Хятадын компанид ажилчдаа шилжүүлэхээр шийдвэрлэсний дагуу “Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компанийн үйлдвэрчний эвлэл болон уурхайчид суулт хийгээд байсан. Тэгвэл өнөөдөр тус компанийн удирдлагууд суулт хийсэн уурхайчидтай зөвшилцөлд хүрсэн талаар мэдээлэл хийлээ.
“Эрдэнэс Тавантолгой” компанийн Цанхийн зүүн уурхайн гэрээт олборлогч “TTJVCk” компанид уурхайн олборлолтын хэсэгт ажилладаг 203 ажилтнаа шилжүүлэхээр хэлэлцэж байгаа аж.
Энэ талаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Б.Батбилэг хэлэхдээ “Энэ шилжүүлэх гэрээ бол жилийн хугацаанд хийгдэх гэрээ. Ажилчидтайгаа ойлголцсоны үндсэн дээр бид оператор, засварын хэсэгт ажилладаг хүмүүсээ цалин хөлсийг одоо авдгаас нь буулгахгүйгээр олгож, ажиллуулах талаар хэлэлцэж байна. Таван Толгой компани хүртэл нэг өдөр олон ажилтнаа халж байхад манайх сул зогсоохгүй гэсэндээ ажилчдаа өөр компанид гэрээлэн ажиллуулахаар шийдвэрлэсэн. Энэ бол ажилчдаа байнгын ажилчдаа байлгах үүднээс гаргасан шийдвэр” гэлээ.
“Эрдэнэс Тавантолгой” ХК Цанхийн зүүн уурхайг 2014 оны наймдугаар сард зогсоосон ч сул зогсон ажилчдадаа 60 хувийн цалинг өгч байгаа аж.
Харин уурхайн ажилчдын хэлж байгаагаар “Бидэнтэй ойлголцолд хүрч зөвшилцсөн зүйл байхгүй. Бид энэ компанид 20-30 жил ажилласан. Ажлын туршлага бий. Гэтэл одоо гэрээгээр өгөх газар нь биднийг ахин шалгалтад оруулж авна гэсэн. Тэгэхээр тэнцээгүй гэх шалтгаанаар яаж ч мэднэ. Энэ бол баталгаагүй бөгөөд биднийг хил давуулж хүний наймаагаар зарж байгаатай адилхан” гэв.