Categories
мэдээ нийгэм

Буриадад Монголын 13 иргэн захиргааны зөрчил гаргажээ

ЦЕГ-ын удирдлагууд ОХУ-ын Буриад улсын Дотоод хэргийн яамны урилгаар хоёр талын хамтарсан уулзалт зохион байгууллаа.

Уулзалтанд Монголын талаас ЦЕГ-ын тэргүүн дэд дарга, тэргүүн дэд комиссар Ц.Батсүх, Гадаад харилцааны хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Г.Бадарч, НХЖХА-ны Замын цагдаагийн газрын дарга, Ү.Зоригтбаатар, Буриад улсын Засгийн газрын Ерөнхий сайдын А.Е.Чепик удирдаж, мөн улсын Дотоод хэргийн сайд хошууч генерал О.Ф. Кудинов, Эдийн засгийн сайд Т.Г.Думнова болон бусад хил хамгаалах, цагаачлалын зэрэг албадын дарга нар албаны хүмүүс оролцсон юм.

2014 оны арваннэгдүгээр сараас эхлэн хоёр улсын иргэд харилцан визгүй зорчиж эхэлснээс хойш Буриад улсын нутаг дэвсгэрт Монгол улсын иргэд гэмт халдлагад өртөж хохирсон болон гэмт хэрэг, захиргааны зөрчил үйлдсэн асуудлаар мэдээлэл хийсэн юм.

Тухайлбал мөн үеэс хойш давхардсан тоогоор 500 мянга орчим монгол иргэн ОХУ-ын Буриад улсад зорчиж, 13-н хүн захиргааны зөрчил гаргасан байна.

Монгол иргэд гол төлөв тээврийн хэрэгсэл согтуугаар жолоодох, хурд хэтрүүлэх, хамгаалалтын бүс зүүхгүй хөдлөгөөнд оролцох, даатгалд хамрагдахгүй байх зэрэг зөрчил дутагдал гаргадаг. Хоёр тал цаашид харилцан зорчиж буй иргэдийн аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр хамтын ажиллагааг эрчимжүүлэх чиглэлээр санал солилцлоо гэж Цагдаагийн ерөнхий газрын хэвлэл мэдээллийн төвөөс мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *