Ардын
жүжигчин Цагааны Цэгмидийн ач, гавьяат жүжигчин Ц.Төмөрбаатарын хүү Анартай
ярилцлаа.
-Таныг Дархан
хотод төрж өссөн гэж сонссон. Сургуулиа хэдэн онд төгсөж байв?
-Би 1978 онд Дархан-Уул
аймагт төрсөн. Арван жилдээ их шилжсэн дээ. Нэгдүгээр ангидаа орос сургуульд
байж байгаад хоёрдугаар ангиасаа 7, 9 дүгээр сургуульд суралцаж сүүлд 1994 онд
Техникийн их сургуулийн лицей ангид 9,10 дугаар ангиа төгссөн. 1996 оноос
хойш Техникийн их сургуулийн барилгын материал, технологийн ангийг дүүргэсэн.
Сургуулиа төгсөөд Мобикомын ерөнхий гүйцэтгэгч “Буйлан тал” компанид барилгын
инженерээр 2008 он хүртэл гурван жил ажилласан. 2008 оноос хойш кино урлаг руу
орсон.
-Мэргэжлийн
жүжигчин биш юм байна. Яагаад кино урлаг руу орчихов. Хэдэн кинонд тоглосон
байна вэ?
-2008 оны өвөл
Дархан-Уул аймагт найзынхаа буудлыг засварлаж байсан юм. Тэр үед Б.Магсаржав
Замын цагдаагийн ахлах мөрдөн байцаагч байсан Ганхуяг гэдэг залуутай нийлж,
“Зам” киног хийж эхэлсэн юм. Явц дундаа намайг тоглооч гэсэн санал тавьсан. Анх
тэр замын цагдаагийн тухай кинонд тоглосноос хойш кино урлагт өдийг хүртэл
ажилласан байна. Энэ хугацаанд 12 кинонд тогложээ. Хамгийн сүүлийн уран бүтээл
гэвэл Л.Сарантуяагийн “Замбуулин дуусах болоогүй” гээд бестселлэр болсон номыг
кино зохиол болгоод TV5 телевиз 54 ангитай олон ангит кино хийж байна. 14
хоногийн натурт яваад ирсэн. 2013 онд СУИС-ийн кино дэлгэцийн найруулагчийн
ангид элсэн орсон. Одоо ирэх нэгдүгээр сард төгсөх гэж байна.
-Анх санал
тавихад удмын авьяас байгаа юм чинь чадна гэж бодсон уу?
-Цаанаасаа төрсөн
авьяас байгааг үгүйсгэхгүй. Өвөөгийн үе, аавын үе, авга ах гээд би дөрөв дэх үе
болчихоод байгаа юм. Тэгэхээр би өвөө, аав, авга ах нарын удмын авьяасыг
үргэлжлүүлээд явж байна. Би 2008 онд урлагт хожуу орж ирсэн ч гэсэн авьяас
цаанаасаа төрдөг шүү дээ. Авьяас байгаа учраас болоод яваад л байна. Гэхдээ
туршлага гэдэг үүнтэй эн тэнцэхүйц зүйл. Миний үеийнхэн Ялалт, Мягмар,
Ариунбямба, Амараа, Болд гээд мундаг жүжигчид намайг бодвол олон жил урлагаар
явчихсан. Тиймээс тэдний туршлага, чадвар арай өөр байгаа. Зөвхөн авьяас дээр
тулгуурлаад чадвар эзэмшинэ гэдэг хэцүү юм билээ. Сурч мэдэх юм байна. Хэлж
зааж өгөхгүй бол шууд дуулж бүжиглээд явчихна гэж юу байхав. Аав, ах хоёр
ямартай ч “Чи номыг нь үзэж шөлийг нь ууж байж хүлээн зөвшөөрөгдөх ёстой” гэсэн
учраас би СУИС-т суралцаад төгсөх гэж байна. Хөдөлмөргүй бол авьяас юу ч биш
шүү дээ.
-Кинонд
тоглохдоо айж, эмээсэн үү?
-Айлгүй яахав.
Аав маань заяа тавилангийн чинь урд аз гэж айхтар зүйл явдаг юм шүү гэж байсан.
Аз гэдэг ер нь нүүрний буян. Би ер нь өөрийгөө азтай хүн гэж боддог. Анх 2008
онд “Зам” кинонд тоглочихоод Улаанбаатарт ирсэн чинь зураач Хүрлээ найз маань
дуудаад “Чонын алтан шагай” киноны бүлэг залуусын толгойлогч болооч гэсэн. Энэ
киноны дараа их азтай, шууд гол дүр авсан шүү. Тэр чинь мэргэжлийн жүжигчин биш
хүнд их хэцүү л дээ. Аранзан ах, Саранцэцэг эгч, талийгаач Ш.Даваадорж ах гурав
Отгонтогос эгчийн санал болгосноор намайг дуудсан юм. Очсон чинь намайг “Улаан
эрэг” гээд 60 ангит хэлмэгдүүлэлтийн киноны эсрэг гол дүрийг өгсөн. Талийгаач
Даваадорж ахдаа их баярладаг юм. Тэр хүний ачаар энэ дүр маань ард түмэнд
хүрсэн гэж би боддог. Даваадорж ах анхны мотор дуугарахад Анарын зургаас эхэлнэ
гэж байсан юм. Би их сандарч байсан. Айгаад чичрээд их эвгүй байдалд орж
байлаа. Зураг дуусаад орой нь Даваадорж ах хурал дээр энэ хүнд өөрт нь юм
байгаа учраас зөв өрвөл цаашаа сайхан явна. Буруу өрвөл буруудах хандлага байна
гэж байсан. Намайг тэр үед их зөв өрсөн юм болов уу гэж боддог.
-Гудамжаар
явахад чинь их таньдаг гэж байна. Ямар хандлага гаргах уу?
-Мангас Мягмарын
дүр хүмүүст их хүрсэн юм шиг байна лээ. Гадуур явж байхад намайг Мангас Мягмар
л гэдэг юм. Хөдөө морьтой залууд хөөгдөж явлаа. Нэг өвгөн намайг алгадаад
авсан. Тэгээд “Би чамайг нэг алгадъя л гэж бодож байсан юм” гэж хэлсэн. Сүүлд
нь 20 литр айраг хоёр литр нэрмэл өгөөд явуулж байлаа. Зайсан толгой дээр
тагнуулын тусгай бэлтгэлтэй хоёр нөхөрт хөөгдсөн. Миний өвөө До яаманд
ажилладаг байсан. Аав НАХЯ-нд ажилладаг байсан. Би Тагнуулын ерөнхий газар
ажилладаг гэж надад үнэмлэхээ үзүүлээд чи миний удам судрыг доромжилсон гэж
дайрч байсан. Тэр хүмүүсийн дургүй зэвүүцлийг хүргэсэн байгаа юм л даа. Энэ
бүхэн маань талийгаач Даваадорж ахын маань мундгийнх гэж одоо болтол хайрлаж
явдаг юм.
-Эсрэг дүрд
тоглох хэр хэцүү байдаг вэ?
-Эсрэг дүр
хүмүүсийн сэтгэлд түрүүлээд хүрчихдэг гэж боддог. Бага байхдаа тэр их зэвүүн
гээд л эсрэг дүрийг ярьдаг шүү дээ. Дамчаа гуайн эсрэг дүр хүмүүсийн сэтгэлээс
гардаггүй. Эсрэг дүр хэр мундаг байна тэр хэмжээгээр нь эерэг дүр тодорч гарч
ирдэг. Кино бол гэрэл сүүдрийн урлаг. Эсрэг дүрийг сүүдэр гэж ойлгож болно.
Сүүдэргүйгээр киног төсөөлөх аргагүй. Ялалт, Ариунбямба хоёрт эсрэг дүр их гоё
зохидог. Ер нь эсрэг дүрд тоглодог хүн ховор шүү, дандаа л Ромео Жульеттанууд л
байдаг.
-Энэ дүрдээ
ханатал тоглочихлоо гэж бодож байв уу?
-“Улаан эрэг”
киноны Мягмар юм болов уу. Яг сэтгэлдээ хүртэл мундаг тоглочихсон байна гэсэн
дүр алга. Кино гэдэг нийлмэл урлаг учраас би гэж ярьж болохгүй. Жүжигчин хүн
ханах шаардлага байхгүй л дээ. Болж өгвөл дээшээ авирахаа л бодно уу гэхээс би
тэр дүрийг тултал хийчихсэн гэж ярих жүжигчин байхгүй байх. Сайн мууг нь ард
түмэн шийднэ. Би Цагааны Цэгмид, Төмөрбаатар, Төмөрхуяг гэх мундаг хүмүүстэй
эн зэрэгцэнэ гэж байхгүй. Анар гэдэг хүн яалт ч үгүй удам дагасан жүжигчин хүн
мөн юм байна гэж хүмүүс намайг хүлээн зөвшөөрвөл өөрийгөө болчихлоо гэж бодно
доо.
-Таныг 22
насандаа цэрэгт явсан гээд байсан. Яагаад явсан юм бэ?
-2000 онд гуравдугаар
курст байхад жилийн чөлөө аваад 22 настайдаа цэрэгт явсан юм. Хөгшин цэрэг очиж
байлаа. Тэр манай багийн Засаг даргын явуулга байсан юм билээ. Тэр хүн ээжийн
маань найз л даа. Би Дарханд их сахилгагүй байсан юм. Тэр үед сахилгагүй
хүүхдүүдийг цэрэгт явуулчихдаг байсан. Тэгээд л Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан
суманд хурандаа Жаргалсайхан даргатай 20 дугаар хороонд цэргийн алба хаасан
даа. Цэрэгт явсандаа харамсдаггүй, их юм сурсан. Эр хүн бол явсан нь дээр гэж
боддог.
-Аав, ахаасаа
магтаал, зэмлэлийг сонсож байв уу?
-Авга ах маань
нэг удаа “Анараа ямар нэг юманд сэтгэл ханаж болдоггүй юм шүү” гэж хэлж байсан.
Би түүнийг байнга санаж явдаг. Ааваас бол зэмлэл их авч байсан. Кинонд нүд,
сэтгэл байдаг юм. Нүдээрээ, сэтгэлээрээ тоглодог гэдэг. Бага байхад сахилгагүй
байсныг хэлэх үү, их зэмлэл хүртдэг байлаа. “Анараа эр хүн өдий насалчихаад
ингэж явж болохгүй” гээд л загнуулж байсан юм байна.
Миний аав, ах
хоёр болохгүй юмны хажуугаар дуугүй өнгөрч чаддаггүй зантай. Тэрэндээ л аав,
ах хоёр маань адлагдаад явж байна. Ард түмэн хайрладаг боловч урлаг дотроо
хагарал их байдаг байх. Миний авга ах СТА, миний аав гавьяат жүжигчин. Би энэ
хоёрыг Монгол Улсын тэргүүний жүжигчин гэж ойлгоод байгаа. Гэтэл миний аавд
өнөөдөр Ардын жүжигчин өгчихөд яахав дээ. Миний авга ах Монголын урлагийн төлөө
чөмгөө дундартал ажиллаж байгаа нэгэн. Гэтэл тэр хүнд гавьяат өгчихөд юу нь
болохгүй байгаа юм. Эсвэл өнгөрснийх нь хойноос нэхэж шагнах гээд байдаг юм уу.
Үүнд урлагийн доторх хагарал нөлөөлдөг байх.
-Өвөөгийнхөө
талаар яриач?
-1963 онд нас барсан
юм. Эмээгийн ярьдаг байсныг л сонсдог байсан. Хүмүүс мундгийг нь л гайхаж ярина
уу гэхээс хар бараан юм байхгүй шүү. Гарал угсаа нь жаахан маргаантай. Булганы
Сайханых, Баруун Хараагийнх, Сэлэнгийн
Ерөөгийнх гэж ярина. Аав болохоор Булганы Сайханых гэдэг юм. Авга ах Сэлэнгийн
Ерөөгийн сав гэж газар төрсөн хүн шүү дээ гэж ярьдаг. Өвөө маань цэрэгт яваад
нэрээ сольсон юм. Уг нь Батсүх гэдэг нэртэй хүн байсан. Цэргээс халагдаж ирээд
Бөмбөгөр ногоон театрт орсон юм билээ. Одоо 50 мянгатад байдаг гэрийнх нь
гадаа хааяа ах, аав, үеэл ах нар очдог.
Манайхан наадам, цагаан сараар өвөөгийн тоглосон “Сэрэлт”, “Цогт тайж” кино
гарахад цуглаад хүндэтгэл үзүүлж зоог хүртэл бэлтгэдэг. СУИС-ийн багш нараасаа
Цагааны Цэгмид ямар агуу хүн байсан гэдгийг мэдэрдэг. Энэ агуу нэр хүндийг
аятайхан аваад явчих юмсан л гэж хичээж явна.
-Аавынхаа
тоглосон ямар кинонд дуртай вэ?
-Аавыг маань ямар
чадвартай эршүүд хүн бэ гэдгийг бүгд мэднэ. Аавыгаа би эр хүн шиг эр хүн гэж
ойлгодог. Шударга нь дэндчихсэн л эр хүн дээ. Гүргэр. Жар дөхөж байж ууланд
надаас илүү явна шүү. Анхны кино нь “Хүний амь”. Тэрнээс хойш Монголын кино
урлагт зүтгэж бараг бүх л кинонд тоглосон байна. “Амьдралын нахиа” киног нь би
үзэх их дуртай. Ухаарал хайрласан кино. Аав Сарантуяа эгчтэй хамтарч тоглох дуртай.
Бие биеийгээ сэтгэлээрээ ойлгочихсон хүмүүс мундаг тоглодог юм билээ. Алтан
партнёр шүү дээ.
-Аав тань
кинонд явж байх үеэ дурсаж ярьдаг уу?
-Манай аав тэгж
ярихгүй. Дам л сонссон юм. 1989 онд Их дэлгүүрт “Лада-07” машин 18 мянган
төгрөг гэж байхад аав “Мөнх тэнгэрийн хүчин дор” кинонд тоглоод 168 мянган
төгрөг аваад өвөр нь түнтийчихсэн явж байсан гэж ярьдаг юм. Дандаа бор халзан
зуутаар авсан юм байх. Тэр үеийн 168 мянган төгрөг одоогийн 168 сая төгрөгийн
хавьцаа очно шүү. Тэр үед дүрийн үнэлгээ асар өндөр байсан. Гэтэл өнөөдөр кино
урлагийн үнэ цэн үнэхээр муудчихжээ.
-Алхам
тутамдаа аав, ахаасаа суралцдаг байх. “Улаан дөрвөлжин”, “Сүүлчийн шөнө”
кинонд аавтайгаа хамт тоглосон байх аа?
-Би аавтайгаа
дөрөв таван кинонд хамт тоглочихсон. “Зам”, “Сүүлчийн шөнө” кинонд аав,
ахтайгаа хамт тоглочихсон. “Улаан дөрвөлжин” кинонд аавтайгаа. “Зангараг” кино
бараг манай гэр бүлийн кино болсон шүү. Аав, ах, би, миний охин тоглосон юм.
Тэр хүмүүс зураг авалтад биеэ яаж авч явж байна. Тоглолтын ур чадвар хийц ямар
байдаг юм гэдгийг харна. Өвөө, аав, ах нарынхаа тоглосон киног үзэх дуртай.
Камертайгаа харьцаж байгаа, уран чадвар, мэдрэмж гайхалтай. Дээрээс нь олон
жилийн туршлага байна. Ганц хоёрхон удаа зураг авахуулаад л болчихдог. Дандаа
хальсны кинонд явсаар байгаад мэдэрдэг болчихсон хэрэг. Жүжигчин хүний ёс зүй
гэж бий, том жүжигчид байж хүмүүстэй их сайхан харьцдаг. Дээрээс нь тэр хоёрын
тоглолт нь давтагддаггүй. Аавын тоглолтыг ах дуурайх, ахын тоглолтыг аав
дуурайх юм байхгүй. Би тэр хоёроос өөр байх ёстой болчихож байгаа юм. Тэгэхээр
миний хувьд маш их хөдөлмөрлөж толгой ажиллах ёстой болж байна. Жүжигчдийг их
амархан хоолоо олж иддэг гэж боддог. Тийм биш шүү. Маш том золиос гаргадаг.
Хоёр жил тасралтгүй кинонд явахдаа эхнэр хүүхэдтэйгээ 45 л хоносон байдаг юм.
Хүн өөрийнхөө амьдралыг боддог л байх. Тэгэхээр урлагийн хүн өөрийг нь ойлгодог
хүнтэй суух хэрэгтэй болдог. Одоо миний эхнэр И.Алтанчимэг гэдэг охин бий.
Залуухан, бид хоёр олон насны зөрүүтэй л дээ. Бид хоёр суугаад дөрвөн жил болж
байна. Эхнэр маань намайг их ойлгож, дэмждэг юм. Эхнэртээ их баярлаж явдаг.
-Таны ярианаас
сонсоход авга ахтайгаа нэлээд ойр юм аа даа. Ахынхаа тухай яриач?
-Туг ч барьж,
тугал ч хариулж явсан хүн. Урлагийн төлөө чөмгөө дундартал явсан даа, миний ах.
Мандаж явсан үе бий, миний ахад. Чадалтай ч хүн. Тэр хүнийг Монголын кино
урлагийнхан бүгд мэднэ. Бүгд бахархдаг. Зарим нь айдаг байх. 22 насандаа Драмын
театрт уран сайхны удирдаач хийж явсан хүн шүү. Үе үеийнхэн “Байцаагч түшмэл”
жүжгийг Төмөрхуяг шиг удирдсан хүн дахиж гарч ирэхгүй гэдэг. Төмөрхуяг бол
тайзны хүн. Ах өөрөө “Би киноны хүн биш, тайзны хүн” гэж ярьдаг юм. Тайзан дээр
биеэ авч явах тайзыг яаж хүндэлж, яаж эзэмших вэ гэдэг ухаан нь их мундаг.
Театрыг хэнээр ч муулуулахгүй түүний төлөө л төрсөн хүн дээ.
-Та охиноо
жүжигчин болгох уу. Хоёр ч кинонд тоглочихсон байх аа?
-Тэгсэн. “Улаан
пальто”, “Зангараг” хоёрт тоглосон. Одоо энэ TV5-ын “Замбуулин дуусах болоогүй”
киноны Баярмаагийн бага насанд тоглож байгаа. Өөрөө жүжигчин болно гээд
шийдчихсэн байна лээ. Энэ удам судрын үргэлжилж байгаа давалгааг зогсоочихгүй
юмсан л гэж боддог учраас охиноо дэмжиж байгаа.
-Сургуулиа
төгсөөд хойшдоо найруулагчаар ажиллах уу?
-Жүжигчнээр
ажиллана. Найруулагч хүн жүжигчдээс нэг алхам урд явж байж найруулагч хийнэ
шүү. Миний хувьд кино найруулна гэдэг хэцүү асуудал. Тоглоход хэцүү байхад
найруулахад бүр хэцүү. Тэр олон хүний хүчийг баллаж болохгүй. Найруулга,
монтажиас шалтгаалж кино бүтнэ. Тодорхой хэмжээнд амьдрал үзээд ирэх цагт
найруулагч хийх байх. Би одоо дөнгөж 40 хүрэх гээд явж байна. Найруулагчид
амьдралынхаа туршид суралцаад л явж байдаг. Том том найруулагч нарыг хараад
байхад дөч тавин насандаа агуу бүтээлээ хийсэн байдаг юм. Нас ахиж, амьдрал
үзэх тусам найруулга нь чангараад л байдаг. Тэгэхээр тавь хүрч байж л найруулагчаа
хийнэ дээ. Одоо надад 15 жил дутуу байна.
-Ойрын үеийн
төлөвлөгөөгөө сонирхуулаач. Юу хийхээр бодож байна?
-Түүхэн кино
хийнэ. Хотгойдын чин ван Чингүнжавын тухай кино хийнэ. Түүхэн
болоод Арт хаус чиглэлийн кино хийх дуртай. Өвөг дээдсийн маань агуу их ухаан
байна шүү дээ. Одоо хүүхдийг нь загнавал үсэрч очоод зодоод унадаг. Дээхнэ үед
хүнд загнуулаад “аав энэ ингээд байна” гэхэд хохино яах гэж тэгсэн юм гээд
буцааж хүүхдээ загнадаг байсан. Энэ чинь хүний үг даадаг болгож байгаа юм.
Хүний үг даагаад сурчихвал амьдралаа даагаад явчих ухааныг суулгадаг. Энэ
бүгдийг би Чинван Чингүнжавын кинонд шингээнэ гэж бодож байгаа. Тэр хүний тэмцлээс
илүүтэйгээр арга барил сургасан хүмүүсийг гаргах бодол байна. Энэ миний ойрын
төлөвлөгөө. Цаашдаа хүн ном гаргах, мод тарих, байшин барих их буян болдог
гэсэн. Өөрөө барилгын инженер юм чинь бие даагаад жижиг барилга барих бодол
бий. Иргэний биш үйлдвэрлэлийн зориулалттай барилга барина. Манай киночдод
павильон их хэцүү байна. Хэрэв надад газар олгоод өгвөл гүрийж байгаад барина
даа. Хэдэн жүжигчдээ ороод ирэхэд дулаахан халуун уух юмтай байлгахсан. Энэ
ажилд Сүмбэр цамхаг компанийн Батболд ах надад тусална гэсэн.