Categories
мэдээ цаг-үе

Зуйван бөмбөгийн эздийн тухай

Сэргэн мандалтын үеэс хойших дэлхийн хөгжлийг бид тодорхойлсон, бидний хийж бүтээж зохиосон намтраар энэ замбуулин хөгжиж байгаа гэж англичууд боддог, ярьдаг юм билээ. Зарим зүйлтэй нь санал нийлж болохын нэг жишээ нь хөлбөмбөг ба регби юм. Дэлхийн номер нэг спорт болох хөлбөмбөг, түүнтэй адил төстэй дүрэмтэй регби нь яах аргагүй Англиас үүсэлтэй, тэнд л анхных нь дүрэм батлагдаж эхний тоглогчид, анхны мэргэжлийн баг, клубууд нь бүрэлдсэн түүхтэй. Түүх гэснээс регби яаж хөлбөмбөгөөс салж өөрийн давтагдашгүй замналаараа хөгжсөн тухай батлагдаагүй баримтыг жаахан өгүүлье. Англид Rugby гэдэг жижигхэн хот байдаг юм байна. Энэ хотын дунд сургуулийн сурагч Уильям Уэбб Эллис 1823 онд хөлбөмбөг тоглож байгаад өөрт ирсэн бөмбөгийг хөлөөрөө өшиглөлгүй гараараа тэвэрч гүйн эсрэг талынхаа хаалганд оруулснаар регби гэдэг спортын эхлэлийг тавьсан гэлцэх юм. Үнэн худал нь 100 хувь батлагдаагүй ч тэр залууг яах аргагүй регби хэмээх спортын эцэг гэж үздэг нь үнэн тул одоо зохиогдож байгаа ДАШТ-ий түрүүлсэн багт олгодог шаргал цомыг Уэбб Эллисийн цом хэмээн өргөмжилдөг. Регбиний үүсэл хөгжил хөл бөмбөгөөс гаралтай боловч түүнээс ялгарах нэлээн хэдэн онцлог бий. Юуны өмнө эдгээр ялгаануудаас нүдэнд тусах онцгой онцлог нь нөгөө зуйван бөмбөг бөлгөө. Аливаа том хэмжээний ойдог бөмбөгнүүд дотроо хийлдэг хаймран хүүдийтэй, гадна талаараа ширэн гэртэй байдаг гэдгийг хүн бүхэн мэднэ. Тэгвэл регбиний бөмбөгийг холын тэртээх XIX зуунд тэр бүр резинэн хаймраар хийх боломж байсангүй. Хийлж болох нийтэд хүртээлтэй хямдхан материал нь тэр үедээ гахайн давсагны хүүдий байсан тул түүнийг цэвэрлэж үлээгээд ширэн уутанд хийж тоглодог байжээ. Ийм уут мэдээж давсагны хүүдийгээ дагаад бөөрөнхий биш зуйвандуу хэлбэр үүсгэдэг байж л дээ. Гэхдээ ийм зуйван бөмбөгийг тэвэрч гүйхэд гараас мултардаггүй, эвтэйхэн байсан нь хожмоо дасал болж улмаар өөр ямар ч хэлбэртэй бус ийм л зуйван байх шинж рүү шилжсэн гэнэ. Бас нэмээд бичихэд регбинээс хуулбарлаж өөрийн ая жаягаа шингээсэн Америкийн хөлбөмбөг бас ийм зуйван бөмбөгөөр тоглодог.

Регби дотроо Регби-15, Регби-7, Регбилиг гэх мэтчилэн бага сага бүрэлдэхүүний өөрчлөлттэй хувилбаруудтай бөгөөд эдгээр нь бүгд Олон Улсын Регбиний зөвлөл (IRB)-д харьяалагдана. IRB-ийн ивээл дор зохиогддог тэмцээнүүдийн оргил нь одоо Их Британид болж байгаа ДАШТ (найм дахь удаагийн) билээ. Энэ тэмцээн дөрвөн жилд нэг удаа зохиогддог, 1987 онд анхных нь болж, Шинэ Зеландын шигшээ баг аваргалж байжээ. Регби хэдийгээр Английн “салбар” улсууд болон Английн колони байсан орнуудад илүү идэвхтэй хөгжсөн ч гэлээ Гүрж, Япон, Аргентин, Румын зэрэг улсуудад англи-саксон уламжлалтай улсуудаас дутахааргүй өргөн дэлгэрсэн спорт юм билээ. Дэлхийн бөмбөрцгийн өмнөд хэсгийн улсууд болох ӨАБНУ, Австрали, Шинэ Зеланд, Номхон далайн арал-улсуудад “галзуурлын” хэмжээнд хүртлээ дэлгэрсэн спорт бол яах аргагүй регби юм. Шинэ Зеландад амьдардаг танил маань тэднийд яг одоо тус улсын шигшээ баг тоглох үед улс нь хоёр цагийн хугацаанд “Халтар царайт” үзэж байгаа адил чимээгүй болж байгаа хэмээн хэлсэн. Арлынхан энэ спортоос жинхэнэ эрчүүдийг олж хардаг, бага сага бэртлийг үл харгалзан бух мэт мөргөлдөж, шаардлагатай үед нударга зөрүүлчихдэг эдгээр залуус тухайн спортыг эр хүн шиг эрчүүдийн наадам болгож байна хэмээн үздэг юм билээ. Дүрмийн хувьд нэг их нарийн ширийн зүйл үгүй, зуйван бөмбөгөө хөлөөрөө, гараараа зөөж гүйсээр эсрэг багийнхаа нүүрний шугам давуулж чадвал оноогоо авдаг учиртай.

Зарим үндсэн дүрмийг дурдвал:

*100х70 метрийн талбайд тоглох бөгөөд Н маягийн хаалгатай, хаалганы хэмжээ нь 5,6 метрийн зайтай хоёр шон гурван метрийн өндөрт хөндлөн холбогддог.

*Нэг үедээ 40 минутын хугацаатай хоёр үе тоглодог. Энэхүү 80 минут нь “цэврээр“ тооцогдох бөгөөд хөлбөмбөгөөс ялгаатай нь ямар нэгэн байдлаар тоглогч гэмтэх, будлиан гарах үед талбайн шүүгч үндсэн цагийг зогсоодог.

*Хасагдах шатны тоглолтын үед үндсэн цаг тэнцээнээр дуусвал нэмэлт хоёр үеийг 10, 10 минутаар сунгаж тоглодог.

*Талбай дээр ерөнхий шүүгчээс гадна хоёр туслах шүүгч ажиллана. Томоохон тэмцээний үед бичлэг үзэж хяналтыг давхар явуулдаг дөрөв дэх шүүгч ажиллана.

*Нийт 15 регбичин талбайд тоглодог бөгөөд тоглолтын явцад долоон удаа сэлгээ хийхийг зөвшөөрдөг.

*Довтолж байгаа багийн тоглогч бөмбөгөө зөвхөн өөрийнхөө шугамаас хойно байгаа хүнд гараараа шидэж дамжуулдаг бөгөөд урагш дамжуулсан тохиолдолд отон тоглолт хэмээн үзэж эсрэг багт бөмбөгийг шилжүүлдэг.

*Урагш дамжуулахдаа гараараа биш хөлөөрөө өшиглөхийг зөвшөөрдөг.

*Хэрвээ довтолж буй багийн тоглогч эсрэг багийнхаа нүүрний шугамыг бөмбөгтэйгөө давж чадвал таван оноо авна. Нэмээд торгуулийн цохилтоор хоёр оноо авах боломж бүрдүүлнэ.

*Тоглолтын явцад, шүүгч чөлөөт цохилт хийх боломж олгоход газар тавьсан бөмбөгийг хаалганы хөндлөвч дээгүүр давуулсан тохиолдолд гурван оноо авдаг бөгөөд тоглолтын явцад шууд бас өшиглөж гурван оноо авах боломж бий.

*Хамгаалж буй багийн тоглогч, довтолж буй багийн тоглогчийг зогсоохдоо хүзүү, толгойн хэсгээс бусад биетээс тэвэрч саатуулах боломжтой ба хөлөөрөө дэгээдэх, түлхэх зэргийг хориглоно.

*Рак буюу хоёр багийн хэсэг тоглогчид мөрөөрөө тулж түлхэлцэх үед бөмбөгийг зөвхөн хөлөөрөө арагшаагаа дамжуулах ёстой

Үндсэндээ гол дүрмүүд нь ийм бөгөөд тоглох явцад бэртсэн тоглогч эмнэлгийн тусламж аваад буцаж талбайд гарч болно, бөмбөгөө газар буулгалгүй удсан тохиолдолд рак буюу тулах байрлалыг заана гэх мэтчилэн өөр дүрмүүд бас бий.

Үүнээс гадна улаан хуудас авбал талбайгаас хөөгдөнө, шар хуудас авбал арван минутын хугацаатайгаар талбайг орхино, тоглогч ойчсон тохиолдолд шууд л бөмбөгөө газар тавих ёстой, бөмбөгөө газардуулалгүй удсан тохиолдолд бөмбөг эсрэг багт шилжинэ гэх мэт дүрмүүд бий. Ер нь ганц хоёр удаа тэмцээнийг нь үзээд дүрэм журмыг нь ойлгочихоор энгийн спорт шүү дээ. Бөх, бокс, хөлбөмбөг зэргийг холиод дундаас нь гаргачихсан мэт энэ спорт сүүлийн үед дэлхийд их алдаршиж хүрээгээ тэлж байгаа гэдэг. 1987 онд зохиогдсон анхны ДАШТ-ийг давхардсан тоогоор 300 сая орчим хүн телевизээр үзсэн гэдэг бол сүүлчийн 2011 оны Шинэ Зеландын ДАШТ-ий дээрх тоо баримт дөрвөн тэрбум болтлоо өөрчлөгдсөн байх юм. Регби 1900-1924 онуудын хооронд зуны олимпийн хөтөлбөрт багтан аваргаа шалгаруулж байсан ч өргөн олныг хамарч чадалгүй хасагдсан түүхтэй. Гэхдээ дараа жилээс дахин олимпийн наадмын эгнээнд багтана.

Регбиг үзээд байхад монголчууд тоглож болохоор бидэнд нэлээн ойр дөхүү байж магадгүй спорт санагддаг. Монголд регбиг хөгжүүлэх гэж гарьд Цэрэнпунцаг нэг хэсэг оролдсон ч хол явалгүй чимээ алдарсан гэж байгаа. Уг нь манайханд зохиж магадгүй мэт харагддаг ч гэлээ багийн спорт Монголд хэзээ ч хөгжихгүй гэдэг үнэн болж үлдэх болов уу.

Д.Бат-Эрдэнэ


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *