АНУ-ын Тусгай алба Ерөнхийлөгч Барак Обамагийн аюулгүй байдлыг хангахын тулд 24 цагаар ажилладаг. Ерөнхийлөгч нь халдлагад өртөн нас барж, тус улсын тусгай багийнхны нэр хүнд нэг хэсэг газарт унасан ч өнөө үед Ерөнхийлөгчийнхөө аюулгүй байдлыг дээд зэргээр хангадаг улсуудыг АНУ тэргүүлж байна.
Зэвсэглэл, машин тэрэгний тоноглолыг нь ярилтгүй. Сум нэвтэрдэггүй машинтай. Машиных нь шатахууны сав нь гал гарвал гал унтраагч, хөөстэй, дугуй нь бууны суманд сийчигдсэн ч 180 км цагийн хурдтай явахад ямар нэг асуудал гардаггүй. Мөн Ерөнхийлөгчид ямар нэг золгүй явдал тохиолдвол сэлбэх донор цусны нөөц машинд нь бэлэн байдаг. Энэ мэтээр Ерөнхийлөгчийн аюулгүй байдлыг дээд зэргээр хангасан байдаг бөгөөд аливаа нэг айлчлалд 250-400 зэвсэглэсэн тусгайгийн ажилтан, бие хамгаалагч зэрэг хэд хэдэн бүлэг дагалддаг.
АНУ-ын гурван Ерөнхийлөгч халдлагад өртөж амь насаа алдсанаас Ерөнхийлөгчийг хамгаалах тусгай алба үүссэн гэдэг. Энэ албанд бие хамгаалагчдыг сонгохдоо маш нарийн шалгуураар авна. Ажиллагааны үеэр хамгаалагчид хоорондоо бараг ярьдаггүй. Зөвхөн харцаараа ойлголцоно. Тус тусын үүрэгтэй цэгт очиж харцаараа эргэн тойрноо хянана. Чихэндээ дуу авиаг энгийн хүнийхээс хэд дахин илүү мэдрэх төхөөрөмжтэй. Энгийн хүмүүс бие хамгаалагч гэдгийг нь төдийлөн анзаарахгүй. Хамгаалагчид гэх лут биетэй эрчүүлийг ийм байдлаар ажилладгийг та бид кино сэлтээс олонтаа харсан.
Гэтэл АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамагийн хамгаалагчдын нэг нь олон хүний анхаарлыг татдаг. Тэр хамгаалагчийнх нь тухай элдэв янзын цуу яриа түгж, цахим ертөнцөд түүний талаар элдэв сэтгэгдэл хөвөрдөг.
Барак Обама олон улсын хурал дээр үг хэлэх үеэр түүний урдхан талд хоёр бие хамгаалагч зогсч байв. Наана зогсох хар арьст, гялайн толгойтой, бадриун эр заал руу харж зогсоод эргэн тойрноо нүд салгахгүй харна. Нүдээ гүйлгэж биш мөрөн дээгүүрээ харах тэр эр зурагтын бичлэгт ийн үлджээ. Тэр хамгаалагчийн толгойн хэлбэр нь энгийн хүнийхээс өөр, харь гаригийн хэмээн ярьдаг хүнийхтэй төстэй. Удалгүй өнөөх бие хамгаалагч хуралд оролцогчдын хойно гарч зогсоод өнөөх л байдлаар эргэн тойрноо сэжигтэйгээр харна. Нүднийх нь харц хүйтэн тэр эр анх харсан хэнд ч аймшигтай сэтгэгдэл төрүүлнэ. Хэн нэгэн санамсаргүйгээр эвгүй хөдөлгөөн хурдан хийвэл шууд л буудаж мэдэхээр бэлэн байдалтай байгаа нь анзаарагдана. Тухайн хурлаас хойш тэр бие хамгаалагчийн зураг, бичлэг мэдээллийн хэрэгслүүдээр дахин гараагүй юм. Тухайн үед бичлэгт үлдсэн тэр хамгаалагчийг чухам хэн байсныг мэдэх гэж эрэн сурвалжлах чиглэлээр бичдэг сэтгүүлчид хөөцөлдсөн ч ямар нэг зүйл олж илрүүлээгүй.
Бичлэгт үлдсэн тэр эр хэн байв? Юутай ч эзэлсэн байршлаас нь үзвэл нэгдүгээр зэрэглэлийн хамгаалагч, 32-35 орчим насны, биеийн байдлаас нь үзвэл зодоон, бие хамгаалах урлагаар бэлтгэгдсэн, толгойны хөдөлгөөн болоод нүдний харц шилжилт нь түүнийг мэргэн буудагч гэдгийг нотолно гэж тухайн үед мэргэжлийн шинжээчид ярьж байжээ. Хэвлэл мэдээллийнхэн тэр үл мэдэгдэх бие хамгаалагчийг “Мөлхөгч”, “Шилжигч”, “Харь гаригийн хүн” гэх мэтээр нэрлэж байлаа.
Нүдний ухархай нь гүн, духны яс нь урагш түрсэн байдал нь түүнийг зарим хүнд хэвлээр явагч мөлхөгч амьтан мэт харагдуулсан нь түүнийг ийн “Мөлхөгч” гэж дуудуулсан юм. Мөн гэрэлтэй үед энгийн хүн шиг харагдаж байснаа гэрэлтүүлэг буурах үед харь гаригийн хүн мэт үзэгдсэнээс нь үндэслээд түүнийг “Шилжигч” хэмээж байжээ. Юутай ч нэг хэсэг Обамагийн нууцлаг бие хамгаалагч гэгдэж олон хүний анхаарлыг татаж байсан тэр залуу дахин ямар нэгэн бичлэгт үлдээгүй юм. Харин түүний талаар Тусгай албанаас няцаасан мэдээлэл өгч “Тэр зүгээр л манай нэг ажилтан байсан. Юун харь гаригийн хүн. Хэтрүүлэг. Видео бичлэгийг яаж л бол яаж өөрчилдөг болсон цаг” гэсэн тайлбарыг хийж байжээ.
АНУ-ын Ерөнхийлөгчийн тусгай хамгаалалтын албанд олон жил ажилласан Р.Делла гэх эр өөрийн ажил мэргэжлийнхээ тухай “35-аас доош насны 175-190 см өндөртэй, 75-90 кг жинтэй, тусгай бэлтгэгдсэн залуусыг манай албанд авдаг. Төрийн тэргүүний бие хамгаалагч сэтгэл зүйн өндөр чадвартай, аюулыг урьдчилан мэдэрч түүнээс сэргийлж чаддаг байх хэрэгтэй. Бие хамгаалах төрөл бүрээс 30 янзын мэх эзэмшсэн, зэвсгийн бүх төрлийг ашиглах чадвартай байдаг. Ерөнхийлөгчийг айлчлах улс орны хотуудын авто замыг нэг бүрчлэн судалж, мэдсэн байх ёстой. Мөн аливаа хорт бодисыг ялгадаг байх зэрэг 80 гаруй чадварыг эзэмшсэн байх шаардлагатай” хэмээн ярьжээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамаг хамгаалах бие бүрэлдэхүүн дунд явсан тэр үл мэдэгдэх залууг хэвлэл мэдээллийнхэн ийнхүү элдэв янзаар оролдсон ч чухам хэн байсныг мэдэж чадаагүй. Тэр залуу дахин олны нүдэнд гарч ирээгүй ч цахим ертөнцөд төлбөртэй сэтгэгдэл бичигчид буюу троллчид “оролдсоор” л байгаа. “Обама өөрийгөө харь гаригийнхнаар хамгаалуулдаг. Харь гаригийн хүн мэт царайтай тэр эр аягүй бол робот ч байж мэднэ. Магадгүй Обама ч харь гаригийнх байхыг таашгүй” хэмээн бичсээр буй.
Д.САРУУЛ