Монголчуудын эрт галавын амьдралын ул мөрийг хадгалсан цав толгод, говийн өвөрмөц тогтоц, зах хязгаар нь үл үзэгдэх уудам тал, хээр, уул нурууд, нуур цөөрөм, гол мөрөн, нууцлаг агуй гээд бидний мэдэх хийгээд, үл мэдэх олон зуун гайхам сонин газрууд бий. Энэ газруудын гэрэл зураг, тайлбар бүхий “Монгол орны байгалийн гайхамшиг” сэдэвчилсэн зурагт лавлах номын нээлт боллоо. Номын зохиолч МУБИС-ийн спорт, аялал жуулчлалын багш Д.Батболдтой ярилцаж шинэ номын талаар тодрууллаа.
Монгол орны үзэсгэлэнт 100 газрын байгалийн гэрэл зураг, тайлбар багтсан зурагт лавлах ном гэсэн. Та номныхоо талаар мэдээлэл өгөөч?
Энэ ном маань Монгол орны байгалийн сэдэвчилсэн зурагт лавлах бөгөөд, мөнх цаст уул /9/, гол мөрөн /21/, нуур /19/, уул нурууд /26/, элс, говь, тал /15/, галт уул, агуй /10/ гэсэн зургаан ангилалд хуваасан 100 газрын тухай өгүүлнэ. Номонд Монгол Улсын газар дүрсийн зургийг 30х60 см хэмжээтэй дэлгэмэл байдлаар хавсаргасан байгаа. Үзэх, унших, хэрэглэхэд хялбар байлгах үүднээс тодорхой сэдвийн дагуу үндсэн мэдээлэл, тайлбар, тодорхойлолтыг эрдэм шинжилгээний хялбаршуулсан өгүүлэл хэлбэрээр цагаан толгойн үсгийн дарааллын дагуу жагсааж бичсэн. Англи монгол тайлбартай, 700 гаруй гэрэл зураг, 300 орчим газрын байршлын солбилцлыг багтааснаараа танин мэдэхүйн ач холбогдолтой бүтээл болсон гэж үзэж байна.
Үзэсгэлэнт 100 газраар аялсан гэсэн. Багагүй хугацаа орсон болов уу? Номонд багтсан газруудаасаа нэрлэвэл?
Шилийн богд уул, Өгий нуур, Буйр нуур, Бөөнцагаан нуур, Эг гол, Их Богд уул, Молцог элсний зэгс нуур, Монгол дагуурын хээр цав, Сутай хайрхан уул, Сөөгтийн агуй, Байдраг гол, Сангийн далайн нуур гээд хамгийн үзэсгэлэнт байгальтай, өвөрмөц тогтоцтой 100 газрыг сонгон 2007 оноос хойш аялж, очсон газар бүхнийхээ гэрэл зургийг авч ном болголоо. Жилийн 4 улиралд гэрэл зураг авахыг зорилго болгож Монгол орныг 4 дахин тойрсонтой дүйцэхүйц хэмжээг өөрөөр хэлбэл 100 мянган орчим км газрыг туулсан. Зарим уулсын өндөр дээр нь гарч хэмжилт хүртэл хийж, Хөвсгөл нуурын зургийг дээрээс нь авахын тулд өндөр уул руу 3 жил авирч байж зураг авсан.
Эх орныхоо үзэсгэлэнт байгалаар аялах хүсэл хэн бүхэнд л байдаг. Таны хувьд аялж, ном гаргах санаа яаж төрөв?
Их газарзүйч О. Намнандоржын “Монгол орны газарзүйн гайхамшигт сонин” номыг уншаад л эх орныхоо гайхам сайхан тогтоцтой газруудаар аялаж үзэхийг хүссэн дээ. Ном гаргахын тулд өөрөө асар өргөн мэдээлэл, мэдлэгтэй байх ёстой гэж бодсон учраас аялах нь зөв, өөрөө туулж мэдэх нь, нүдээр үзэх нь зүйтэй юм байна гэж шийдсэн.
“Монгол орны байгалийн гайхамшиг” гэдэг энэ номыг уншсанаар ямар ач холбогдолтой вэ?
Энэ бүтээлд Монгол орны байгалийн үзэсгэлэнт тогтоц бүхий 100 газрын тухай шинжлэх ухааны үндэслэлтэй, практик судалгаанд тулгуурласан сонирхолтой мэдээллийг энгийн үгээр тайлбарлаж бичсэн нь байгалийн аялал жуулчлалын төлөвлөлтөд үнэ цэнэтэй мэдээллийн эх сурвалж болох юм. Мөн монгол, англи тайлбартай учраас аяллын хөтөч нар шууд ашиглах “Гарын авлага” түүнчлэн гэр бүлийн бүх гишүүдийн танин мэдэхүйн эрэлт хэрэгцээг хангахуйц бүтээл болсноороо онцлогтой. Газарзүй, байгалийн аялал жуулчлалын чиглэлээр суралцаж байгаа оюутан сурагчдын хувьд онолын мэдлэгээ батжуулан уншиж судлахад туслах бүтээл болсон гэж үзэж байна.