Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Өдрийн сонин”-ы сэтгүүлч Э.Хүрэлбаатар Балдорж шагналын Гран при хүртлээ

“Балдорж сан”-гаас сэтгүүл зүйн шилдэг бүтээл шалгаруулах долоо дахь удаагийн шалгаруулалт өнөөдөр боллоо. Энэ удаагийн Гран при шагналыг манай сонины Эрэн сурвалжлах, тоймчдын албаны чадварлаг сэтгүүлч Э.Хүрэлбаатар хүртлээ. Тэрбээр “Зүүн гурван аймгийн хуульгүй ардууд зээрийн сүргээ хүйс тэмтрээд дуусаж байна”, “Би Монгол Улсаа дэлхийн хамгийн том орон гэж боддог буюу Хануй бага сургуулийн сурагчид”, “Бөгтөр бөхөнгийн мөхөл ирэв үү” бүтээлүүдээрээ хүртсэн юм. Тэрбээр Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржоос шагнал авч байх үеэрээ “Энэхүү нэр хүндтэй шагналыг авсандаа баяртай байна. Монголын сэтгүүл зүйн хаалгыг цэлийтэл нээж өгч, хөтлөн алхаж яваа “Өдрийн сонин”-ы хамт олондоо талархаж байна. Сэтгүүлч болоод 10 жил болж байна. Энэ шагналыг өмнө нь авч байсан сэтгүүлчдийг хараад хэзээ нэгэн цагт энэ шагналыг авах юмсан гэж мөрөөдөж явлаа. Өнөөдөр тэр мөрөөдөл маань биелэлээ. Үнэний төлөө явсан сэтгүүлч үр шимийг нь хүртдэг юм байна” хэмээн хэллээ.

Энхбаатарын Хүрэлбаатар нь “Өдрийн сонин”-ы 2012, 2013, 2014 оны шилдэг бичлэгийн шагнал тус тус хүртэж байсан. Тэрбээр “Хүүгээ тэвэрсэн ээж үхэлтэй тэмцэж урссаар ОХУ-ын хил давжээ” сурвалжлагаараа 2013 оны Балдорж сангийн шилдэг шагналыг хүртэж байсан. Мөн тэр онд “Болор үзэг” шагналын оны шилдэг сэтгүүлчээр шалгарч байсан билээ. Түүний болж байгаа үйл явдлын халуун цэгээс бэлтгэсэн уншууртай сурвалжлага, нийтлэлүүдийг уншигчид санаж байгаа байх аа. Гарч байсан нийтлэлүүд нь тухайн салбартаа дуулиан дэгдээгээд зогсохгүй асуудлыг шийдэх гарц болдог байсныг дурдахад таатай байна.

Тэрбээр сэтгүүл зүйн эрэн сурвалжлах чиглэлээр мэргэшиж, үеийн сэтгүүлчдээ манлайлж яваа сэтгүүлчдийн нэг юм. Э.Хүрэлбаатар нь 1987 онд Төв аймгийн Эрдэнэсант суманд төрсөн. 1995-2005 онд Эрдэнэсант сумын ерөнхий боловсролын сургуулийг төгсөж, “Их Монгол” дээд сургуулийн сэтгүүл зүйн ангийг дүүргэсэн.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *