Засгийн газраас гурван талт хэлэлцээрээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс иргэдийн амьдрал өдрөөс өдөрт доройтож байна, орлого огт нэмэгдээгүй байхад цахилгаан, дулаан, сургалтын төлбөрүүд, хүнс, өргөн хэрэглээний бараа, бүх үйлчилгээний үнэ нэмэгдлээ хэмээн МҮЭХ-ноос мэдэгдлээ.
Ажлын байрны баталгааг хангах, иргэдийн орлогын үнэгүйдлээс сэргийлэх, цалин хөлсийг индексжүүлж, албан татварын хөнгөлөлт үзүүлэх гэсэн хэлэлцээрийн гол заалтууд амьдрал дээр биеллээ олохгүй байгааг шаардах жагсаал цуглаан ирэх Даваа гаригт зохион байгуулах болсноо сэтгүүлчдэд дуулгасан юм.
Хэвлэлийн бага хуралд МҮЭХ-ны Дэд Ерөнхийлөгч С.Эрдэнэбат, МҮЭХ-ны ЕНБД Г.Адъяа, МБШУҮЭХ-ны дарга Ж.Батзориг, МЭМАҮЭХ-ны дарга Б.Мягмар, МҮҮЭХ-ны дарга Б.Батчулуун нар оролцож, салбарын ҮЭ-ийн гишүүдэд тулгамдаж буй асуудлаар мэдээлэл өглөө.