Categories
мэдээ улс-төр

Дэд сайдыг цомхотгохыг дэмжив

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын 2015 оны төсвийн тодотголыг хэлэлцлээ.

Засгийн газар 2015 оны төсвийн тодотголыг өргөн мэдүүлэхдээ дэд сайд нарыг цомхотгох, төрийн өндөр дээд албан тушаалтнуудын цалинг бууруулах, нефтийн бүтээгдэхүүний ОАТ-ыг нэмэх, татварын өр авлагыг барагдуулах зэрэг хэд, хэдэн асуудлыг хөндөж оруулж ирсэн юм.

Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, С.Дэмбэрэл нар “Хэдэн дэд сайд нарыг цомхотгоод амьдрал сайжрахгүй. Төрийн тансаглалын золиос нь энэ хэдэн дэд сайд биш. Үүнийхээ оронд Засаглалын тогтолцоогоо өөрчлөх ёстой” гэсэн санал хэлж, мөн Н.Алтанхуяг гишүүн дэд сайд нарыг цомхотгүй байх санал гаргасан ч олонхийн дэмжлэг хүлээсэнгүй. Санал хураалтад 18 гишүүн оролцсоноос 14 нь дэд сайд нарыг цомхотгох нь зүйтэй гэж үзлээ.

Төсвийн тодотголтой холбогдуулж УИХ-ын дэд дарга М.Энхболд нефтийн бүтээгдэхүүний ОАТ-ыг нэмэгдүүлэх, мөн татварын өрийг барагдуулж 300 гаруй тэрбум төгрөг төвлөрүүлэх тооцоо хийсэн нь энэ хүнд үед дарамт болохгүй юу. Засгийн газар орлого олох боломжоо зөв тооцохгүй байна. Үүнийхээ оронд гадаад руу аяладаг урсгалаа танаж, энэ чиглэлийн зардлаа хэмнэх ёстой гэлээ.

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогтын тайлбараар бол нефтийн бүтээгдэхүүний ОАТ-ыг нэмэх болсон нь өнгөрсөн хугацаанд энэ төрлийн бүхий л татварыг бууруулж, заримыг нь 0 болгосон байсан. Гэвч нефтийн бүтээгдэхүүний үнэ буугаагүй. Мөн нефтийн бүтээгдэхүүний ОАТ-ыг нэмсэнээр энэ төрлийн бүтээгдэхүүний үнэд нөлөөлөхгүй. Тийм учраас Засгийн газар татвараар дамжуулж тодорхой хэмжээний зохицуулалт хийхээр болсон нь энэ. Харин татварын өрийн тухайд Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын танилцуулснаар энэ оны наймдугаар сарын байдлаар улсын хэмжээнд 646 тэрбум төгрөгийн татварын өр үүссэн. Үүнээс 326 тэрбум төгрөгийн татварын өрийг барагдуулж, оруулж ирэх үүрэг авсан. Одоогоор 100 тэрбум төгрөгийн татварын өр барагдсан. Он дуусахад үлдэж байгаа 226 тэрбум төгрөгийн татварын өрийг барагдуулахаар ажиллаж байгаа. Эхнээсээ үр дүн гарсан гэж үзэж байна.

Улмаар байнгын хороо Монгол Улсын 2015 оны төсвийн тодотголын хоёрдугаар хэлэлцүүлгийг хийж дуусган санал дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр боллоо.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *