Иргэдэд татварын өгөөжийг илүү хүртээмжтэй болгох үүднээс Улсын Их Хурлын хаврын чуулганаар “Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай” хуулийн шинэчилсэн найруулга, “Нийслэл хотын албан татварын тухай” хуулийн төслийг тус тус баталсан. Уг хуулинд иргэд худалдан авсан бараа, үйлчилгээндээ төлсөн НӨАТ-ын дүнгийн 20 хүртэлх хувийг буцаан авах, төлбөрийн баримтаараа сугалаанд оролцох тухай заалтуудыг нэмж тусгасан байна.
Энэхүү буцаан олголт, урамшууллын системийн хэрэгжилтийг үр дүнтэй ажил болгох үндсэн дээр Татварын ерөнхий газрын дэргэд “Нэмэгдсэн өртгийн албан татварын урамшууллын систем хөгжүүлэх” төслийн нэгжийг Засгийн газрын 285 тоот тогтоолоор байгуулсан. Тус ажлын хэсэг ижил төстэй системийг амжилттай нэвтрүүлж эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлсэн БНХАУлсын Тайвань муж, Бүгд Найрамдах Словак улсын туршлагыг судалж үзэн оновчтой технологийн шийдлийг боловсруулжээ.
Дээрх орнуудын хувьд иргэдийнхээ дунд зөвхөн сугалааны урамшууллыг зохион байгуулдаг бол манай улсын тухайд сугалааны урамшууллаас гадна буцаан олголтын урамшууллыг нэмж өгснөөрөө энэхүү жишгийг дэлхий дахинд анхлан нэвтрүүлж хэрэгжүүлсэн улс болно.
НӨАТ-ын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг дагаж Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйл Татвар төлөгчийн үүргийн 1.8 дах заалтад Монгол Улсын стандартын шаардлага хангасан кассын машин хэрэглэх гэсэн заалтыг нэмэлтээр оруулсан.
Хууль хэрэгжиж эхэлснээр нийт ААН-үүд кассын машины систем хэрэглэж нэг ижил стандартын төлбөрийн баримтыг хэвлэх ба иргэд уг төлбөрийн баримтаар сугалаанд оролцох боломжтой. Мөн буцаан олголтын урамшууллыг Арилжааны банкуудтай хамтран иргэн бүрт олгохоор ажиллаж байна.
Энэхүү хуулийн хүрээнд ААН-үүд нь бараа, ажил үйлчилгээний борлуулалтын баримтын мэдээллийг татварын нэгдсэн системд цуглуулах зорилгоор Pos API 2.0 хэрэглэгчийн системтэй уялдан ажиллах модуль хөгжүүлэн гаргаад байна. ААН-үүд нь өөрсдийн системийн онцлогт тохируулан https://vatps.mta.mn/possapi цахим хуудаснаас авч өөрийн системд суурилуулна.
“Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай” хуулийн шинэчилсэн найруулгыг 2016 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхлэх бол “Нийслэл хотын албан татварын тухай” хуулийн төсөл 2015 оны аравдугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болохоор шийдвэрлэгджээ.