Categories
мэдээ улс-төр

Чуулганаар Төрийн цэргийн бодлогын үндсийг баталлаа

Өнөөдрийн УИХ-ын чуулган Төрийн цэргийн үндсийг батлах тухай асуудлаар хаалттай эхэлсэн. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачилсан Монгол Улсын Төрийн цэргийн бодлогын үндсийг батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэн батлав. Тэрбээр уг тогтоолын төслийг 2015 оны дөрөвдүгээр сарын 14-ний өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн юм. УИХ-ын ажлын хэсэг болон Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны саналаар тогтоолын нэрийг Батлан хамгаалах бодлогын үндэс хэмээн өөрчилсөн байна.

Уг тогтоолыг баталснаар чуулганы хуралдаан дараагийн асуудалдаа орж нээлттэй горимд шилжлээ. Одоо тус хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.12 дахь заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 11 дүгээр дүгнэлтийг хэлэлцэж эхлээд байна.

П.Баттулга нарын нэр бүхий дөрвөн иргэн 2014 оны арванхоёрдугаар сард Үндсэн хуулийн цэцэд гомдол гаргаж, энэ хүрээнд Цэцээс “УИХ-ын гишүүн нь сайд огцруулах асуудлыг санаачлан парламентаар хэлэлцүүлж байгаа нь Засгийн газар танхимаар ажиллах зарчмыг алдагдуулж, Үндсэн хуулийг зөрчиж байна” гэсэн дүгнэлт гаргасан юм.

Дээрх дүгнэлтийг УИХ-ын Хууль зүйн байнгын хороо өнгөрсөн мягмар гаригт хэлэлцээд “Хүлээн авах боломжгүй” гэсэн шийдвэрийг олонхиороо гаргасан бол УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороогоор мөн эл асуудлыг хэлэлцэхэд тус хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь “Цэцийн дүгнэлтийг хүлээн авах нь зүйтэй” хэмээн үзсэн юм.

Одоо энэ асуудлыг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хагалж, эцэслэнэ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *