Categories
мэдээ улс-төр

Ерөнхий сайд Ш.Абэ Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн өргөөнд зочиллоо

Япон улсын Ерөнхий сайд Шинзо Абэ ирсэн даруйдаа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой уулзахаар түүний өргөөнд зочиллоо. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Японы Ерөнхий сайд Шинзо Абэгийн гэрт зочилсон анхны гадаад улсын Төрийн тэргүүн болж байсан бол ийнхүү ноён Шинзо Абэ гэр бүлийн хамт Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн гэрт зочилсон анхны гадаад орны Засгийн газрын тэргүүн болсноороо онцлог болов. Төв Азийн орнуудад хийх айлчлалынхаа өмнө Японы Ерөнхий сайд Шинзо Абэ Монгол Улсад зочилсон нь хоёр орны харилцаанд онцгой ач холбогдол өгч буйн илрэл хэмээн энэ удаагийн айлчлалыг үзэж байгаа юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Япон Улсын Ерөнхий сайд Шинзо Абэ нарын уулзалт богино хугацаанд болсон ч олон чухал асуудлаар санал солилцсон, үр дүнтэй уулзалт болсныг албаныхан онцолж байна. Монгол Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүд Япон Улстай харилцах харилцааны талаар нэгдмэл байр суурьтай байгааг уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж илэрхийлэв.

Мөн Ерөнхий сайд Ч.Сайханбилэгтэй уулзаж, өргөтгөсөн хэлэлцээ хийсэн байна. Энэ удаагийн айлчлалаар тодорхой баримт бичгүүдэд гарын үсэг зурахгүй ч хоёр орны хамтын ажиллагааны талаар өргөн хүрээтэй ярилцжээ.

Япон улсын ерөнхий сайд Шинзо Абэ энэ сарын 22-28-ны өдрүүдэд Монгол, Киргизистан, Казахстан, Тажикистан, Туркменистан, Узбекистан гэсэн Азийн зургаан улсаар айлчлахаар замдаа гараад буй юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *