Одооны хүүхдүүд ёс уламжлалаа уландаа гишгэчихсэн, хүн хүндэлж мэддэггүй, хүмүүжилгүй гэж ахмадууд үглэдэг. Нээрэн ч тийм дээ гэж эргэлзтэл энэ талаар хүн болгон шахуу ярьж, хүүхэд, залуус ч эргээд өөрсдөдөө итгэхгүй байдалд хүрчихдэг.
Өчигдөр Улаанхуарангийн эцсээс автобусанд суулаа. Эцсийн буудлаас хүн цөөн суусан учир оюутан залуус гэлтгүй бүгд суудал эзлэв. Дараагийн буудалд зогсоход хөл хүндтэй бүсгүй орж ирэв. Урдуур суусан тав, зургаан залуу нэгэн зэрэг өндөлзөж суудал тавьж өглөө.
Жирэмсэн бүсгүй нэгнийх нь суудалд талархал илэрхийлэн суув. Түүний араас эмнэлэг рүү халуун хоол цай зөөж яваа болов уу гэмээр халуун сав, суулга барьсан эмээ орж ирэхэд дахин бүгд хөвөлзтөл босдог юм байна.
Араас нь орж ирсэн хөгшин хөвөө, настай хүн болгон хоромхон зуур л суудалд заларч хүүхэд багачуул нь цагаригтай бариулаас сэвхийтэл бариад л зорчсон шүү. Ийм зураглал, үйл явдал ганц тэр автобусанд биш Улаанбаатарын нийтийн тээвэрт яваа бүх автобусанд болж л байгаа даа гэсэн гэгээн бодол төрөв.
Залуус нь ийм сайхан боловсон, хөгшин хөвөө, хөл хүндтэй гэлтгүй бусдыг хүндэтгэдэг болж эхэлж байхад загнаж хараахын хэрэг ер алга. Харин суудлаа гуйлгахгүй өгсөнд нь урам хайрлаж “Өндөөр болоорой” гээд ерөөчихөд залуус бид чинь хөөрөөд л явчихна.
Д.ГАНСАРУУЛ