Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Зөв санаа жижигддэггүй

Төвийн нэгэн дунд сургуулийн удирдлага, сурагчдыгаа хичээлдээ ирэхдээ мэдрэгчтэй дэлгэц бүхий ухаалаг гар утас авчрахыг хориглосон журам гаргажээ. Энэ ямар зөв санаа вэ. Өнгөрсөн хавар охиныхоо сургуульд хичээл завсарлах үеэр нь очих хэрэг гарсан юм. Энд тэнд бөөнөөрөө цугларч гар утасны тоглоомоор тоглох бага ангийнхан, мөн л гар утсан дээр татсан зураг, хов живээ хоорондоо солилцож буй ахлах ангийн охид, бараг нам гүм гудамж гэсэн дүр зураг харагдаж билээ.

Биднийг бага байхад дунд сургуулийн арван минутын завсарлага гээч юу байлаа даа. Хөлийн чилээ гаргах энэ богино хугацаанд ноцолдоно, зодолдоно, охидуудыг уйлуулна, тэвэг тоглоно, эцэст нь баахан хөлс нь гоожсон хүүхдүүд хонхны дуутай зэрэгцээд ангидаа ордог байсан.

Хөгжил бол мөхлийн нөгөө тал гэдэг заримдаа үнэн ч юм шиг санагдах юм. Энэ гар утас гээч хичнээн ухаалаг болох тусам хүмүүсийн ганцаардал улам л гүнзгийрч байна. Хүүхдүүдийн хөдөлгөөнийг ухаалаг утаснууд хорихоос гадна бага наснаасаа эхлэн үнэтэй зүйл хэрэглэх, хэрэглэж чадахгүй байгаа нэг нь гэр бүлээ, эцэг эхээ үгүйсгэх явдалд хүргэж байна. Тэр сургуулийн журманд энгийн улаан ногоон товчтой утас хэрэглэхийг зөвшөөрч, мэдрэгч бүхий дэлгэцтэй утас давтан авчирсан тохиолдолд эцэг эхэд нь хариуцлага тооцдог зарчимтай юм билээ.

Бусад сургуулиуд ч ийм журмыг хэрэгжүүлж яагаад болохгүй гэж.

Д.БАТ-ЭРДЭНЭ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *