Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

П.Дэлгэржаргал: Монголын тусгаар тогтнол ямар их үнээр олдсон бэ гэдгийг сануулах түүхэн өдөр

Одоогоос 70 жилийн өмнө буюу 1945 оны аравдугаар сарын 20-ны энэ өдөр БНМАУ-ын тусгаар тогтнолыг баталгаажуулах бүх ард түмний санал асуулга болсон түүхэн өдөр юм. Уг санал асуулгын талаар МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн Түүхийн тэнхимийн эрхлэгч, доктор, дэд профессор П.Дэлгэржаргалаас зарим зүйлийг тодрууллаа.

-1945 онд болсон бүх ард түмний санал асуулга нь түүхийн талаасаа ямар үйл явц болж өнгөрсөн юм бэ. Түүхэнд үүнийг Монголын анхны ардчилсан санал хураалт байсан гэж тодорхойлдог?

-1945 оны аравдугаар сарын 20-ны өдөр бол Монгол Улсын тусгаар тогтнолын талаар бүх нийтийн санал хураалт явагдсан түүхэн өдөр. Ямар учраас түүхэн үйл явдал болов гэдгийг уншигчид мэдэж л байх хэрэгтэй чухал үйл явдал л даа. Одоогийн Монгол Улс буюу тухайн үеийн БНМАУ-ын тусгаар тогтнолыг баталгаажуулах, олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрүүлэхийн төлөө явуулсан, олон жилийн нөр их тэмцлийн эцсийн үр болсон санал хураалт байсан. 1945 оны хоёрдугаар сард Ялтад болсон ЗХУ, АНУ, Их Британийн төрийн тэргүүнүүдийн уулзалтаар БНМАУ-ын статусыг одоогийн байгаагаар нь хүлээн зөвшөөрүүлэх асуудлыг ЗХУ-аас холбоотон гүрнүүдэд тавьсан байгаа юм.

Холбоотон гүрнүүд энэ хурлаар Германыг бууж өгсний дараах дэлхийн ертөнцийн байдал, дэлхийн газрын зураг ямар байх тухай асуудлыг хэлэлцэж байсан. Тэр хурал дээр холбоотон гүрнүүдийн зүгээс ЗХУ-д Герман бууж өгсний дараагаар Японы эсрэг дайнд орохыг санал болгосон. Энэхүү саналын хариуд ЗХУ хэд хэдэн болзол тавьсны нэг нь БНМАУ-ын тусгаар тогтнолыг зөвшөөрүүлэх. Тэр болзлыг АНУ болон Их Британи хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан. Ийнхүү Монгол Улсын тусгаар тогтнол олон улсын түвшинд баталгаажих үйл явц дайны төгсгөл үеэс эрчимтэй өрнөж эхэлсэн. 1945 оны тавдугаар сард Герман бууж өгсөн. Үүний дараачаас Японы эсрэг дайнд ЗХУ оролцох асуудал яригдаж эхэлсэн. 1945 оны Ялтын гэрээний үед Монголын тусгаар тогтнолыг Хятадаар хүлээн зөвшөөрүүлэх үүргийг АНУ өөртөө авсан. АНУ нэг талаас тохирсон тохироог дэмжихийг шаардсан байж таарна. ЗХУ болон И.В.Сталины зүгээс Хятадад их хэмжээний дарамт шахалт үзүүлж эхэлсэн. Хэлэлцээр Москвад болсон. Тухайн үеийн Дундад иргэн улс буюу Гоминданы Засгийн газар шүү дээ. Чан Кайшигийн Засгийн газар болон И.В.Сталины хооронд болсон хэлэлцээрт Хятадын тал Монголын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрнө гэдгийг ерөөсөө хүлээж авахгүй байсан гэдэг. Автономит болгоё, өөр байдлаар тохиръё гэх мэтээр олон санал тавьсан ч И.В.Сталин үүн дээр тууштай байр суурьтай хандсан юм билээ. И.В.Сталины гол санаа нь юу байсан бэ гэхээр БНМАУ-ын тусгаар тогтнол нь манай аюулгүй байдал, гео стратегитай холбоотой учир Монголд бид өөрийн эрхийг олж авах ёстой гэсэн. Зөвлөлтийн аюулгүй байдалтай холбоотой асуудал учраас шууд шахалт үзүүлсэн. Тиймээс бид Монголд өөрийн эрхийг тогтоох гээд байгаа юм гэдэг асуудлыг тавьж байсан.

Ийнхүү Зөвлөлтийн гео политикийн ашиг сонирхол, монголчуудын тусгаар тогтнох ашиг сонирхол нэгдсэнээр Монгол Улсын тусгаар тогтнолыг дэлхийд хүлээн зөвшөөрүүлэх үйл явц нааштайгаар шийдэгдсэн гэж үзэж болно.

-Бүх ард түмнээрээ тусгаар тогтнолоо зөвшөөрч байгаа санал хураалтыг гадны улсууд нэлээд анхаарч харж байсан байх даа?

-Тэр нь тодорхой шүү дээ. Эцэстээ явж явж 1945 оны наймдугаар сард Зөвлөлт, Хятад хоёр тохирсон байгаа юм. Чан Кайши уг тохиролцоог хүлээн зөвшөөрөхдөө “Хэрвээ БНМАУ-ын ард иргэд өөрсдөө тусгаар улс болно гэдгээ батлах юм бол бид БНМАУ-ын тусгаар байдлыг хүлээн зөвшөөрөхөд бэлэн байна” гэсэн байдаг. Ийм утга, учиртай хэлэлцээр байгуулаад Японы эсрэг дайнд ЗХУ орсон юм. ЗХУ Японд дайн зарласнаас нэг өдрийн дараа БНМАУ мөн Японд дайн зарласан нь манай улс өөрийгөө дэлхийд тусгаар улс гэдгээ харуулах зорилготой байсан. Монгол Улс бол холбоотон, Нэгдсэн үндэстний талд дайны эхний өдрөөс ЗХУ-ын холбоотон болж тусалж дэмжиж байсан. Дэлхийн дайны төгсгөлд Өвөр Монгол, Хятадыг чөлөөлөх дайнд Японы эсрэг оролцсон гэж олон улсын түвшинд өөрсдийгөө мэдрүүлж чадсан. Япончууд Хятадыг 1933 оноос Манжуураас эхэлж эзэлж авсаар байгаад 1939 он гэхэд Халхын голд тулаад ирчихсэн байсан. 1945 он гэхэд Хятадыг бараг тэр чигээр нь эзэлчихсэн. Хятадын зүүн тал, зүүн хойд, хойд тал тэр чигээрээ эзлэгдсэн. Хятадад баруун болон баруун өмнөд гэсэн стратегийн ач холбогдолгүй газрууд нь л үлдчихсэн байлаа.

Хятад яагаад ЗХУ-ын шахалтаар Монгол Улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн юм гэхээр Японы эсрэг дайнд өөрсдөө япончуудыг дийлэхгүй байсан байхгүй юу. Тэгэхээр Зөвлөлтийн цэргийн хүч Хятадыг чөлөөлөхөд зайлшгүй хэрэгтэй болоод байсан юм. Хоёр сая гаруй хүнтэй Квантуны армитай олон жил байлдаад хятадууд дийлээгүй. Байлдах тусам улам л газар нутгаа алдаад байсан. Тэгэхээр Хятадад ЗХУ-ын саналыг хүлээж авахаас өөр сонголт байгаагүй. Энэ нь монголчуудад ашигтай санал болж хувирсан.

-Бүх ард түмний санал асуулгын талаар ухуулга хуудас тарааж, олон нийтэд энэ талаар маш сайн сурталчилсан байдаг юм билээ. Санал асуулгын өглөө санал хураах гэрийн гадаа хүмүүс хэдийнэ ирж цувраад зогсчихсон байсан гэдэг?

-БНМАУ-ын Улсын бага хурлын тэргүүлэгчид 1945 оны есдүгээр сарын 21-ний өдөр “БНМАУ-ын тусгаар тогтнолын бүх нийтийн санал асуулгыг аравдугаар сарын 20-нд явуулах” шийдвэр гаргаж тэргүүлэгчдийн дарга Г.Бумцэндээр ахлуулсан санал хураалтын төв комиссыг байгуулсан. Тэр комисс зохион байгуулалтын ажлыг богино хугацаанд маш сайн зохион байгуулсан л даа. Хөдөө, орон нутгийн салбар комисс гэж байгуулж, төр, засгийн удирдлагын олон хүн ажилласан. Нөгөө талаар бичиг үсэг мэдэхгүй хүн олон байсан. Тэр улсууд эрхий хурууныхаа хээг дарсан. Бичиг үсэг мэддэг хүмүүс нь гарын үсэг зурсан. Энэ үйл ажиллагааны бүх бичиг баримт Монгол Улсын Үндэсний төв архивт хадгалагдаж байна.

Олон газар цуглаан зохион байгуулж, ухуулга сурталчилгаа зурагт хуудсууд, тараах материал хэвлэж санал хураалтад идэвхтэй оролцохыг уриалж байсан.

-Сонгуулийн ирц, хувь нь хэд байсан юм бол?

-Тухайн үеийн баримталж байсан албан ёсны мэдээллээр сонгуулийн насны бүх иргэдийн 98.4 хувь нь буюу 487409 хүн оролцсон гэдэг. Оролцсон хүмүүс бүгд зуун хувь тусгаар тогтнолын төлөө саналаа өгсөн. Татгалзсан ганц ч санал өгөөгүй.

-Санал хураалтын ирц, үр дүн нь монголчууд тухайн үед тусгаар улс болохыг чин сэтгэлээсээ хүсч байжээ, бүгд нэгдэхэд бэлэн нэгдмэл байжээ гэдгийн илэрхийлэл болжээ?

-Тухайн үед нам, ард түмэн гэж ярина уу, төр, ард түмний гэдэг юм уу нэгдмэл илэрхийлэл, хүсэл зоригийг илэрхийлсэн ийм л зүйл болсон л доо. Ганцхан өдрийн дотор бүх хүний саналыг тээвэр холбоо хөгжөөгүй, утас шөрмөсгүй тэр үед 98.4 хувьтай цуглуулна гэдэг түүхэн том амжилт. Тэр үед энэ санал хураалтыг маш сайн зохион байгуулсан гэдэг нь ингэж харагдаж байгаа юм. Одоо үед санал хураахад 50 хувиа дөнгөж давж байна гэдэг шүү дээ.

-Ажиглагчаар аль улсаас төлөөлөгчид ирж байсан бол оо?

-Санал хураалтыг ажиглахаар Гоминданы Засгийн газрын төлөөлөгчид ирсэн. Улмаар 1945 оны арваннэгдүгээр сарын 10-нд Улсын бага хурлын тэргүүлэгчид санал хураалтын дүнг ЗХУ болон Дундад иргэн улсын Засгийн газарт албан ёсоор мэдэгдсэн байдаг. Энэ санал хураалтын үр дүнг үндэслэж 1946 оны нэгдүгээр сард Дундад иргэн улс Монгол Улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн. Үүний дараа ЗХУ Монголын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрснөөр манай тусгаар байдлыг хоёр хөрш маань албан ёсоор хүлээн зөвшөөрсөн нь түүхэн үйл явдал болсон. Үүний дараа социалист системийн орнууд, шинээр тусгаар тогтносон орнууд гэх мэт олон орон манай тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөөр байсан.

Ялангуяа хоёр хөршөөрөө тусгаар тогтнолоо хүлээн зөвшөөрүүлнэ гэдэг нь маш чухал. Бид 1911 он, 1921 онд өөрөө өөртөө тусгаар тогтносон орон болоод л яваад байсан. Тэгэхэд дэлхий биднийг хүлээн зөвшөөрөхгүй байсан шүү дээ. НҮБ-д бид 1961 он болоход л арай гэж элссэн. НҮБ-д элсэх саналаа хүргүүлсээр 15 жилийн дараа нааштай хариу авсан. Тусгаар тогтнол гэдэг ийм л олон саад бэрхшээлийг даван туулж байж бидэнд ирсэн чухал зүйл. Энэ өдөр бол Монголын тусгаар тогтнол ямар их үнээр олдсон бэ гэдгийг хүмүүст сануулж байх өдөр л дөө. Олон жилийн тэмцлийн үр дүнд, бүх нийтээрээ саналаа өгсний эцэст хятадууд арга буюу шахалтад ороод хүлээн зөвшөөрсөн. ЗХУ, АНУ, Англи гэсэн холбоотон гүрнүүдийн шахалтаар л Хятадын тал хүлээн зөвшөөрсөн хэрэг.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *