Categories
мэдээ нийгэм

Унаагүй болсон иргэд бухимдалтай байна

Нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг хувийн компаниуд өчигдөр ажил хаялт зарласан. Үүний улмаас хөл явгарсан иргэд өнөө өглөө ажлаасаа хоцрох, тасалдуулахад хүрчээ. Автобусны буудал бүр дээр автобус хүлээсэн иргэд шавж, бухимдалтай байсан талаар хэлэлцэж байна. Аргаа барсан зарим нь такси барьж ажилдаа ирсэн гэнэ.

Энэ талаар олон нийтийн цахим сүлжээнд “Ажил сургуульдаа явах хэцүү боллоо. Дахин суултыг хямдруулах гэхээр ажил хаяж шантаажилж байна”, “Би картаа авсан, мөнгөө байршуулсан. Одоо би ажилдаа явмаар байна. Би мөнгөө урьдчилаад төлчихсөн байхад, хохироож байна”, “Арай гэж автобусад суутал байдгаарай шахцалдаад өмдөө урчихлаа. Орой яаж харина аа” гэх зэргээр иргэд сэтгэгдлээ бичжээ.

Өчигдөр Нийтийн тээврийн газраас автобус компаниудын удирдлагуудтай уулзсан ч нэгдсэн шийдэлд хүрч чадаагүй билээ. Иймд өнөөдрийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар энэ асуудлыг дахин хэлэлцэх юм. Автобусны шинэ үйлчилгээний асуудлыг “Улаанбаатар смарт карт” компанийнхан хариуцан ажиллаж буй. Тэд хувийн компаниудын орлогыг хурааж авчихаад, буцааж өгөхдөө нийт орлогоос нь 50-60 хувиар дутаасан талаар автобус компаниуд мэдээлж байгаа юм. Түүнчлэн орлогоороо цалинждаг байсан жолооч нар тогтмол орлоготой болсноор автобусны эргэлт, явдал удааширсан талаар иргэд мэдээлж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *