Categories
мэдээ улс-төр

Төрийн цэргийн бодлогын үндсийг батлах тухай тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

Монгол Улсын Их хурлын 2015 оны намрын ээлжит чуулганы анхны нэгдсэн хуралдаан өнөөдөр өглөө 09.38 минутад 52.6 хувийн ирцтэй эхэллээ.

Чуулганы энэ өдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар эхлээд Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.12 дахь заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай, Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 11 дүгээр дүгнэлтийг хэлэлцэхээр төлөвлөсөн байв. Энэ асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ц.Нямдорж цэцийн 11 дүгээр дүгнэлтийг хэлэлцэхээс өмнө ажлын хэсэг байгуулах шаардлагатай гэж үзэж байна. Учир нь цэцийн дүгнэлт гарахын өмнөхөн Үндсэн хуулийн цэцийн ойд зориулан Засгийн газрын нөөц хөрөнгөнөөс 300 сая төгрөг гаргасан тухай яриа байна. Иймээс энэ мөнгийг юунд зарцуулсныг ил болгох шаардлага байгаа тул цэцийн дүгнэлтийг хэлэлцэхийг хойшлуулах горимын санал гаргаж байгаагаа хэллээ.

Тэрээр мөн энэ өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхээр төлөвлөсөн Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг хойшлуулах санал гаргасан юм. Учир нь өршөөл үзүүлэх тухай хуулийн талаар Улсын дээд шүүхээс Үндсэн хуулийн цэцэд хандсан гэсэн мэдээлэл байгаа учраас энэ асуудлыг магадалж байж хэлэлцэх нь зүйтэй юм гэсэн байр суурьтай байв.

Ц.Нямдорж гишүүний гаргасан саналыг УИХ-ын дарга З.Энхболд авч үзээд, цэцийн 11 дүгээр дүгнэлтийг одоо хэлэлцэх нь цаг хугацааны хувьд ч таарамжгүй байна. Тиймээс цэцийн дүгнэлтийг хэлэлцэх асуудлыг ирэх долоо хоног хүртэл хойшлуулж, энэ хугацаанд ажлын хэсэг гаргаж энд яригдаж байгаа мөнгөний асуудлыг магадалж тодруулах нь зүйтэй гэлээ.

Харин Хууль зүйн байнгын хорооны Д.Ганбат өршөөл үзүүлэх тухай хуулийн талаар цэцэд хандсан эсэх асуудлыг Улсын дээд шүүхээс тодруулахад Эрүүгийн танхимын хэдэн шүүгч асуудал тавьсан гэсэн, энэ нь хүчин төгөлдөр бус асуудал юм байна. Иймээс өршөөл үзүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд явах боломжтой гэсэн хариулт өгөв.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Л.Болд ардчилсан хувьсгалын удирдагч, Засгийн газрын гишүүн, Дэд бүтцийн сайд агсан С.Зоригийн амь үрэгдсэн өдөр өнөөдөр тохиож, чуулганы нэгдсэн хуралдаан таарч байгаа учраас гишүүд түүний дурсгалыг хүндэтгэж эмгэнэл илэрхийлэх санал гаргасаанаар, гишүүд эмгэнэл илэрхийллээ.

Өнөөдрийн нэгдсэн чуулганаар Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн энэ оны дөрөвдүгээр сарын 14-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Төрийн цэргийн бодлогын үндсийг батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хаалттай горимоор үргэлжлүүлэн хэлэлцэж, байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хурааж шийдвэрлэлээ.

Тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг УИХ-ын хаврын ээлжит чуулганы энэ оны долдугаар сарын 3-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх үед УИХ дахь Ардчилсан намын бүлэг завсарлага авсан тул хэлэлцүүлгийг хойшлуулаад байсан юм.

Чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаанаар “Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах арга хэмжээ”-ний талаарх Монгол Улсын Ерөнхий сайдын мэдээллийг сонсох юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *