Энэ сарын 21-ний өдрийн 10:56 цагт Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын Засаг даргын Тамгын газрын дарга Э Онцгой байдлын газартаа иргэн Б алга болсон тухай мэдэгдсэн байна. Тус сумын Цагдаагийн хэсгийн 2 албан хаагч, 1 автомашин, орон нутгийн 43 иргэн, 2 автомашин, нийт 45 хүн, 3 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулжээ. Эрлийн явцад үзэгдэх орчин хязгаарлагдсан тул тухайн өдрийн 22:05 цагт эрэн хайх ажиллагааг зогсоож, 22-ны өдрийн 07:00 цагаас эрлийн ажиллагааг дахин үргэлжлүүлсэн байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, энэ сарын 17-ны өдөр 21 настай, иргэн Б нь Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын Ёлт багийн “Эмтийн-Эх” гэдэг газар (сумын төвөөс баруун хойд зүгт 15км-т) айлын хуриманд очсон байна. Улмаар мөн өдрийнхөө 01:00 цагийн орчим согтуу гарч яваад сураггүй алга болжээ. Эрлийн баг ”Зөөлөн мод”, “Товог” уулуудыг самнаж дууссан тул “Эмт”, “Хулст” нууруудад аймгийн Онцгой байдлын газартай хамтран эрлийн ажиллагааг үргэлжлүүлж байгаа аж.