Япон Улсын Ерөнхий сайд эрхэмсэг ноён Шинзо Абэ, гэргий эрхэмсэг хатагтай Акиэ Абэ нар сая “Чингис хаан” олон улсын нисэх буудалд тусгай үүргийн онгоцоор хүрэлцэн ирлээ.
Зочдыг Монгол Улсын Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн, Гадаад хэргийн сайдын гэргий С.Энхцэцэг болон Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шимизү Такэнори, Элчин сайдын гэргий Чиэко Шимизү нар нисэх онгоцны буудалд угтан авав. Айлчлалын үеэр Японы Ерөнхий сайд Ш.Абэ Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид бараалхахын зэрэгцээ Япон цэргийн дурсгалын цогцолборт очно. Мөн өөрийн улсын Элчин сайдын өргөөгөөр зочлох аж.
Үүний дараа буюу 18.00 цагийн үед “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудлаас онцгой үүргийн нислэгээр мордоно.