Нэг. Яав?
Хэдэн жилийн өмнөх явдал. Монголын хувьд л хэдхэн жилийн өмнөх боловч машинд дотоод шаталтын хөдөлгүүр ашиглаж туршсанаас хоёр зууны дараа болсон хэрэг. Бас Форд Т суудлын тэргийг дамжлагын аргаар, хиам шиг бөөнөөр нь гаргаж эхэлснээс нэгэн зуунаар хожимдсон явдал. Түүнчлэн залуу техникчдийн ордны багачууд моторт загвар угсарч, Залуучуудын соёлын төвийн сонирхогчид “Тахь” хэмээх гар хийцийн тэргээ Замын цагдаад журамлуулж байснаас ч хожуу явдал.
Юу болсон гэхээр, монгол хүн машин хийсэн байв. (Угсарсан нь ойлгомжтой боловч хийсэн гэж үзэх нь нийтэд таалагдаж байлаа)Монгол хүн атлаа хонь төхөөрөх, айраг исгэх, боодог шарахын оронд харин ч техниктэй ноцолджээ. Барьж аваад задлах эвдэхийн оронд угсарч босгосон учраас манай улсын бүхий л зурагт түүнийг бахдан харууллаа.
Тэрхүү “зохион бүтээлт” нийслэлийн төв талбайд тавигдаж Засгийн газар бүрэн бүрэлдхүүнээрээ хүрэлцэн ирэв.
Тухайн үеийн ерөнхий сайд бээр “машин ба зохион бүтээгч”-ийг зүйл бүрээр магтсан боловч өөрөө боловсролтой, тооны ухааны профессор хүн учраас бөөнөөр үйлдвэрлэх чиглэл хараахан өгсөнгүй.
Улмаар, Хөдөлмөрийн сайд нь түүнээс ч илүү зориг гаргаж, кинонд гардаг Сю Шүжаны чийчаан шиг эрээн мяраан машинд суулаа. Монгол Улсын Засгийн газрын гишүүнийг тээсэн төмөр хүлэг хэсэг газрыг осол эндэгдэлгүй туулж билээ. Ерөнхий болон Хөдөлмөрийн сайдын эдгээр үйлдлийг ухвар мөчид зарим хүн улстөржсөн хэрэг, хаа хол яваа сонгуулийн суртчилгаа мэтээр буруу тайлбарласан явдал бий.
Үнэн хэрэгтээ монгол хүн өөрийн хүч чадлаа нураах зогсоох, хаах болиулах, эсэргүүцэн гацаах үйлсэд зориулахын оронд бүтээх, угсран босгоход чиглүүлсэн явдлыг Засаг төр нь сайшаасан утгатай байлаа.Ийм учраас анхны машиныг хэзээ хийсэн, монголчууд түүнээс хэдэн зуунаар хожимдсон зэрэг нь огт хамаагүй байсан хэрэг.
Ганцхан машин техник “дахин зохион бүтээх” дээр ч гардаг үзэгдэл биш. Олон юман дээр яригдана, жишээлэхэд “монгол хүн ингэж чадлаа”, “тэнд ажилд орж дөнгөлөө л” гэнэ. Монгол хүн Майкрософтод ажилд орж гэнэ гээд энд бэсрэг наадам зохиохдоо тулж байсныг санаж байна. Бидний охь манлай болсон азтан маань тэндхийн дарга, жолооч, манаач жижүүр юу байх нь хамаагүй байв.Уул нь энэтхэг, хятадаас эхлээд хорвоогийн бүхий л үндэстэн тэрхүү аварга компанид дүүрэн байгаа л даа.
Ингээд зогсохгүй “Монгол хүн Билл Гэйтсийн компанид ажиллаж байгаа явдал нь Оюу толгойн далд уурхайг манайхан бие даан ашиглаж чадахын жишээ” гэсэн гаргалгаа ч үзэгдэж байлаа.
Хоёр. Яагаад?
…Хориннэгдүгээр зуун гараад 15 он үдсэн ч гэсэн, ардчилал, чөлөөт зах зээлээр замнаад 25 жил болсон ч гэсэн өнөөгийн нийгмийн уур амьсгалыг өнгөрсөн үеийн дурсамж тодорхойлсоор байна. Өнгөрсний сүүдэр хувьсгалаар арилдаггүй, харин хуучин цагийн сэтгэлгээ, итгэл үнэмшлийг тээгчид нийгэмд нөлөөлөхөө болихоор арилдаг бололтой.
Бид нүүдэлчин гэдгээ далд ухамсартаа мэдэрч, иргэншсэн ертөнцөөс олон юмаар дутуугаа ухаарч шаналдаг. Тэгээд иргэншсэн улсын хүний бүтээдэг наад захын зүйлийг хийчихвэл түүнийгээ хүний зэрэгт буюу иргэншсэн нийгэмд дөхөж байгаа баяр болгон хардаг. Ийм учраас өрнөдийнхөн зуун зууны тэртээ хийгээд хуучирсан технологийг ч болов бие даан давтаж чадвал бахаддаг. Энэ бахдал бодитой бөгөөд зүйтэй юм. Соёлт ертөнцийн инээдийг хүргэсэн ийм үйлдлүүд манай үндэстэн алхам алхмаар урагшилж байгааг бидэнд харуулдаг. Ард түмэн үргэлж цэцэн мэргэн байдаг. Гагцхүү түүнийг олж харах хэрэгтэй.
Бас мянга мянган жил ан гөрөө, дайн тулаан гээд сүйтгэлийн үйлсээр хэт мэргэжсэнээ мэдэрч эмзэглэдэг. Тийм учраас бага ч болов бүтээн байгуулалтыг тоож үзэн, тэр бүү хэл ямар ч утга учиргүй, огтоос үнэ цэнгүй байсан ч хамаагүй бахаддаг. Ийм учраас л униа угаачихаад шинэ гэрийн найр хийж, улстөрчид нь барилгын хаалгыг сольчихоод түүнээ нээх ёслол үйлдэн тууз хайчилдаг. Манайхан “дарга нар тууз хайчлах нь хэтэрлээ” хэмээн шоолдог. Үнэн хэрэгтээ ард түмэн юунд дуртайг тэд мэдэж байгаагаас болдог.
Зуун зуунаар хожимдсон ч байг хамаагүй иргэншсэн ертөнцийнхний чаддагийг дуурайсан, үнэ цэнгүй ч байг хамаагүй давтаж нотолсон дээрх үйл явдлууд бол өчигдрийн нүүдэлчин малчид орчин үеийн хүн рүү дөхсөнийг, тэднийг тасралгүй нэхэн хөөж байгааг нотолсон баяр юм. Мөн тэднийг гүйцэж түрүүлэхгүй юм гэхэд мөр зэрэгцэхийг бэлгэдсэн, сэтгэлийн тэнхээ хайрласан баяр бөлгөө.
Гурав дахь хүчин зүйл бол арай өөр. Уул нь 1959 онд улс даяараа хувийн өмчгүй болсноор арилж эхлэх учиртай малчин нүүдэлчний сэтгэлгээ өнөө хүртэл амьд сэрүүн яваатай холбоотой. Энэ сэтгэлгээ “нүүдэлчний амьдралд хэрэгтэй жаахан юмсаа 100 хувь айл гэртээ, дотроо үйлдвэрлэх”-ээс өөр аргагүй байдлаас үүдэлтэй. Дээл хийх нэхийгээ өөрөө элдэж боловсруулан, тэрлэгээ өөрсөө оёно. Малын ширийг өөрдөө боловсруулж сур хийнэ. За тэгээд мал аж ахуйн бүх тоног хэрэгслээс аваад ахуйн жаахан зүйлс болох хогийн шүүрийг ч өөрөө л өвс түүж үйлдэнэ.
Ийм учраас эх эцэг нь хүүхдээ бүхнийг хийдэг болгож хүмүүжүүлнэ. Хүмүүжлийн гол зарчим “хүний гар харахгүй байх” гэсэн ганцхан заалттай.
Уул нь, зөвхөн нэхий сайн элдэж сураад түүгээр бизнес хийж болмоор. Ногт чөдөр, дэрсэн шүүрээс эхлээд хэрэгтэй бүхнээ нэхийгээр худалдаад авч баймаар санагдана. Гэвч болдоггүй. Нэгдүгээрт элдсэн нэхийг нь авах учиртай бусад хүн зуун уул, мянган горхины цаана нүүж яваа. Хойноос элдээд очлоо гэхэд өөрөө нэхийгээ элдээд, өөрөө дээлээ оёод, өөртөө өмсүүлчихсэн сууж байна. Бас худалдан авах учиртай шүүрийг хийгээгүй, бусдад илүүчлэх чөдөр ногтгүй байх жишээний. Ийм хорвоод өөртөө л найдаж, бүхнийг өөрөө л хийж сурахаас өөр замгүй. Амьдралын ийм технологийг “Хүний гар харахгүй амьдрах” хэмээнэ.
Гэтэл суурин ертөнцийнхөн хөдөлмөрийн хуваарьтай түүнийгээ “хүнийхээ хүнийхээ дэмэнд амьдрах” хэмээн томъёолжээ. Өөртөө хэрэгтэй бүхнээ өөрөө хийх үүргээс чөлөөлөгдсөн хувь хүн авьяасаа хөгжүүлж гутландаа санаа зовохгүйгээр ярьдаг утас бүтээж, машин угсарч, сансарт хөөрчээ. Бас тэдний амьдрал айлаасаа хамааралтай, өөрөөр хэлбэл “хүний гар харж амьдардаг” болохоор бусдынхаа эрх ашгийг дээдэлдэг, хууль ёсыг хүндэлдэг нийгмийг цогцлоож чадсан ажгуу.
Харин өөрт хэрэгтэй бүхнээ өөрөө хийдэг нүүдэлчинд шинийг бүтээх ямар ч зав байсангүй. Нэгэнт өөрт нь хэрэгтэй юм хийдэггүй ондоо этгээдийн эрх ашгийг ойлгох, дундын сонирхлыг хүндлэх чадвар олигтой суусангүй.
Чухам эндээс “Дотоодын үйлдвэрлэлийг дэмжих”, “Үндэсний үйлдвэрээ тэтгэх”, “Өөрөө бүхнийг хийх” өнөөгийн хийрхэл эхтэй. Хориннэгдүгээр зууны даяаршсан дэлхий дээр “нэхийгээ өөрөө элдэж, дээлээ өөрөө оёод өөртөө өмсгөх” гээд байгаа хэрэг. Дотоодын үйлдвэрлэлийг дэмжих, өөрийн хэрэгцээний тариаг зөвхөн дотооддоо тарих зэрэг нь бидний малчин сэтгэлгээний л үргэлжлэл.
Гурав. Яах вэ?
Хориннэгдүгээр зуун тоон утгаараа эхлээд удсан ч гэсэн бид ХХ зуун түүнээс ч өмнөх үеийн сэтгэлгээгээрээ амьдарч байгаагийн учир шалтгаан энэ бөлгөө. Хоньчин айл шиг бүхнийг өөрөө, гэртээ хийж сурах гэж оролдсоор байхын цагт бид өнгөрсөн үедээ л суусаар байна. Харин бид юуг хийж сурвал дээр болохыг эрж хайхын цагт, түүнээ олохын цагт шинэ зуун эхэлнэ. Бас бид “хүний гар харахгүй амьдрах”-аас татгалзаж, дэлхий ертөнцтэй “дэм дэмэндээ” оршин тогтнох ёсыг ухааран авсан цагт тэр үе эхэлнэ. Хүмүүс чамд хэрэгтэй байгаа цагт чи хүний ертөнцийн нэг хэсэг болно. Тэр утгаараа, хүмүүс чиний ертөнцийн нэг бүрдэл болно.
Аяа, XХI зуун. Чиний ирэх хэзээ вэ?