“Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаар 20 нүүрээр хэвлэгдэн гарлаа. Энэ өдрийн дугаарт “Эрдэнэс Монгол” компанийн гүйцэтгэх захирал, “Оюу толгой” компанийн ТУЗ-ийн гишүүн Б.Бямбасайхантай хийсэн сонирхолтой ярилцлага нийтлэгдсэн юм. Түүнчлэн төрийн шагналт, ардын уран зохиолч яруу найрагч Б.Лхагвасүрэн, “Авьяаслаг Монголчууд” нэвтрүүлгийн шүүгчээр ажиллаж буй “Харанга хамтлагийн Ц.Чулуунбаатар, “Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо”-ны ерөнхийлөгч Ч.Даваабаяр нарын сонирхолтой, уншууртай ярилцлагууд хэвлэгдлээ. Мөн улстөрийн мэдээллийн хоёрдугаар нүүрээс Сангийн сайд Б.Болортой хийсэн “Дэд сайдын орон тоог цомхотгосноор 600 гаруй сая төгрөг хэмнэсэн” хэмээх ярилцлагыг уншаарай. Саяхан анагаахын сургууль төгсөгчид лицензийн шалгалтдаа тэнцдэггүй тухай мэдээлэл, шүүмж цахим ертөнцөөр нэлээд гарсан. Тэгвэл тэр талаар АҮШУС-ийн холбогдох албан тушаалтантай хийсэн ярилцлага 15 нүүр нийтлэгдлээ. Анагаахын сургууль төгсөгчдөөс алдаатай текстээр шалгалт авдаг гэсэн байх юм. Түүнчлэн ШУ-ы гавьяат зүтгэлтэн, академич, төрийн шагналт Т.Намжимтэй хийсэн ярилцлагыг дөрөвдүгээр нүүрээс унших боломжтой. Гадаад хэргийн сайд асан Л.Эрдэнэчулуун “Төвийг сахих нь үеэ өнгөрөөсөн бодлого” гэжээ.
Ярилцлагуудын хувьд ийм байна. Баримт, үзэл бодлын гуравдугаар нүүрт нэрт нийтлэлч Баабарын “Ёс суртахууны тулгуур багана” хэмээх нийтлэл хэвлэгджээ. Уг нийтлэлээрээ хувь хүн юун түрүүнд өөрийн эрх ашгийг тавьдаг бөгөөд түүнд нь тохирсон нийгэм байж л ёс суртахуун хэв журам жинхэнэ ёсоороо биеллээ олох талаар тун нухацтай өгүүлжээ. Цахим орчинд итгэл олж охид бүсгүйчүүдийг зүй бусаар хүчирхийлдэг этгээдийн талаар өмнөх дугаарт нийтэлсэн. Харин өнөөдрийн дугаарт түүний үргэлжлэлийг “Фэйсбүүкээр танилцаж, од болгох нэрийдлээр секс сүрдүүлэг хийдэг болжээ” хэмээх нийтлэлээр хүргэж байна. Мөн түүнчлэн авлигын хэрэгт холбогдож Интерполоор эрэн сурвалжлагдаж байгаа Б.Хуяг, Н.Энхтуяа нарын тухай шинэ мэдээллийг долдугаар нүүрээс уншаарай. Улаанбаатар-Берлин чиглэлийн онгоц Новосибирскт хоёр цаг саатсан нь сүүлийн хэдэн өдөр олны анхаарлыг татсан. Тэр талаар албаны хүмүүсийн өгсөн тайлбарыг 15 дугаар нүүрээс сонирхох боломжтой юм. Энэ мэтчилэн спорт, гадаад мэдээ, цаг үеийн бусад мэдээллүүдийг багтаалаа.
“Өдрийн сонин” өглөө бүр тантай хамт