Монголчууд олон сая малтай хэрнээ махаа үнэтэй идэж байна гэсэн шүүмжлэл үе үе гардаг байлаа. Энэ жилийн хувьд махны үнэ өндрөө авсангүй. Харин ч сүүлийн саруудад өдөр өдрөөр хямдарч эхэлсэн байна. Манай сурвалжлах баг өчигдөр “Шонхор”, “Нарантуул II” худалдааны төвүүдээс сурвалжлага бэлтгэсэн юм. Ерөнхийдөө хямдарч байсан махны үнэ өнгөрсөн сарын сүүлээр бүр огцом буурч эхэлсэн байна. Хонины махны бөөний үнэ кг нь 2500-2700 төгрөгийн ханш дээр арваад хоног тогтоод уржигдраас нэмэгдэж өчигдрийн байдлаар 2800-3300 төгрөг болсон аж. Худалдаачид “Өнгөрсөн жилийн өдийд хонины махны бөөний үнэ 5000 төгрөгөөс буухгүй байлаа. Гэтэл одоо бараг талд нь л байна. Одоо идэшний цаг эхлэх дөхлөө. Тэгэхээр улам хямдрах нь дамжиггүй” гэлцэж байв.
Махны жижиглэнгийн үнийн хувьд өчигдөр их үдийн байдлаар “Шонхор” захад үхрийн ястай мах нэг кг нь 6000-6500, цул нь 6800-7000, адууны ястай мах 4500, цул мах 4300, хонины ястай мах 4500, цул мах 5200, ямааны ястай мах 4200, цул мах 5000, тэмээний мах 4500 төгрөгийн ханштай байлаа. Харин тахианы гуя кг нь 6500 төгрөг бол мөч нь 6800 төгрөг, нуруутай гуя 6200 төгрөгийн үнэтэй аж. Харин “Нарантуул II” худалдааны төвд зарим малын махны жижиглэнгийн үнэ арай хямдхан байв. Үхрийн ястай мах кг нь 5300, цул мах 5800, адууны ястай мах 4500, цул мах 4500, хонины ястай мах 4500, цул мах 5000, ямааны ястай мах 3600, цул мах 4300, тэмээний мах 4500 төгрөгийн үнэтэй байв. Худалдаачдын яриагаар бол хүмүүс “Шонхор” захаар ороод буцаад явах нь их байдаг аж. Тиймээс “Нарантуул II” төвд ажиллаж буй жижиглэнгийн худалдаачид жаахан татуу үнээр худалдаж буй нь энэ гэнэ. Түүнчлэн автобусны шинэ маршрут ч худалдаанд нь нөлөөлж байгааг ярьж байлаа. Одоо Дэнжийн 1000-ын чиглэлд “Зайсан-Согоотын гудамж”, “Улиастай-Дэнжийн 1000” чиглэлийн хоёр автобус л явдаг болсон гэнэ. Өмнө нь III, IV хороолол, вокзалын чиглэлүүдээс автобус ирдэг байхад арай дээр байсан хэмээж байв. “Нарантуул II” захын худалдагч Н.Цэцэгмаа “Автобусны чиглэл олон байхад зорьж ирээд хоолныхоо махыг аваад явчихдаг хүмүүс олон байсан. Одоо хоёрхон чиглэлийн автобус ирж байгаа нь нөлөөлж байна. Гэхдээ хүмүүсийн худалдан авалт ч муудчихаад л байна шүү дээ. Ерөнхийдөө би өмнө нь өдөрт долоон хонины мах зарчихдаг байсан. Одоо гурвыг аваад л үлдэгдэлтэй бууж байна” гэлээ. Тэрээр хонины хаанаас дунд чөмгийг салгаад богтос чөмөг, далтай нь ястай мах гээд худалдахаар тавьчихаж. Түүнийгээ заагаад “Хүмүүс ястай мах авахгүй болохоор нь нэг ясыг нь авчихсан юм. Ингээд байхад л авах нь нэмэгдэхгүй л байна” гэв. Бөөний худалдаачид малын тарган туранхайгаас шалтгаалан үхрийн махыг 3000-4200, хониныхыг 2800-3300, ямааныхыг 2700-3000, адууныхыг 2700-3000, тэмээнийхийг 2300-2500 төгрөгөөр худалдаж байгаа аж.
“Малчид үнээ хэлээд ав гэдэг болсон”
Махны үнэ буурч байгаа талаар “Шонхор” захын бөөний худалдаачин Н.Цогтбаатар “Махны үнэ үнэхээр буурчихсан шүү дээ. Өнгөрсөн хавар хоёр сая төгрөгийн үнэ хүрч байсан үхэр одоо бол сая төгрөг ч барихгүй шүү дээ” хэмээн зогсоно. Тэрээр “Борлуулалт муутай болохоор ченжүүд хөдөөгүүр явж мал мах авахаа больсон. Харин малчид өөрсдөө нядлаад ороод ирж байгаа юм. Хурим найрын ч үе болж байна. Дээр нь хүүхдүүдийнхээ сургалтын төлбөрийг төлөх гээд банкнаас зээл авчихсан байдаг гэсэн. Тэгээд банкны л өрийг төлөх гээд малаа нядлаад ирдэг юм. Хүйтэрч эхлээгүй байгаа болохоор ченжүүд бөөнөөр нь авахгүй, тухайн өдөрт худалдахаа л авна шүү дээ. Тэгэхээр хөдөөнөөс ирсэн энд таних хүнгүй улс олигтой ч үнээр өгч чадахгүй буцах болдог. Өглөө махаа худалдаж чадаагүй малчид өдөр тийш сандраад “Үнээ хэлээд авчих” гээд л зогсож байгаа нь харагддаг. Миний хувьд энэ зах дээр олон жил малчдаас мах авч байна. Намайг таньдаг хүмүүс шууд авчраад л өгчихдөг юм. Хэд хоногийн дараа мөнгийг нь араас нь явуулдаг. Жижиглэнгийн худалдаа хийдэг хүмүүст махаа зээлээр өгөөд дараа нь мөнгөө аваад явуулдаг хэрэг л дээ. Жижиглэнгийнхэн ч цааш нь таньдаг хүмүүстээ зээлээр их өгдөг болсон юм шиг байна лээ. Өрийн сүлжээ үүсчихсэн. Би өмнө нь өдөрт таван үхэр зардаг байсан. Одоо ганцыг л зээлээр өгч байж аргалж худалдаж байна. 250 кг үхрийн мах кг нь ихдээ л 4000-4500 төгрөг хүрч байх жишээтэй” гэж ярилаа.
Ийн ярилцаж байтал хонины мах бөөнөөр худалдаалдаг н.Батсайхан “Хөгшчүүд, группт байдаг хүмүүс тэтгэвэр тэтгэмжээ буухаар ирж хонины гулууз мах авч байна. Мөн ресторан, цайны газрууд бий. Тэд л хөдөөнөөс ирж байгаа махыг шингээж байна даа. Ажил төрөлтэй залуучууд бол бүгдээрээ байрны лизингээс эхлээд янз бүрийн зээлтэй байдаг шиг билээ. Гулуузаар нь битгий хэл талаар нь ч авахаа больсон. Ирж хараад л сайхан хямдхан байгааг нь гайхаж байгаад явдаг. Хонины 30 кг-тай сайхан гулууз мах 100 мянган төгрөг л болж байна шүү дээ. Тэгэхэд авч чадах хүн ховор болчихсон” гэв. Малчид махаа зарж чадахгүй зах дээр өөрсдөө машинтайгаа зогсдог болсон тухай худалдаачид ярьсан боловч өчигдөр алга байлаа. Ерөнхийдөө өглөө ченжүүдэд өгөхдөө үнэ тохирч чадахгүй өөрсдөө худалдах болдог байна. Ингээд орой болоход мах нь зарагдахгүй бол кг тутамд нь 400-500 төгрөг татаад хурдхан шиг борлуулахыг боддог гэнэ. Ингэж үнэ унагадаг нь ченжүүдэд таалагддаггүй бололтой. Нэлээд ам муутай байх аж. Өчигдрийн байдлаар бөөний худалдаачид “Шонхор” зах дотор машин дээрээс үхрийн махыг салгаж худалдаж байсан. Тэд “Уг нь ингэж бага багаар нь худалддаггүй л юм. Гэхдээ ингээд ч гэсэн бөөний үнээр салгаж зарахгүй бол муудчихна шүү дээ” гэж байв. Хүмүүс аравдугаар сарын сүүлээр идшээ бэлтгэж эхэлдэг. Гэхдээ ченжийн гар дамжсан өндөр үнэтэй мах авахгүйн тулд хөдөөнөөс авахыг урьтал болгодог. Түүний дээр идэшний үеэр л худалдахгүй бол цаашаа мал авах хүн олдохгүй. Малчдын дийлэнх нь хотод нэг болон түүнээс дээш оюутантай. Тэднийхээ хэрэглээний мөнгө болоод сургалтын төлбөрийг нь төлөх гэж банкнаас авсан зээлийнхээ хэдэн сарын урьдчилгааг чухам л идэшний цагаар малаа худалдаж олохоос аргагүй. Иймээс махны үнэ улам ч хямдардаг тухай худалдаачид ярьж байсан юм.
Бусад зардал буурахгүй болохоор үнээбуулгахгүй гэнэ
Махны үнэ хямдраад байгаа хэр нь хуушуурын үнэ буухгүй байгааг шүүмжлэх нь бий. Учир нь энэ хоолонд мах хамгийн их ордог. Тиймээс махны үнэтэй шууд хамааралтай байх учиртай. Өмнөх жилүүдэд хонины мах 8500 төгрөгт хүрч байхад хуушуурын үнэ нэмэгдэж ширхэг нь 800 төгрөг болж байлаа. Өнгөрсөн зуны наадмаар 1000 төгрөгт хүрсэн хуушуурын үнэ одоо ч тэр хэвээрээ газрууд олон байна. СУИС-ийн баруун талын цайны газруудын хувьд оюутнууд, сургуулийн сурагчид ордог болохоор хоолны үнэ арай хямд байдаг аж. Хуушуур, бууз, пирошки, мантуун бууз, ороомог нь 700 төгрөгийн үнэтэй байв. Харин тавгийн хоолнуудын үнэ 3800-4500 төгрөгийн хооронд байлаа.
“Гоё бууз, гоё гоймон” хэмээх цайны газраар орлоо. Цайны газрын эзэн “Махны үнэ буурсан ч хоолныхоо үнийг буулгах боломж байхгүй. Гурил, цахилгааны төлбөр, шатахуун гээд бусад зардал нь буураагүй байна шүү дээ. Гурилын үнэ улам л нэмэгдээд байна. Дээрээс нь ялангуяа сургуулийн хүүхдүүд гэртээ хоол бэлдэж ирээд цай аваад иддэг болсон. Тавагтай хоол авдаг байсан хүмүүс чанасан гоймон идэж байна. Чанасан гоймон идэж байсан хүмүүс нь ширхгийн пирошки, мантуун бууз идэж байна шүү дээ. Нэг бэлэн гоймонгоос 500 төгрөгийн ашиг унадаг гэж бодъё. Өдөржин зогсоо зайгүй 200 гоймон чанаад зарлаа гэхэд 100 мянган төгрөг болно. Дөрвөн тогоочдоо өгөх цалинд ч хүрэхгүй. Цахилгаан, дулаан, цэвэрлэгээ үйлчилгээний зардал гарахгүй дээ. Цайны цагаар л гэхээс хүмүүс цөөнтэй болчихсон” хэмээж байсан юм. Өөр хэд хэдэн цайны газраар ороход мөн л адил зүйл хэлэх аж. “Нарантуул II” захын хашааны үүдэнд байрлах цайны газрын эзэн “Хоолныхоо үнийг буулгаад хаанаас ашиг олох юм бэ. Махны үнийн хэлбэлзлийг дагаж цэсээ өөрчилж чадахгүй. Энэ цэсийг дахиж хэвлүүлэх гэвэл 60 мянган төгрөгийн үнэтэй байдаг юм” гээд хоолны үнийн талаар асуусанд дургүйцсэн өнгөтэй хариулж байна.
Тэндээсээ Бага тойруугийн хэдэн ресторануудаар орж үзлээ. Эзэд нь өөрсдөө байдаггүй болохоор ажилчид нь хоолны үнэдээ тайлбар өгч чадахгүй юм. Гэхдээ Итали Монгол хоолны ресторанд өдөр ороход нэг ч хүн алга. Арваад минут суухад хэн ч орж ирсэнгүй. Өнөө хуушуураа сонирхоход дөрвөн ширхэг нь 8500 төгрөгийн үнэтэй байв. Үндэсний хоолны томоохон сүлжээ ресторанаар ороход тав, зургаахан хүн байлаа. Зөөгч нар нь хоолны цэсээ гартаа эргүүлж, бөөгнөрөн хоорондоо юм ярьсан шиг цаг нөгцөөж харагдана. Хуушуур энд 12900 төгрөгийн үнэтэй. Бусад хоолнуудын хувьд 7500-99000 төгрөг аж. Хоолны газрууд гурил, бензиний үнэтэй барьцсан зүйл ярьж үнээ буулгах сонирхолгүй байгаагаа хэлж байлаа.
Ж.БАЯРСАЙХАН