Categories
мэдээ нийгэм

Бразил руу 90 хоног визгүй зорчино

Монгол Улсаас Бразил улсад суугаа Элчин сайд Ч.Сосормаа тус улсын Гадаад харилцааны сайд Мауро Виейра нар “Боловсролын салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Холбооны Бүгд Найрамдах Бразил Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т гары үсэг зуржээ.

Мөн хоёр улсын Гадаад харилцааны яам хоорондын хамтын ажиллагааны тухай Харилцан ойлголцлын санамж бичиг” үзэглэж, “Богино хугацааны визийн шаардлагаас чөлөөлөх тухай хоёр улсын Засгийн газар хоорондын ноот бичиг” солилцсон байна. Боловсролын салбарт хамтран ажиллах тухай хэлэлцээр байгуулагдсанаар талууд хоёр талын сонирхолд нийцэж буй чиглэлээр багш, судлаач, мэргэжилтнийг харилцан солилцох боломж бүрдэж байна.

Түүнчлэн, хоёр орны Гадаад хэргийн яамд хооронд байгуулсан санамж бичгийн хүрээнд дипломат ажилтнуудыг харилцан солилцож, туршлага судлах, дипломат академи хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэх боломжтой болж буй юм. Уг санамж бичгийг байгуулах үеэр Бразилийн тал өөрийн Дипломат академидаа Монголоос эхний ээлжинд нэг дипломатчийг тэтгэлэгт хөтөлбөрт хамруулахаа илэрхийлжээ.

Үүнээс гадна визийн нөхцөлөөс харилцан чөлөөлөх тухай ноот солилцсон өдрөөс хойш 30 хоногийн дараагаар хоёр орны иргэд аялал жуулчлал зэрэг ашгийн бус зорилгоор 90 хүртэлх хоног харилцан визгүй зорчих, мөн ижил хугацаанд түр оршин суух эрхээ сунгах буюу нэг жилд 180 хүртэлх хоног харилцан визгүй зорчих юм байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *