Categories
мэдээ цаг-үе

Ангиараа онц сурдаг 50 дугаар сургуулийн “А” бүлгийн төгсөгчид

50 дугаар сургуулийн 2001 оны төгсөлтийн “А” бүлгийнхэн ангиараа онц дүнтэй төгсөж байжээ. Энэ ангийн төлөөлөл Ц.Очбадрах, Г.Бадрах, Ж.Энхбат нартай уулзлаа. Тэд “Математик, физик, химийн дүүрэг, нийслэл, улсын аваргын бүхий л олимпиадад манай ангийнхан эхний байруудыг нь эзэлдэг байлаа” хэмээн яриагаа эхэллээ. Гэхдээ бас сурлагатайн зэрэгцээ нэлээд сахилгагүй хүүхдүүд байсан гэнэ. Нэг нэгнээ исгэрч, шүгэлдэж дууддаг болохоор “Ялалтын исгэрдэг хүүхдүүд” гэсэн нийтийн хочтой болж байсан тухайгаа дурсаж байна. Тэдний шүгэлдэх нь Дэнжийн 1000, цагаан байруудын тэнд дуулддаг байж л дээ.

Өөрсдийнхөө тухай “Статистик мэдээнээс харахад бид хамгийн их төрөлттэй жил мэндэлсэн хүүхдүүд юм билээ. Тиймээс 2001 онд хамгийн олон хүүхэд арван жил төгсөж их сургуульд орж байлаа. Манай ангийнхан бүгдээрээ л их сургуульд орж мэргэжлээрээ сайхан ажиллаж яваа” хэмээв.

Ц.Оч-Бадрах ОБЕГ-ын Шуурхай удирдлагын төвд ажилладаг, дэслэгч цолтой аж. Харин Ж.Энхбат Авто тээврийн үндэсний төвийн Тээвэр зохицуулалтын газрын даргын албан тушаалтай. Г.Бадрах нь боксын спортын мастер, улсын шигшээ багийн тамирчин юм байна. Ж.Энхбат “Манай Очбадрал бид хоёрын ажлын уялдаа их холбогдоно. Цаг агаарын байдлаас болоод зам хаагдахад найз маань ярьж тэр аймгийн, тэр даваанд цас их орлоо. Эсвэл тэр даваанд маш их бороо орж, үер бууж, зам урссан байна. Нийтийн тээврээ зохицуулаарай. Тэнд шүлхий гарлаа. Тиймээс энэ нутаг дэвсгэрээр битгий хүн тээвэрлүүлээрэй гэдэг” гэлээ.

Харин Г.Бадрах “Биднийг сургуульд сурч байхад боловсролын системд маш их өөрчлөлт орж байсан. Нэгдүгээр ангиас дөрөвдүгээр анги хүртэл монгол бичиг зааж байлаа. Дөрөвдүгээр ангиас орос хэл, тавдугаар ангиас англи хэлний хичээл ороод их л олон боловсролын шинэчлэлийг дайрсан даа. Одоо монгол бичигтээ сайн, монгол хэлэндээ муу ч юм шиг завсрын үеийн нөхдүүд байна” гээд инээлдэв. Нэгдүгээр ангиасаа эхлээд Б.Оюунцэцэг багшийнхаа удирдлага дор төгссөн байна. Долдугаар ангид шалгалтын улаан шугамаар зааглаж наймдугаар ангид тэнцүүлж байж. Ингэхэд тэдний ангийнхан бүгдээрээ анги дэвшжээ. Гэхдээ урлаг, математик, физик, гадаад хэлний гүнзгийрүүлсэн ангиудад зарим нь тарсан гэнэ. Ангидаа 33-уулаа байснаас 13 нь хөвгүүд аж. Гол төлөв л айлын ганц эсвэл айлын ганц эмэгтэй, ганц эрэгтэй хүүхэд байсан гэв. Тиймээс эрх дураараа талдаа байж. Мөн хоорондоо сурлагаараа нэлээд өрсөлддөг байснаа дурслаа. Ангийн багш нь сурлагын үнэлгээг нь сургуулийн хонгилд цаасан дээр бичээд өлгөчихдөг байсан аж. Хэн нэгнээсээ сурлага доогуур байгаагаасаа их ичиж өрсөлддөг байсан гэнэ. Бүр өөрийнхөө нэр, дүнг баллаж сохлоод орхичихдог байсан тухайгаа ч дурсацгаагаад авав. Энэ талаар “Сурлага, спорт, урлагаар ангидаа өрсөлддөг байсан. Дүүрэг, нийслэлийн тэмцээнүүдэд бид л түрүүлдэг байсан болохоор ангидаа аваргалчихад л болоод явчихна. Манай анги даасан багш Б.Оюунцэцэгийн хэвшүүлсэн зүйл энэ. Суурь боловсрол маш сайн өгсөн. Их сургуульд ихэнх нь урилгаар орсон. Багшийнхаа суурь боловсролын буянд манай ангийнхны тэн хагас нь гадаадад ажиллаж амьдарч, сурч байгаа. Үлдсэн тал нь ихэвчлэн хотод төрийн байгууллагад ажиллаж байна. Худалдаа аж үйлдвэрийн танхим, Сангийн яам, Хууль зүйн яам, Тагнуулын ерөнхий газар, банкинд эдийн засагч, цэцэрлэгийн эрхлэгч гээд бүхий л газар сайн яваа төлөөлөл бий” хэмээв. Ж.Энхбат “Манай оны төгсөгчид ирэх арваннэгдүгээр сард уулзана. Сургуулийн 50 жилийн ой ирэх жил болно. Сая ангийнхан уулзахад бүгдээрээ л багын төрхөөрөө байх юм. Бараг хамгийн хөгшин, гэдэс суучихсан нь би л байна лээ дээ. Спортоо анхаарч эд нартайгаа мөр зэрэгцэхгүй бол хөгшрөх нь байна” хэмээн хошигноод авав.

Ерөнхийдөө багшийнхаа тухай ярих дуртай юм. Хичээлээ цаг тухайд нь хийгээгүйгээс болж Бадрах, Өлзийсайхан, Бат-Эрдэнэ, Энхбат нар нэгдүгээр ангидаа багштайгаа сургууль дээрээ хонож байжээ. Ж.Энхбат “Муухай бичвэл багш ураад хаячихдаг. Тэгээд дэвтэр дээр эхнээс нь бичнэ. Шөнөжин бүтэн дэвтэр цэвэр бичээд сургуулийнхаа цэвэр бичигтэн гэгдэж шинэ жилээр өвлийн өвгөнөөс бэлэг авч явлаа” хэмээв. Мөн Бадрах, Өлзийсайхан, Энхбат гурав багшийндаа хичээлээ давтаж хонох нь цөөнгүй байсан гэнэ. Тухайн үед картын бараатай байхад багш нь нэг л талх авдаг байж. Түүнийг нь гурван сурагч нь шөнө идчихээд яваад өгдөг байсан тухайгаа дурсана лээ.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хэвлэлийн албаны дарга, төлөөлөгч, зөвлөх байсан С.Эрдэнэболд тэдний анги. Ангийнхаа андыг уран илтгэгч, ангийн онц сурлагатан гэж тодотгов. Ц.Очбадрах “Манай хүн зургадугаар ангиас эхлээд анги, сургууль, дүүргийнхээ бүхий л уралдаан тэмцээнийг хөтөлдөг, аваад явдаг байлаа. Дараа нь Монголын үндэсний телевизэд хөтлөгч, сэтгүүлчээр ажиллаж байсан. Одоо Америкт докторт сурч байгаа” хэмээн ярив. Тэдний ангийн Золзаяа гэдэг охин нэгдүгээр ангиасаа арав төгстөлөө онцоос өөр дүн авч үзээгүй гэнэ. Ангийнхаа охины талаар “Төгс хүн гэвэл түүнийг л хэлнэ. Шугам зургийн хичээлд хүртэл сайн байсан. Бид түүгээр зургаа зуруулдаг байлаа. Уг нь эрэгтэй хүүхдүүд шугам зурагт сайн байдаг шүү дээ” хэмээв. Мөн “Ангийнх нь багш “Эрдэнэболд, Золзаяа хоёр шиг бай” гэж өнөө үлгэр жишээ үлээвэр найрал хөгжим гэдэгтэй адил жишээ авдаг байлаа. Ангийн хоёр үлгэр жишээ үзүүлэн байсан даа” хэмээн ярьсан юм.

Одоо тэдний ангийн багш Б.Оюунцэцэг 39 дүгээр сургуульд хичээлийн эрхлэгч хийдэг юм байна. Ж.Энхбат “Одоо боловсролын салбарт багш сурагчдаа гар хүрлээ гээд сүржигнээд байдаг болсон болохоос бид энэ хүмүүжлээр сайн суралцаж байсан. Би багадаа маш хөдөлгөөнтэй байсан. Энд тэнд цонх хагалдаг. Хогийн пункер шатаахад дөрөв, тавдугаар давхрын айлуудаас хүмүүс угаартаад гүйгээд гардаг байсан. Манай багшийн арга барил бидэнд их сайн нөлөөлсөн шүү. Тэр чигээрээ сахилгагүйтээд хичээлээ хийхгүй яваад байсан бол аль нэг колонд явах байсан биз. Эсвэл гудамжны лааз өшиглөсөн тамхи зуусан хүн болох байсан. Манай багш маш зарчимч, шударга, хичээл хийхгүй бол саваагаар гар руу цохьдог. Сахилгагүйтвэл хэдэн цаг сандал өргүүлээд зогсоочихдог. Хичээл хийгээгүй бол цоожлоод хонуулчихдаг байсан. Мөн сурагчдынхаа гэрээр их явдаг. Танай хүүхэд энэ сард тэр хичээлдээ мэрийхгүй байна гэх зэргээр эцэг, эхчүүдэд хэлчихдэг байлаа. Тийм болохоор хичээлээ таслах, муу сурах ямар ч бололцоо олгоогүй. Мөнхцэцэг БГД-ийн 47 дугаар цэцэрлэгийн эрхлэгч, Магнайбаатар Худалдаа аж үйлдвэрийн танхимд олон улсын харилцааны ажилтан хийдэг. Золзаяа Худалдаа хөгжлийн банкинд ажиллаж байна. Энэ мэтээр сайн яваа нь багшийн ач” хэмээв.

Тэд багадаа эрэгтэй, эмэгтэй бараг бүгдээрээ цагдаа болохыг хүсдэг байсан гэнэ. 50 дугаар сургуулийн буланд Чингэлтэй дүүргийн зургадугаар хорооны цагдаагийн хэлтэс байсан байна. Тэр хэлтсийн цагдаа нь Галсаа гэж хижээл хүн байжээ. Хүүхдүүдэд дүрэмт хувцас болоод бусдад хүндлүүлж байгаа нь их таалагддаг байж. Энэ тухай Ц.Очбадрах “Манай Г.Бадрах хүртэл цагдаа болно гэж ярьдаг байсан. Гэтэл одоо боксчин спортын мастер болчихсон явж байна. Г.Бадрах арван жилдээ өсвөрийн боксын улсын аварга болж байлаа. Одоо Олон улсын мэргэжлийн боксын тэмцээнд урилгаар шүүгч хийдэг. Сүүлийн зургаан жил Америк, Канадад олон улсын тэмцээн шүүж Монгол Улсынхаа нэрийг гаргаж яваа залуу” хэмээн танилцуулав.

Спортын хувьд тэд нэгдүгээр ангиас тавдугаар ангид ортлоо акидо, каратегийн секцэд хамрагддаг байж. Сургуулийнх нь урлагийн зааланд акидогийн секц ажиллуулдаг байсан гэнэ. Брюс Литэй кинонууд их гардаг байсан болохоор хүүхдүүд бүгдээрээ л каратегийн дугуйланд шуурч байсан үе аж. Түүнчлэн “Ялалт” кино театрын арын хаалганы аваарын шатаар авирч жорлонгийн цонхоор ороод кино үзчихдэг байжээ. Тайзны ард талд хивс хураачихсан байдагт нь ороод нуугдчихдаг байснаа дурсав. Нэг шинэ кино ирэхэд тав зургаа үздэг байсан гэнэ.

Картын барааны үе байсан болохоор дэлгүүрт ангиараа цуварч дугаарладаг байснаа ч яриад авна лээ. Ж.Энхбат “Талх, сүүндээ эрт дугаарлахгүй бол олдохгүй шүү дээ. Явахдаа байрныхаа өвөө, эмээ нарын бидоныг аваад арваад бидонтой явдаг байсан. Хүнсний нэгдүгээр дэлгүүрийн ард талд сүүний мухлаг дээр очно. Тэнд ангийнхантайгаа тааралдаж бидоноо нийлүүлээд нэг цуваа болоод зогсдог байлаа. Талхаа ХИД-1 дээрээс авна. Мөн л бөөнөөрөө очиж дугаарлаад картаараа талхаа авдаг байсан. Мөн зуныхаа амралтаар Дэнжийн 1000-ын зах дээр ундаа зарж мөнгө олоод унадаг дугуй авч унаж байлаа” гэв.

Дээр нэр нь хэдэнтээ дурдагдсан Өлзийсайхан нь арван жилд байхдаа бусдын гарт нас баржээ. Найзынхаа талаар “Хичээлдээ сайн, биерхүү, тусч хүүхэд байсан. “Ялалт”-ын атаманууд ангийнхныг дээрэлхвэл өмөөрөөд зодолдчихдог хүүхэд байлаа. Бид бэлтгэл ангиас эхлэж найзлаад Ялалт дээр биллиард тоглож, Баянбүрд дээр тоглоомын газарт тоглодог байсан” хэмээн дурсах нь гунигтай аж.

Мөн “Бидний үед шороон сагсны талбай, турник л байсан. Түүнийгээ тойрч өнжихөөр бие бялдар ч их хөгждөг. 45 дугаар байрны Отгонбаяр ах нийслэлийн Захирагчийн албанд ажилладаг тэгээд сагсны шийдийг гоё торлочихдог. Түүнийх нь дэргэд л ангиараа өнждөг байлаа” хэмээв. Рийбүүк, адидас, поло зэрэг пүүзнүүд ид моодонд орж байж. Нэг нь л гоё пүүз өмсчихөд түүнийг өмсөөгүй л бол хүн биш. Тэгээд уйлж орилж байгаад л авахуулдаг байсан тухайгаа дурсаж байв. Ж.Энхбат нь “Поло” гэсэн малгай, өмд, цамц, пүүз, цүнхийг нь үүрдэг байж. Түүнээсээ болоод “поло” гэж хоч авчихсан гэнэ. Ангийнхан нь нэрээр нь биш “Хөөе поло” гэж дууддаг үе ч байсан тухай ярилцаад хөгжилдөж байлаа.

Ж.БАЯРСАЙХАН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *