Categories
мэдээ нийгэм

Дөрөвхөн настай охиныг зодож хөнөөсөн гэх Г.Маралмаа давж заалдана

Дөрөвхөн настай бяцхан охин харгис хэрцгий төрсөн эцэг, хойд эхийнхээ гарт зодуулж харамсалтайгаар амиа алдсан аймшигт хэрэг өнгөрсөн оны хоёрдугаар сарын 21-ний өдөр гарсан. Ээж, аавынхаа хайранд өсч, эрхэлж нялхрах насандаа томчуудын “тэнэг″ үйлдлээс болж биендээ даамгүй хүнд нөхцөлд тарчилсаар энэ хорвоог орхисон нь олон нийтийг бухимдуулж буй. Гэмт хэрэгтнүүдэд шүүхээс охиныг биеэ хамгаалах чадваргүйг мэдсээр байж бүлэглэн онц хэрцгий аргаар санаатайгаар амь насанд нь хүрсэн гэж буруутган, тус бүрт нь 24 жилийн хорих ял оноосон юм. Шүүхийн шийдвэр гарсан даруйд Т.Цогт, Г.Маралмаа нарыг ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр анги руу ачсан. Харин Т.Цогтод оноосон хорих ялын 5 жилийг гянданд, үлдсэн 19 жилийн чанга дэглэмтэй хорих ангид, Г.Маралмаагийн 24 жилийн хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэх шийдвэр гаргасан билээ. Тэгвэл Шүүхийн шийдвэрийн талаар Г.Маралмаагийн өмгөөлөгч Ц.Хувцагаан хэлэхдээ “Маралмаа давж заалдана. Шүүгдэгчдийн нэг нь л давж заалдах шатны шүүхэд гомдол гаргавал хэргийг бүхэлд нь хэлэлцдэг. Тэгэхээр Т.Цогт давж заалдах шатны шүүхэд хандахгүй байсан ч Г.Маралмаа гомдол гаргаж байгаа тул хэргийг Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд дахин хэлэлцэх юм” гэжээ. Ямартай ч олон нийтийн бухимдлыг төрүүлсэн эл хэрэг ингээд ч зогсохгүй, яллагдагч Маралмаа шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж гомдолтой байгаа бололтой.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *