүн,
бензин шатахууны татварыг нэмэгдүүлэх саналыг дэмжихгүй хэмээн байр
сууриа илэрхийлэв. “Дэлхийн зах зээлд шатахууны үнэ 2.5 дахин буурсан
байхад Монголд 10 хувиар ч буураагүй байна. Саяхан Тайвань шатахуунаа
нэг литр тутамд монгол төгрөгтэй харьцуулахад 500 төгрөгөөр буулгасан.
Хилийн цаана ОХУ-д нэг литр нь 1000 гаруй төгрөг байхад Улаанбаатарт
1800 төгрөг байна. Тиймээс хямралтай үед шатахууны татварыг нэмэхийн
оронд үнийг бууруулж, улсын хэмжээнд шатахууны үнийг ижил болгох ёстой”
гэж бүлгийн дарга С.Бямбацогт мэдээллээ.

Харин МАН-ын бүлгийн дэд дарга Д.Хаянхярваа 2015 оны төсвийн орлого
нэмэгдүүлэх талаар дахин тооцоо хийх шаардлагатайг онцлов. Тэрээр
“Засгийн газар төсвийн орлого нэмэгдүүлэх талд шатахуун, дизелийн
онцгой, гаалийн албан татварын нэмэгдэлд 61.3 тэрбум, татварын өрийг
барагдуулахад 325.4 тэрбум, нийт 400 гаруй тэрбум төгрөг олохоор тооцсон
нь үндэслэл муутай байна” гэв.

Сүүлийн гурван жил хэд дахин нэмэгдээд байгаа урамшуулал, унаа хоолны
хөнгөлөлт, гэрээт ажилчдын цалин, бараа үйлчилгээний зардлыг 2012 оны
төвшинд аваачих ёстой гэж МАН-ын бүлэг үзжээ. Тухайлбал, 2012 онд унаа
хоолны хөнгөлөлтөд 16 тэрбум төгрөг зарцуулж байсан бол 2016 онд 37
тэрбум төгрөг төсөвлөжээ. 2012 онд урамшуулалд 27 тэрбум төгрөг
зарцуулсан бол ирэх онд 57 тэрбум төгрөг төсөвлөсөн байна. Мөн 2012 онд
нэмэгдэлд 13 тэрбум төгрөг зарцуулсан бол ирэх онд энэ хэмжээ 115 тэрбум
болж өсөх аж. 2012 онд гэрээт ажилчдын цалинд 29 тэрбум төгрөг зарцуулж
байсан бол 2016 онд 38 тэрбум төгрөг суулгажээ. Түүнчлэн 2016 онд
шинээр объект эхлүүлэхгүй, өмнөх онуудад эхэлсэн объектоо дуусгах ёстой
гэж МАН-ын бүлэг үзлээ. Үүний зэрэгцээ Төсвийн зарлагын дэд хороонд
нийслэлийн төсвийг хянаж үзэх, улсын 119 үйлдвэрийн газар, төрийн өмчит
компаниудын тооцоо судалгааг нягталж үзэх чиглэл өгөв. Төсвийн алдагдлыг
3.3 хувиас бууруулах боломж бололцоог судлах, аль болох тэг рүү
ойртуулах талд анхаарна гэж Д.Хаянхярваа гишүүн онцолж байлаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *