Саяхан БНХАУ-ын Хэбэй мужийн
Шижиажуан хотод “ВУЧИАО” олон улсын циркийн фестиваль болж манай циркчид мөнгөн
цом хүртсэн билээ. Энэхүү тэмцээн нь олон улсын хэмжээнд “А” буюу нэгдүгээр
зэрэглэлийн гэгдэх цөөхөн тэмцээний нэг юм байна. Тус тэмцээнд Герман, Орос,
Хятад, Мексик, Канад, Америк, Франц, Хойд Солонгос, Монгол зэрэг 20 гаруй орны
шилдэг циркчид ур чадвар, авхаалж самбаагаа сорьсон байна. Монголын циркчид
шидэх банзны төрөлд гайхамшигтай үзүүлбэрийг толилуулж анх удаа эмэгтэй циркчин
агаарт гурван удаа эргэлт хийж буусан нь дэлхийн циркийн түүхэнд тэмдэглэгдэн
үлдлээ. Ингээд тус эргэлтийг гүйцэтгэж дэлхий нийтийг шуугиулсан жүжигчин
Б.Үржиндуламтай ярилцлаа.
-Таны хувьд хоёр ч үзүүлэлтээр
дэлхийн циркийн урлагийн түүхэн амжилтыг эвдсэн гэсэн. Энэ талаараа
тодруулахгүй юу?
-Бидний энэ удаагийн үзүүлбэр
болон трүкний тавилт үнэхээр гоё болсон. Манай уран бүтээлчид Монголын болоод
дэлхийн циркийн урлагийн олон дээд амжилтыг тогтоогоод ирлээ. Миний хувьд
дэлхийн дээд амжилт буюу зургаан давхар хүн дээр эмэгтэй хүн анх удаа дан
эргэлт хийж гарсан бөгөөд анх удаа агаарт гурван удаа эргэлт хийсэн гээд олон
сайхан амжилт гаргалаа.
-Агаарт гурван удаа бүтэн эргэх
үзүүлбэр өмнө нь дэлхийн циркийн урлагт тохиолдож байгаагүй юм уу?
-Эрэгтэй циркчдийн хувьд агаарт
гурав эргэсэн тохиолдол бий. Гэхдээ ховор. Харин би дэлхийд анх удаа агаарт
гурван удаа эргэлт хийсэн эмэгтэй хүн боллоо. Эмэгтэй циркчдийн хувьд ихэнхдээ
дээд тал нь хоёр эргэсэн амжилтыг үзүүлсэн байдаг юм билээ.
-Тэгэхээр та нэлээд эрсдэлтэй
хэрнээ зоригтой алхмыг хийжээ?
-Агаарт гурван удаа бүтэн
эргэнэ гэдэг маш амаргүй л дээ. Ганц, хоёр бол эргэчиж болох зүйл. Энэ амжилт
хамтлагийн уран бүтээлчдийн амжилт. Шидэх банзны үзүүлбэр бол багийн тоглолт.
Бүх хүний үүрэг, гүйцэтгэл нэгнийхээ амжилтад нөлөөлж байдаг. Тиймээс
хамтлагийн уран бүтээлчдэд баярлалаа. Та нар ч гэсэн мундаг байсан шүү гэдгийг
хэлэх байна.
-Гурав эргэж сурахад хэцүү
байсан уу. Биеийн жин зэрэг нөлөөлөх хүчин зүйлүүд бий юу?
-Хэцүү. Эхлээд нэг эргэдэг
байсан бол хоёр эргэж сурна. Хоёр эргээд сурчихаар гурав эргэх боломж байгаа
гэдэгт итгэл төрөөд ирнэ. Агаарт гурван удаа эргэхэд мэдээж маш чадвар
хэрэгтэй. Миний биеийн жин 55 кг. Байнга бэлтгэл хийж байгаа болохоор яг л энэ
жингээ барьдаг. Агаарт хүчтэй шидэгдээд гурван метрийн өндөрт байрлах сандал
дээр суухын тулд бүх зүйл тооцооллын дагуу явагддаг. Тухайлбал, агаарт хүчтэй
шидэгдээд гурван метрийн сандал дээр 55 кг жинтэй хүн дунжаар 160 кг жингээр
бууна гэж тооцоолж үзүүлбэрээ бэлдэх жишээтэй. Ерөнхийдөө дүүжин бүхий банзны
нэг өнцгөөс агаарт шидэгдэж буухдаа гурван метрийн өндөрт байрлах сандалд ямар
ч өөгүй буух нь чухал. Энэ хооронд л би гурван удаа бүтэн эргэх ёстой.
-Хэзээ гурав эргэж сурсан бэ?
-Сүүлийн гурван сар тасралтгүй
бэлтгэл хийж сурсан.
-Та хэзээнээс эхэлж циркийн
урлагт хөл тавив?
-Би 21 дүгээр сургуулийг
төгсөөд Монголын үндэсний циркт жүжигчнээр орсон. 21 дүгээр сургуулийн
нэгдүгээр ангид орохдоо л спортын гимнастикийн гүнзгийрүүлсэн ангид суралцсан.
Тиймээс төгсөөд шууд циркийн урлагийг сонгосон гэж болно.
-Өөр ямар үзүүлбэр үзүүлж чадах
вэ?
-Өнгөрсөн хугацаанд агаарын
цагариг, газрын цагариг зэрэг олон үзүүлбэрийг хийж ирсэн. Харин шидэх банзны
төрлөөр хичээллээд жил болж байна.
-Та нэлээд эрсдэлтэй
үзүүлбэрээр хичээллэдэг санагдлаа. Ер нь бэртэж гэмтэнэ биз. Бэлтгэлийн үед
хамгаалалтын хэрэгсэлтэй байдаг уу?
-Бэлтгэл хийхдээ хамгаалалтын
бүстэй ажилладаг. Гэмтэж бэртэх тохиолдол бол зөндөө ш дээ. Ялангуяа өндрөөс
өндөрт байрлуулсан сандал дээр сууж буухад нуруу, хөл, гуя хавьцаа их гэмтэнэ.
Хөхөрнө, хавдана, няцарна. Заримдаа бүр мэдээгүй болчихдог байсан.
-Тэгээд шантрахгүй ээ?
-Үгүй. (инээв) Тэр болгонд
манай уран бүтээлчид зүгээр ээ, хурдан эдгэчихнэ, эдгэнэ гэж урам өгдөг.
-Танай гэр бүлийн хүн бас
циркийн жүжигчин гэв үү?
-Тийм ээ. Д.Пүрэвсамбуу гээд
Монголын үндэсний циркийн жүжигчин. “Есөн өрлөг” хамтлагийн уран бүтээлч
байгаа. Сая тэмцээнд хамт оролцоод ирсэн. Бид 2010 онд Тайванд гэрээгээр
тоглолт хийх үеэр танилцсан. Одоо бидний гүнж гурван настай. Манай нөхөр Модон хөлт
өмсөөд дээрээ сандал авч байгаад өндрөөс хүн тосч авдаг гэх үү дээ. Үзүүлбэрийг
нь энгийнээр тайлбарлавал.
-Гэр бүлээрээ циркийн урлагт
хүчин зүтгэж яваа гээд бодохоор бахархмаар. Нөгөөтэйгүүр хэзээ ч эрсдэл учирч
болох үзүүлбэрийг хийдэг гээд бодохоор халширмаар санадаг юм…
-Зарим хүмүүс үнэхээр тэгж
хэлдэг. Гэхдээ аав, ээж, гэр бүлийнхэн маань биднийг их сайхан дэмждэг.
Тоглолтоор гадагшаа явах бүрт л санаа тавьдаг. Гэхдээ эрсдэл амьдралыг илүү
амттай болгодог юм шиг. Үзүүлбэрээ үзэгчдэд сонирхолтой болгохын тулд илүү
эрсдэл рүү л тэмүүлдэг. Энэ нь бидний мэргэжлийн онцлог. Бас гайхамшиг.
-Монголд иймэрхүү үзүүлбэрийг
хийдэг циркчид бий юу?
-Саяхан ОХУ-ын Москва хотноо
зохиогдсон “ИДОЛ” олон улсын тэмцээнээс мөнгөн цом хүртсэн шидэх банзны
Т.Номуунбаатар ахлагчтай Монголын үндэсний циркийн жүжигчид байна.
-Таны хэтийн зорилго юу вэ.
Магадгүй агаарт дөрөв эргэх үү?
-Магадгүй. “Монти Карло” гээд
циркчдийн хувьд олимп гэж болохоор тэмцээний алтын төлөө манай хамтлагийнхан
зүтгэж байна.
Б.Золбаяр:
Биднийгмаш олонхэвлэл, мэдээллийнхэнонцолж байсан
Монголын үндэсний циркийн
дэргэдэх “Есөн өрлөг” хамтлагийн ахлагч, Соёлын тэргүүний ажилтан Б.Золбаяраас
зарим зүйлийг тодрууллаа.
-Юуны өмнө танай уран
бүтээлчдэд дэлхийн циркийн урлагт олон дээд амжилт тогтоосонд баяр хүргэе?
-Баярлалаа.
-Хичнээн төрлөөр дээд амжилт
тогтоосон юм бэ?
-Энэ удаа манай уран бүтээлчид
шидэх банзны төрлөөр олон сайхан амжилтад хүрлээ. Тодруулбал, Монголын циркийн
түүхэнд анх удаа жүжигчин Л.Тэлмэн агаарт 1080 градусаар давхар гурван эргэлт
хийж бичигдсэн. Мөн Тэлмэн дэлхийн хэмжээнд хамгийн хүнд үзүүлбэрт тооцогддог
хөндлөн перштэй сандал руу агаарт хойшоо гурав эргэж гарсан. Бас Тэлмэн маань
урагшаа стеркасат дөрөв салито хийсэн. Б.Үржиндулам Монголын циркийн түүхэнд
анх удаа колон руу 720 градусаар бланш хийсэн байгаа. Дэлхийн дээд амжилт буюу
зургаан давхар хүн дээр эмэгтэй хүн анх удаа гарсан гээд үнэхээр сайхан
амжилттай оролцлоо.
-Ерөнхий продюсероор ямар хүн
ажилласан бэ?
-Т.Буд найруулагч продюсероор
ажилласан. Манай уран бүтээлчид 12 хүний бүрэлдэхүүнтэйгээр энэхүү тэмцээнд
оролцсон байгаа.
-Яг хичнээн орны циркчид
өрсөлдсөн бэ?
-Давхацсан тоогоор 36 орны
циркийн уран бүтээлчид хоорондоо өрсөлдсөн байгаа. Ерөнхийдөө төрөл төрлөөрөө
хоорондоо өрсөлддөг л дөө. Шидэх банзны үзүүлбэрийнхэн бусад орны шидэх банзны
үзүүлбэртэй өрсөлддөг гэсэн үг. Бүх зүйлийг төгс гүйцэтгэх ёстой. Ялимгүй алдаа
ч гаргаж болохгүй. Энэ бүхэн оноотой холбоотой. Ер нь фонограмм хэрэглэж
болдоггүй ганц урлаг шүү дээ.
-Бэлтгэлээ хэрхэн хангасан бэ?
-Бид таван сарын өмнө Хятадын
нэг хотод гэрээгээр тоглолт хийж байсан. Зөвхөн нэг үзүүлбэрээр өдөрт нэг удаа
тоглолтод оролцож байсан. Тиймээс Хятад улсад бэлтгэлээ хангасан байгаа.
-Үзүүлбэрт ашиглах эд материал
нь зориулалтынх байдаг уу. Монголд байдаг уу?
-Зориулалтын хулс модоор хийсэн
банз ашигладаг. Гаднаас захиалж авдаг. Нимгэн зузаан нь ямар байх уу гээд
захиална л даа.
-Ер нь циркийн агаарын
үзүүлбэрийн төрөлд аль орны циркчид чадварлаг вэ?
-Шидэх банзны төрөлд
чадвараараа манай улс дэлхийд гуравт бичигдэж байна. Орос, Хятад, Хойд Солонгос
гээд маш олон улс энэ төрлөөр чадварлаг л даа.
-Тэмцээний үзүүлбэр тийм байх
ёстой гэсэн шаардлага тавьдаг уу?
-Сэдэв бол чөлөөтэй. Хугацааны
хувьд манай хамтлагт есөн минут өгсөн. Тиймээс есөн минутын дотор гүйцэтгэлээ
сайн хийх ёстой. Гол нь үзэгчдээс оноо авах нь чухал. Хувцаслалт, нүүр будалт,
үзэгчидтэй хэрхэн харилцах гээд олон шалгуурыг хардаг.
-Гадныхан та бүхний үзүүлбэрийг
үнэхээр шагшиж байсан гэсэн?
-Үзэгчид, шүүгчид ийм гайхалтай
үзүүлбэрийг яаж гүйцэтгэж чадаж байнаа гэж магтаж байсан. Өдөр болгон 2-3
телевиз ирж ярилцлага авч байлаа. Бүр бэлтгэл хийж байхад хүртэл монголын
циркчид ингэж бэлтгэл хийдэг гэж харуулсан нэвтрүүлэг хүртэл бэлтгэж байгаа. Ер
нь Хятадын сонин, сайтууд нэг хэсэгтээ л манай уран бүтээлчдээр амьсгалж байлаа
шүү дээ. Алтан цом хүртсэн Оросын багаас ердөө хоёрхон онооны зөрүүтэй байсан.