Categories
мэдээ улс-төр

“Сяншань”-ны форумд илтгэл тавьжээ

БНХАУ-ын Бээжин хотноо бүс нутгийн аюулгүй байдал, батлан хамгаалах асуудлаарх 6 дахь удаагийн “Сяншань”-ны форум энэ сарын 16-18-ны өдрүүдэд болж өндөрлөлөө.

Хятадын Цэргийн шинжлэх ухааны нийгэмлэг болон Олон улсын стратеги судалгааны нийгэмлэгээс зохион байгуулсан бөгөөд 16 орны Батлан хамгаалахын сайд нар, олон улсын байгууллагын удирдлагууд оролцов.

Монголын талаас Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон оролцож бүс нутгийн талаар Монгол Улсын баримталж буй бодлого, байр суурь, оролцооны талаар илтгэл тавьсан юм. Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон тавьсан илтгэлдээ “Монгол Улс тус бүс нутгийн орнуудтай аюулгүй байдал, батлан хамгаалах салбарт хоёр болон олон талын харилцаа, хамтын ажиллагаагаа өндөр төвшинд хөгжүүлж ирсэн. Цаашдаа “АСЕАН”-ы бүсийн чуулганы гишүүн орны хувьд бүс нутгийн аюулгүй байдлын асуудлаар яриа хэлэлцээнд идэвхтэй оролцож байна. Ази, Номхон далайн аюулгүй байдал, хамтын ажиллагааны зөвлөл дэх оролцоогоо батжуулахыг тууштай эрмэлзэнэ.

Зүүн Ази түүний дотор Зүүн Хойд Азид стратегийн тогтвортой байдлыг бэхжүүлэх, аюулгүй байдлын хамтын ажиллагааны механизм бий болгоход чиглэсэн бүс нутгийн орнуудын бодлого, үйл ажиллагааг идэвхтэй дэмжинэ” гэж онцолжээ. Харин БНХАУ-ын Цэргийн төв зөвлөлийн орлогч дарга, хурандаа генерал Фан Чанлун хэлсэн үгэндээ “Манай улс Ардын чөлөөлөх армийнхаа бие бүрэлдэхүүнийхээ тоог 300 мянгаар багасгахаар шийдвэрлэсэн нь Хятад улс энх тайван хөгжлийн замаар тууштай замнах бодлого баримталж байгааг харуулж байгаа юм. Сүүлийн үед олон улсын зүгээс Өмнөд Хятадын тэнгист явуулж буй Хятадын арал байгуулах бүтээн байгуулалтанд ихээхэн анхаарч, энэ үйл ажиллагаа нь тус далайн бүсд чөлөөтэй аялахад сөргөөр нөлөөлнө хэмээн болгоомжилж байна. Үнэн хэрэгтээ эдгээр бүтээн байгуулалт нь иргэний зориулалттай төдийгүй Өмнөд Хятадын тэнгист аялах таатай нөхцлийг бүрдүүлнэ. Хэдхэн хоногийн өмнө Хуа Ян, Чигуа аралд байгуулсан гэрэлт цамхаг нь бусад улсуудын хөлөг онгоцуудад навигацын үйлчилгээ үзүүлж эхлээд байна. Хятад улс аливаа зөрчил зөрөлдөөнийг энх тайван замаар шийдвэрлэхийг тууштай дэмжинэ” гэжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *