Яг хоёр жилийн өмнө манай улс “Монбелъярд” үүлдрийн үхэртэй болж байлаа. Ирснээс нь хойш 14 хоногийн дараа очиход карентинд байсан бөгөөд өдөр бүр усанд оруулдаг болов уу гэмээр цэвэрхэн харагдаж байсан. Бүгд чихэндээ таних тэмдэг зүүсэн байх бөгөөд “Лимузин”, “Мерседес”, “Женари”, “Галакси” гэсэн нэртэй байв. Францад төрж, өсөөд манайд ирж байгаа болохоор монгол хэл мэдэхгүй. Хүлээж авсан “Хишигтэн нүүдэлчин” ХХК-ийнхан эхэндээ хэл нэвтрэлцэх гэж сүрхий юм болдог байж. Хөж хөж гэхээр урагшаа ганц ч алхахгүй. Өөв өөв гэж дуудаад ч ирэхгүй болохоор нь франц мэргэжилтнээс зөвлөгөө авч хөж хөж гэхийг то-то то-то гэдгийг мэдэж авчээ. Бас өглөө бүр 07 цагт өвс тавьж өгөхдөө үхэртэйгээ ярилцаж байхыг зөвлөжээ. Тэр цагаас хойш Монголд хоёр жил болох хугацаандаа тун сайхан идээшсэн байна. Энд ирснээс нь хойш төрсөн тугалуудад франц биш монгол нэр өгчээ. Бухнууд л гэхэд “Манлай”, “Түрүүч”, “Хасар”, “Хангал”, “Мянгуудай” гэсэн гоё нэртэй болчихож. Цаашлаад шинээр төрсөн тугалд 21 аймгийн нэр өгөөд дуусчихаар нь сумын нэр рүү оржээ. “Сайхан”, “Булган”, “Мөрөн”, “Эрдэнэ” зэрэг уул ус, аймаг сумын нэр өгчээ. Анх очиж байхад гадны хүн ойртуулахгүй, битүү хашаан дотор байсан бөгөөд өвсөө оросоос авчруулан иддэг эрх амьтад байв. Харин өнгөрсөн долоо хоногт очиход фермийнхээ зэргэлдээх тариан талбайд бэлчиж байлаа. Гэхдээ тэр хавь руу гадны хүн ойртож боломгүй торон хашаа татсан байв. Ферм дээр очвол тэжээлийн технологич Р.Батсүрэн угтаж авч байна. Гал тогоо руу дагуулж ороод шинэхэн уургаар дайллаа. “Үнээнүүд маань ойрд тугаллаж байна. Урьд шөнө л гэхэд бүл нэмсэн” гэв. Эндхийн хүмүүс хэрэгцээндээ зориулж үнээнийхээ сүүнээс авч үлддэг ажээ. Үүдний өрөөнд сүү хөөрүүлж өрөм загсаасан байв. Гал тогоонд ажиллаж буй хүмүүс “Монгол үнээний сүүг бодвол харьцангуй тослог ихтэй” гэж магтах ажээ.
Франц үнээнүүд Монголд ирэхдээ хээлтэй байжээ. Одоогоор хоёр дахь төлөө авч байгаа юм байна. Монголд идээшиж, дасан зохицох бүрэн боломжтой юм байна гэдгийг мэдсэн болохоор дараагийн 150 үнээгээ өнгөрсөн оны долдугаар сард оруулж иржээ. Ингээд нийт 300 саалийн үнээ, таван бухтай эрчимжсэн мал аж ахуйн фермийнхээ үйл ажиллагааг жигдрүүлжээ. Анх ирэхдээ хээлтэй байсан үнээнүүд үр төлөө өгч эхэлснээр өдгөө тугал, бяруутайгаа нийлсэн 620 толгой малтай болчихож. Зарим нь гурав дахь хээлээ тээж байгаа бөгөөд өвлөөс тугаллаж эхлэх юм байна. Тэгэхээр ирэх хавар гэхэд мянгаад үхэртэй болох төлөвтэй байгаа гэсэн. Түүгээр ч үл барам эхийнхээ гэдсэнд байхдаа Монголд ирсэн тугалууд ирэх хавраас үр төлөө өгч эхлэх юм байна. Тэр үед 400 үнээг тусад нь салгаад жижиг ферм байгуулах бөгөөд хэтдээ гуч, гучин үнээтэй фермтэй болохоор төлөвлөж байгаа юм байна.
“Монбелъярд” үүлдрийн үнээг оруулж ирэхдээ мах, сүүний чиглэлээр ашиглахыг зорьж байжээ. Одоогийн байдлаар зөвхөн сүүг нь сааж байгаа юм байна. Махны чиглэлээр ашиглая гэхээр анхны төлүүд нь одооноос л таваарын хэрэгцээний насанд хүрч байгаа буюу 18-24 сартай болж байгаа гэнэ. Ямар ч байсан монгол үхэртэй харьцуулахад жин ихтэй болохоор махны гарц сайн байх нь гарцаагүй. Гэхдээ одоогийн байдлаар үхрээ нядлан махны чиглэлээр ашиглах болоогүй байгаа юм байна. Нэгдүгээрт, яг ийм махны чиглэлийн үхрийг ялгаж чадах зах зээл хараахан хөгжөөгүй байгаа гэсэн. Учир нь өөх багатай, алагласан махтай махыг “Монбелъярд” үүлдрийнх мөн эсэхийг мэдэх хүн ховор. Тэгэхээр лангууны ард тавиад борлуулахаар махаа таньж авах хэрэглэгч одоохондоо байхгүй гэж болохоор гэнэ. Харин ганц нэг ресторанд туршилтын журмаар мах нийлүүлж буй ажээ. Цаашдаа махаа боловсруулж худалдаанд гаргах уу, үнээнийхээ сүүгээр тараг, бяслаг хийх үү зэрэг олон санаа байгаа бөгөөд одоогоор бизнесийн судалгааныхаа түвшинд явж байгаа юм байна. Харин Хөдөө, аж ахуйн яам болон зарим нэг хувь хүний захиалгаар тодорхой хэмжээний малыг засаатайгаар нь зарсан гэсэн. Ингэж зарах нь бусад үнээний фермийн нутгийн үүлдрийг сайжруулах зорилготой байсан бөгөөд шүдлэн насны 20 гаруй бух заржээ. Гэхдээ мэдээж хэрэг байнга зараад байхгүй. Сүргийн хэрэгцээ хангалттай гэж үзсэн тохиолдолд зардаг бөгөөд мал аж ахуй эрхэлдэг хүмүүс тун дуртай худалдан авдаг гэсэн. Эднийх нэг бухаа таван сая төгрөгөөр үнэлдэг болохоор дурын хүн худалдаж авах бүрэн боломжтой ажээ.
Франц үнээнүүд Монголд анх ирэхдээ тусгай бэлдмэл хэрэглэдэг, вакцинтай, эм тариатайгаа ирж байсан юм. Тэр үетэй харьцуулбал Монголын хөрсөнд хэдийнэ дасаад бараг л монгол үхэр болчихож. Нэмэлт эм тариа хэрэглээд байхгүй, элдэв витаминаар тордохгүй байсан ч алзахааргүй болсон байна. Бүр хүн ойртуулахгүй гээд тусгай хашаанд маллаж байсан бол өдгөө бэлчээрт гардаг болжээ. Саалийн үнээ, өсвөр насны малаа таримал бэлчээрт гаргадаг болсон гэнэ. Өглөө оройдоо л нэмэлт тэжээл өгчихөд болоод явчихдаг гэсэн. Хуучин 18 цагаас хойш “хоол” иддэггүй байсан бол өдгөө зуны цагийн хуваарийн дагуу тэжээлийг нь өгч байгаа ажээ. Тэр нь яадаг вэ гэхээр саалийн үнээнүүд өглөөний 07 цагт тэжээлтэй. Тэжээлээ идэж байхдаа саалгана. Дуусаад бэлчээртээ гарна. Өдөр 14 цагийн үед бэлчээрт нь очиж услаад орой 17 цагт буцаагаад байранд нь авчирдаг юм байна. Тэр үед олон төрлийн эрдэс бүхий тэжээл өгдөг ажээ. Тэжээлээ идсэнийх нь дараа усалж, хэсэг амрааж байгаад 19 цагт саадаг юм байна. Саалиа авчихаад дахиад бэлчээрт нь гаргачихна. Энэ мэтээр зуны хэдэн сарыг өнгөрөөж байгаа гэсэн. Гол анхаарах ёстой зүйл нь цаг гэж байв. Тэжээл, усыг нь яг тогтсон цагт л өгөхгүй бол сүүний гарцад шууд нөлөөлдөг гэсэн. 17 цагт тэжээл өгөх ёстой байхад арав, хорин минут хоцроход л хэдэн литр сүүний зөрүү гардаг. Олон үнээ сааж байгаа болохоор сүүний гарц илт анзаарагддаг гэж байлаа.
Үнээний сүүний гарц тугаллах бүрт улам нэмэгдэнэ. Анх гэдсэндээ хээлтэй ирж байсан үнээнүүд тугалласан хойноо өдөрт 20 гаруй литр сүү өгдөг байжээ. Хоёр дахь удаагаа тугалласнаас хойш сүүний гарц эрс нэмэгдсэн гэнэ. Хоёр дахиа тугалласан үнээ өдөрт дунджаар 30 гаруй литр сүү өгч байгаа юм байна. Энэ жишгээр тооцохоор жилдээ дөрвөн мянган литр сүү өгдөг үнээ бий. Анх удаа тугаллаж байгаа үнээнээс жилдээ хоёр, гурван мянган литр сүү саадаг ажээ. Ерөнхийдөө үнээний жилийн ашгийг тооцохдоо саалийн 305 хоногоор дүгнэдэг юм байна. Саахдаа автомат саалтуур хэрэглэнэ. Дөрвөн дэлэнгийн аль нэгийнх нь сүү түрүүлээд дууслаа гэхэд автоматаар мэдрэн саахаа зогсоодог гэнэ. Саасан сүүгээ “АПУ” ХК-д нийлүүлэх гэрээтэй ажээ. “АПУ”-гаас гаргаж байгаа “Сайн” нэрийн бүтээгдэхүүнийг эдний фермийн үнээний сүүгээр хийдэг юм байна. Сүү нь монгол үнээтэй харьцуулбал тослог ихтэй. Дунджаар 3.2-4.0 хувийн тослогтой байдаг гэнэ. Гэхдээ сүүний тослог ямархуу байх нь цаг агаартай шууд холбоотой. Зуны халуун өдрүүдэд сүүгээр гадагшлах ёстой хамаг тослог нь хөлсөөр гараад явчихдаг гэсэн. Харин өвөлдөө нэмэгдэнэ. Гэхдээ аль ч улиралд тослогийг нь тэнцвэржүүлэх үүднээс тусгай нэмэлт тэжээл ашигладаг юм билээ. Харин үнээгээ саахдаа тугалыг нь хөхүүлэхгүй. Дөнгөж төрсөн тугалыг эхээс нь салгаж аваад угжчихдаг юм байна. Ингэж эхээ хөхөх байгалийн зөн мэдрэмжийг нь салгахгүй бол бэлчээрт байх үедээ сүүгээ шавхчих гээд байдаг гэсэн. Бас төрснийх нь дараа хөхүүлчихээр эх үрийн холбоо тогтоод тугалаа л харахгүй бол ивлэхээ больчихдог ажээ. Тиймээс тугал нь эхийгээ хөхөж үзсэн тохиолдол цөөн гэв.
Франц үнээнүүд Монголд ирэхдээ гурван үеийн намтар бүхий бичиг баримттай иржээ. Түүн дээр нь нэр ус байхаас гадна төрсөн он сар байна. Цаашлаад бухны ээж, өөрийнх нь ээж, эмээгийн тухай тэмдэглэсэн байдаг гэнэ. Эмээ нь хэдэн тугал гаргаж байсан, жилийн сүүний гарц ямархуу байсан тухай дэлгэрэнгүй бичиж үлдээх учиртай. Эндээс тухайн үхрийн үүлдэр, гарал угсааны байдал мэдэгдэнэ. Зарах гэж байгаа тохиолдолд худалдан авагч дээрх бичиг баримтыг үзээд сайн удамтай эсэхийг нь мэдэх бүрэн боломжтой юм байна лээ.
“Хишигтэн нүүдэлчин” ХХК-ийнхан гурван малын эмч, нэг зоотехникчтэй ажилладаг юм байна. Бусад хүмүүс нь хөдөө аж ахуйн чиглэлээр сургууль төгссөн дээд боловсролтой. Нэг ээлжинд арав гаруй хүн ажилладаг бөгөөд өглөөнөөс үдэш хүртэл борви бохисхийлгүй ажилладаг гэсэн. Тэд “Манай үхэр их номхон, зөөлөн ааштай” гэж магтана. Анх ирэхдээ их л ажиллагаатай мэт санагдаж байсан бол өдгөө монгол арга барилд дасан зохицжээ. Үгүй ядаж л гадаа өвөлжүүлж сургаж байгаа гэсэн. Өнгөрсөн жил гэхэд хорио цээрийн саравч босгоод шүдлэн, бяруунуудаа байлгасан гэнэ. Харин саалийн үнээ болон нялх тугалуудаа битүү байранд байлгажээ. Гэхдээ ес эхлэхтэй зэрэгцээд байранд оруулсан бөгөөд хоёрдугаар сар дөнгөж өнгөрөөд саравч руу гаргажээ. Тэр үед бээрч янз бүр болоогүй бөгөөд монгол үхрээс дутуугүй тэсвэр тэвчээртэй гэдгээ харуулсан байна.
Харин анхаарах ёстой ганцхан зүйл байдаг нь бүлээн усаар услах ёстой аж. Хүйтэн ус өгч болох ч ходоодон дахь усаа бүлээсгэх гэж их энерги зарцуулдаг юм байна. Ингэж хэрэггүй зүйлд энергиэ зарцуулахаар сүүний гарц багасдаг ажээ. Бас нэг онцлог нь “Монбелъярд” үүлдрийн үнээний эврийг ургуулдаггүй. Энэ нь бас л хүйтэн цагт эвэр, туурайгаараа дулаан алддагтай холбоотой. Дулаан алдаад л байвал сүүгээ бага өгнө. Тэгэхээр аль болох тав тухтай байлгаж байж зохих нормын дагуу сүү саадаг юм байна. Харин зуны цагт хол явуулж болохгүй. Бэлчээр хол байх тусам явдалдаа энерги зарцуулах учраас аль болох ойрхон явуулдаг юм байна. Ерөнхийдөө амаар орсон бүхнийг сүү болгоно гэсэн зорилготой ажилладаг ажээ. Энэ нь эрчимжсэн мал аж ахуйн ерөнхий зарчим гэсэн. Хэрэв дээрх зүйлийг анхаарахгүй, энерги алдуулаад байвал сүүний гарц л муудаад монгол үнээнээс ялгаагүй болдог гэнэ лээ. Монгол үнээ хол явж бэлчдэг, бас хэт хүйтэнд энерги алдаад байдаг болохоор биеийн өсөлт бага, ашиг шим тааруу байдаг ажээ.
Бэлчээр дээр нь очиж франц үнээнүүдийг харлаа. Хоёр жилийн өмнө эхийнхээ гэдсэнд байсан бяруунууд лагс том биетэй болчихож. Харин өнгө үзэмжийн тухайд монгол үнээнээс ялгарахгүй “халтайчихсан” байна лээ. Өдгөө сүрэгт то-то то-то гэж дуудуулах үхэр байхгүй болжээ. Хивээд хэвтэж байхад нь хөж хөж гэвэл босоод явчихдаг болсон байна. Харин тэндхийн хүмүүс “Одоохондоо монгол үхэр шиг л болчихсон байгаа юм. Франц хүн ирвэл яадаг юм бол” гэлцэн хошигнож байв.